Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрцгөөе!

Aдмин / Улстөр

УИХ-ын 9 дэх сонгууль. 1990 оноос хойш 34 жилийн дараа болж өнгөрлөө. 34 жил ардчилалд суралцаж, юу болохыг нь ойлгож, сайн ба мууг нь мэдэрцгээжээ. “Сайныг өсгөх, баталгаажуулах, мууг нь багасгаж, чадвал бүр устгах зорилготой” гэж аман дээрээ чанга дуугарсан 1341 хүн нэрээ дэвшүүлжээ. 19 нам, 2 эвсэл, 40 бие даагч (нийтдээ 61 субъект) 61 мөрийн хөтөлбөр боловсруулж тараалаа, сурталчиллаа. Сонгуулийн насны 2,2 сая иргэд тэр бүхэнтэй их, бага аль нэг хэмжээгээр танилцсан байх. Гэхдээ тэдний 800 мянга нь саналаа өгсөнгүй. 1,4 сая хүн л сонгуульд биечлэн оролцжээ.

Сонгуулийн дүн гарахад МАН-ын гишүүн 68 хүн, АН-ын гишүүн 42 хүн, ХҮН намын гишүүн 8 хүн, ИЗНН-ын эвслийн 4 хүн, Үндэсний эвслийн 4 хүн “ялалт” байгуулжээ. Тэднээс өөрийн нэр, нүүрээр (?) сонгогдсон нь 78 хүн, нам ба эвслийн нэр, нүүрээр сонгогдсон нь 48 хүн.

Намуудын тоо өсөхөд МАН таатай хандаж, заримд нь бүр улсын төсвөөс мөнгө өгөх хууль баталсан. Өмнөө элдэв тодотгол бүхий ардчилсан гэгдэх намууд олшрох нь юуны өмнө л МАН-д ашигтай. Тэд МАН-ын гол өрсөлдөгч нь болох АН-ын саналаас л зулгаацгаана шүү дээ. МАН-ын дэмжигчид “хэн болох нь тодорхойгүй жулдрай намуудыг дэмжихгүй нь тодорхой...” Татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө гэж амлаж байгаа нь нарийн яривал сайн зүйл ч биш л дээ... Сонголтын гадна үлдсэн (муугаар яривал гологдсон) 1215 эрхэм цаг, хүч, мөнгөө дэмий үрж, дээр нь аль нэг хэмжээгээр бухимдаж үлдлээ. Сонгууль бол “хатуу боорцог ажээ”. Магадгүй тэдний дунд хамгийн зөв нь, хамгийн хэрэгтэй, монгол төрийн жинхэнэ зүтгэлтэн болж чадах “ноёд, хатагтай” нар ч байсан байх. Хүмүүсийн ярих нь цааш цаашдаа намын жагсаалтын үнэ ханш тэнгэрт хадах гэнэ. Үнэн ч байх...

“40 шахам намын 30 нь нэгдээд, тойрог болгонд мандатын тоогоор хүнээ илгээгээд, дээр нь жагсаалтад 48 хүнээ зоочихсон бол УИХ-д суудалтай ч болох, бас төсвөөс мөнгө ч саах байлаа” хэмээн халаглах хүн ч тааралдлаа.

Сонгуулийн хуулийн сайныг нь ч, мөн мууг ч ашиглаж чадах менежер бэлтгэх курс, “политтехнолог” хэмээх мэргэжилтнийг гадаадад сургаж авч ирэх цаг болчихжээ гэх цэцэрхэл ч сонслоо. Бие даагч 40 хүнээс хэн ч сонгогдсонгүй. Ядаж ганц нь хэр хэмжээгээ зөв таньсангүй гэж үү? Дөчүүлээ л биеэ тоосон, биесээ ихэд бодсон хүмүүс байлаа гэж үү? “Эргээд бяц унаж үхэх үнээр нисэж үзсэн хүн” түүхэнд олон байжээ. Модны оройд үүр засаж өндөглөсөн шувууны дэгдээхэйн зарим нь нисээд буухдаа толгойгоороо газар мөргөж энддэг. Энэнтэй адилтгаж болохоор материалын хийгээд моралийн хохирол үзсэн хүн ч гарчээ. “Нисэх чадвараа, бас буух чадвараа” ойлгох, тооцох нь хүнд ч, бас амьтанд ч чухал ажээ. Аливаа амжилтад “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй нөхцөл” гэж байдаг юм шүү. Сонгогдож чадсан 126-ийн олонх нь тэрбумтнууд, их мөнгөтэй хүн нь өндөр боловсролтой, их туршлагатай, улс орноо өөд нь татах ухаан ба сэтгэлтэй нь үнэн бол энэ хүн шижир алт л даа. Харин зөвхөн л их шунал, мөнгө хийх арга, заль, нэмээд нэр төр хөөцөлдөгч бол, хувиа хичээгчдийн “тод магнай” бол тэр хүн нийгмийн хог юм.

Хэн нь, аль нь болохыг 4 жилийн эцэст харцгаая. Голчлон намын даргын саналаар жагсаалтад багтаад, зүв зүгээр сууж байгаад гишүүн болсон хүмүүс хэнд үнэнч байж, хэний ашиг сонирхлын төлөө зүтгэх болоо? Энэ тун сонин асуулт, 4 жилийн дараа үнэн нь тодрох үзэгдэл. Харж л байцгаая. Арай “дургүй бандид дарж байж сахил хүртээв” гэхийн адил үр дагавар гарахгүй байгаа? Төвөдийн ламын шашин хойд дүр тодруулдаг шиг намын дарга нар “гишүүн тодруулдаг” болж байна. Тэгсээр байгаад мундаг сайн гишүүний хойд дүр гэж тодруулах вий дээ. Иймэрхүү байдлаар “иргэд хүнээ сонгодог” эрх танагдан танагдсаар бүр алга болж ч мэдэх юм. Иргэн хүн өөрөө хүсэх, өрөө сонирхох, өөрийгөө бэлдэх, тухайн ажил үйлсийн туршлагатай, нэр хүндийг олсон, тодорхой зорилго өмнөө тавьсан гэхчлэн зүтгэж, тэмцэж байж гишүүн, улс төрч, төрийн зүтгэлтэн болдог байвал зүгээр сэн. УИХ-ын гишүүн бол шагнал, бэлэг, жүжиг үзэх билет биш шүү дээ... Зөвхөн л өөрөө баяжиж чаддаг, өөртөө л ашиг олдог овсгоотон энд хэрэггүй. Намдаа л үнэнч, намын даргын дохио, зангаагаар л гар өргөдөг хүн ч энд хэрэггүй. Юуны өмнө эх оронч, иргэнлэг, хүмүүнлэг, шударга, нийтийн төлөө цохилдог зүрхтэй, зөв сэтгэлтэй хүн хэрэгтэй. Ард түмнээ аюулгүй байлгах, эрүүл байлгах, хангалуун чинээлэг байлгахын төлөө төр, засаг хичээх ёстой. Гишүүн нэг бүр энэ гурван зорилгод үйлчлэх учиртай. Жагсаалтаар орсон 48 хүнд ийм чанар, зорилго, сэтгэл бий юу? Тэднийг ард түмэн шууд томилоогүй, сонгоогүй, нэг бүрчлэн авч хэлэлцээгүй. Ихэнхийг нь таних ч үгүй...

Сонгогчдын шүүлтүүрээр орсон 78, намуудын удирдлагаар шилэгдсэн 48, цоохор команд (126 хүн) гэсэн үг! 48-ыг нам намд итгэж болсон юм, 78-ыг нь мөн нам намд итгэвэл яасан юм бэ? Мөн ч их хөрөнгө, мөнгө хэмнэгдэнэ шүү дээ. Тэр мөнгөөр хэдэн эмнэлэг, хэдэн сургууль, хэдэн цэцэрлэг барьсан бол тун ч хэрэгтэй байсан даа. Намуудаас томилсон хүмүүст ард түмэн хяналт, онцын хатуу хяналт тавихад л болчих мэт.

Яагаад заавал цоохор команд, сонгогдсон, шилэгдсэн гэх ялгаа, иргэдийн төлөөлөл+намуудын төлөөлөл гэж? Дүр эсгэсэн ардчилал мөн л дүр эсгэсэн сонгуулийг төрүүлдэг юм байна. Хот, хөдөөгүй л “мөнгө тараасан шүү дээ” гэцгээх ажээ. Тэгж болохгүй биз дээ? гэхэд минь “байнга л тараадаг, чи л мэддэггүй юм байна” гэж ам таглах болов. Энэ удаад ч өрсөлдөөд л нууцаар тараасан бололтой... Байгалийн гамшгийг давагдашгүй хүчин зүйл гэдэг дээ. Гэтэл өнөөдөр Монголд их мөнгө бас давагдашгүй хүчин зүйл болчихлоо гэж үү? Энэ үнэн бол, мөн энд гаднын гар хөл оролцдог юм бол Монголын маань тусгаар тогтнол мөн ч эмзэг байна даа? “Барууныхны гар хөл, Умрынхны гар хөл, Өмнөдийнхний гар хөл, Дорнынхны гар хөл” энэ XXI зуунд түүх болон үлдэх ёстой. Нэг үеэ бодоход Монголчууд бид чинь улс төрийн өндөр ухамсар, нарийн мэдрэмжтэй болсон шүү дээ. Олонх маань юм үзэж, нүд ч тайллаа. Эх орны үнэ цэнэ, учир утгыг тархи, нугасандаа хүртэл шингээж ойлгосон баймаар даа! Олон намын (40 шахам) ашиг нь юу юм бэ?

Энэ удаад ашиг гарсан уу? Намын тоо олшрох нь лав л Монголд маань огт зохихгүй бололтой. Намуудын хөтөлбөрийг унших, мэдэх нь бүү хэл нэрийг нь ч тогтоосон хүн алга. Гишүүд нь л намынхаа нэрийг мэддэг байх. Сонирхоод 10 хүнээс асууж үзлээ. Дээд тал нь 4-5 намыг нэрлэж чадаж байлаа. Ихэнх улс орон тун цөөхөн намтай байдаг нь “нийгмийн шалгарал”, “аргагүйн эрх” бололтой. Энэ хууль шахуу үнэнд Монголчууд ч захирагдах биз ээ. Эртхэн л бол зүгээр дээ. Өчигдөрхөн нэг зохиолч (эртний танил) надтай тааралдаад “Энэ намууд хандив нэрээр ихээхэн авлига авдаг, Их Хурлын гишүүн болсон хэд нь авч болох бүхнийг ил, далд авдаг, гэтэл дээрээс нь нэмээд татвар төлөгчдийн мөнгөнөөс намуудад жил бүр их хэмжээний мөнгө өгдөг болчихжээ. Тэд яахаараа ядуусаас, хүүхдүүдээс, эхчүүдээс, хөгшдөөс илүү халамж хүртдэг билээ?” хэмээн асуугаад (илт дургүйцсэн байдалтай) ярвайлаа. Би юу хэлэхээ ч мэдсэнгүй, ярианы сэдвээ л өөрчилсөн юм.

Гологдож, гомдож үлдсэн 1215 хүний дунд миний танилууд ч байна. Тэдний заримтай ярилцлаа. 40 бие даагч дунд ч танил бас байна аа Тэдэнтэй ч бас уулзлаа. Мөнгө тараагаагүй тойрог, энэ бохир аргыг хэрэглээгүй нам байхгүй гэцгээж байх юм. Тэр их мөнгөний эзэд нь хэн бэ? Нам нь уу, нэр дэвшигч өөрөө юу? Эсвээс тэдний ард өөр хүн, хүч байна уу? гэж асуухаар тэд мэдэхгүй байна гэцгээж байв.

Үнэхээр мөнгө тараасан юм бол тэр их мөнгөний эзэн нь хэн бэ? Хардлага, сэрдлэг юм бол, эсвээс “унасан бөхөд шалтаг олон” гэхийн үлгэр юм бол ингэж хэлж буй хүмүүс хэн бэ? Яагаад тэд ингэж үзэх, хэлэх болов оо? Аль эсвэл “их мөнгө л байвал Монголд юуг ч хийж, юуг ч хэлж, бүр шүүгчдийг ч худалдан авч болно” гэх үг үнэн, өнөөдрийн, нийгмийн маань бодит байдал болчихоо юу? “Эрх барьж, барилцаж ирсэн хоёр нам булхай, хулгай, луйвраар мэргэжсэн ахмадуудаасаа аль нэгэн хэмжээгээр саллаа. Энэ л ганц дэвшил, ололт мөн” гэж найз судлаач маань ихэд олзуурхаж байх юм. Тэгээд 20 шахам хүнийг нэрлэлээ. Тэдний чинь нэр, нөлөө нь, залгамжлагчид, төлөөний хүмүүс нь нам намдаа байж л байгаа шүү дээ гэсэн чинь “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” гэдэг л дээ, гэхдээ залуу удирдагчид тэр нөлөөнөөс чинь гарч чадна гэж итгэлтэй нь аргагүй хэлж байв. Товчхон хэлэх өөр нэг зүйл байна: “Төр засгийн байгууллагууд зөвхөн л хуульд заасны дагуу л үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, эрхтэй.

Харин иргэн хүн бол хуулиар хориглоогүй л бол юуг ч хийх, хэлэх эрхтэй”. Энэ бол дэлхий нийтээр мөрддөг Хууль, Эрхзүйн тулгуур зарчим. Ингэхлээр манай үндсэн хуульд УИХ-д олонх болсон нам л засгийн газрыг байгуулах үүрэгтэй. Олонх болсон нам бусадтай эвсэж болно, болохгүй гэх талаар заалт бүү хэл үг, үсэг ч байхгүй. Олонх болсон нам эвслийн засгийн газар байгуулбал үндсэн хууль зөрчиж буй нь тэр. Энэ талаарх заалтад тайлбар хийх эрх УИХ-д ч, Ерөнхий сайдад ч олгогдоогүй. МАНАН гэх бохир түүх, сөрөг үзэгдлийг давтах нь тун олон талаар хортой. Эхнээсээ л хардлагад өртөнө. Явцдаа ч олон сөрөг үг, үнэлгээг дагуулна. Эцэстээ МАНАН-2 гэгдэж түүхэнд үлдэнэ. Энэ хар мөр, үхдэлийн сүүдрээс хол байсан нь дээр... Байгаль, цаг уурын бэрхшээл, аюулын давтамж олширч, хүч нь ихэссэн, хойд, урд, баруун, зүүнчээ зөрчил, тэмцэл хурцадсан, хүн амын ядуурлын түвшин, хэмжээ өссөн, хүүхэд болон хөгшдийн эрүүл мэндэд илүү их анхаарал, хөрөнгө мөнгө шаардагдах болсон өнөөгийн нөхцөлд төр, засгийн төсөв зардлыг нэмэх чигт өөрчлөлт оруулах нь яаж ч бодсон буруу шийдэл. Төр, засгийн зардлыг хэмнэх, бууруулахад анхаарах цаг, нөхцөл ирчхээд байна. Энэ байдлыг тооцож засаг, төр ажиллах ёстой. Хүн ам, иргэд хот, хөдөөгүй энэ шаардлагыг мэдэрч, ойлгож байгаа. Эсрэг нь хөдлөх аваас ард түмний итгэл алдарч элдэв хэлбэрийн тэмцэл өрнөх магадлал өндөр авсаар байна. Намууд, эвслүүдэд найр тавих арга, замаар ард түмэнд хор хүргэж, хохирол учруулж яав ч болохгүй.

УИХ-ын гишүүдийн 64 хувь нь шинээр сонгогдсон хүмүүс, 36 хувь нь хууччуул байгаа нь чамлахааргүй салхи орсныг харуулж байна. Гэхдээ хуралдааны дэгд орсон өөрчлөлтүүд нь намын гэх, хууччуулын гэх, бүлгийн гэх санал, хандлага, үнэлэмжид илүү их түшиглэх тал руугаа хазайжээ. Шинэ, залуу гишүүдийн үг, санал нэг хэсэгдээ л ихэд “хавчигдмал” байх нь тодорхой.

Шинэ 81 гишүүд онолын мэдлэг, урд өмнөх хуулиудын мэдлэг, Монголын өнөөдрийн амьдралын олон талын бодит байдлын мэдлэг, маргаашийг төсөөлөх, олж харах чадвар лав л эхний 2 жилдээ дутагдана. Тэд идэвхтэй суралцахгүй бол хэнд ч танигдахгүйгээр “албаа” хаагаад дуусгах байх. Намуудын жагсаалтад ихэнх судлаачид сэтгэл ханамжгүй байсан даа... Гишүүдийн 25 хувь буюу 32 нь эмэгтэй. Тэд ч гэсэн тоо, чанарын байдлаа харуулж идэвхтэй ажиллах ёстой. Гишүүдийн дөрвөний нэг бол том хүч. Эх, нялхас, өрх толгойлсон эхчүүд, нийт эмэгтэйчүүд, мал аж ахуйд ажиллаж буй эмэгтэйчүүд, залуу гэр бүлийн аж байдал, орон сууцны метр квадратын үнэ, эм, эмнэлгийн асуудал гээд орхигдсон, цалгардсан зүйл овоорчхоод л байгаа шүү дээ. Муу, сөрөг зүйлд уруу татагдах шинж эхчүүдэд бага байдаг болохоор тэд албаа зөв зохистой, ард олонд өгөөжтэй хаачих байх. Монгол ээж дэлхийд дээд нь юм шүү! Намуудын бүлэг томорсны нөлөө яаж илрэх, гарах болоо? Шинэ гишүүдийн дотор олонд танигдсан нь, амьдрал ба тэмцлийн туршлагатай нь хэд гуравхан. Шинэковуудын олонх нь хэн болж төлөвших болоо? Сайны хүчийг зузаалах болов уу? Саар бүхнийг, сөрөг бүхнийг үйлдэл, эс үйлдлээрээ дэмжих, өргөтгөх болов уу?

Дахин сонгогдсон, хуучин 45 гишүүн шинэ гишүүдэд ямар үлгэр, дуурайл үзүүлэх болоо? Муугийн нөлөө, халдвар заримдаа цар тахал мэт тардаг жишээ, баримт олон шүү дээ... Шинэ гишүүдийн дархлаа сайн, “вакцинд” хамрагдсан л байдаг байгаа даа? “Муугийн уршиг олонд” гэх үг үнэн билээ…

Хууччуулаас бүрдэх (45 хүн, 36%) хүч хаашаа голлон чиглэх бол, шинэковчуудын (81 хүн, 64%) үзэл санаа, үйлдэл хэн болж төлөвшсөнийг нь харуулах, нотлох бол гэсэн хүлээлт үлдлээ. Хэд хэдэн төвлөрсөн сангийн мөнгийг тэгшхэндүү хуваагаад авцгаачихсан бохир жишээ, баримт бэлхнээ! Хуучин, шинэ аль аль тал нь хэн хэндээ л сайн нөлөө үзүүлж хамтдаа, бүхлээрээ энэ жижигхэн нийгмээ өөд нь татаасай билээ! Олонх болсон атлаа эвслийн засгийн газар байгуулах гээд байгаагийн цаана юу нуугдаж байна, ямар айдас болгоомжлол, ашиг сонирхол байна вэ? Сонгогч бүр шахам л ингэж асууна, өнгөрсний жишээ, баримтыг сөхнө. Ингээд л элдэв таамаглал, гуйвуулга, шүүмж, бүр зэмлэл, хардалт ундарна. Эвссэн дорхноо айгаад байгаа ерөнхий сайдаа, намын даргаа соль гэж ч шаардана. Эхнээсээ л шантарсан хүн хол явахгүй, яана даа гэж сэтгэл хоёрдох нь ч өргөн ажиглагдаж байна.

Сөрөг хүчингүй, шүүмжлэгчгүй, хяналтгүй байх нь буруу гэж хэн ч хэлнэ. Сөрөг хүчинтэйгээ нэгдээд, сэтгүүлчдийг худалдаж аваад зоргоороо загнах, идэх, уух боломжтойг хэн хэмээгч “политехнолог” зөвлөөд байна вэ? гэж эрцгээх ч байх. Гол нь үндсэн хууль зөрчөөд хэрэггүй л дээ.

Тэнд олонх болсон нам сөрөг хүчинтэйгээ эвсэн засгийн газар байгуулж болно гэсэн заалт, үг, үсэг ч байхгүй. Ийм заалт нэмж болно л доо. Гэхдээ үүнийгээ эхлээд хийх учиртай. Ийм заалт нэмээд батлуулж чадахгүй л болов уу? Бүгд л, бүх сонгогчид ч эсэргүүцэх, жагсах, ихээхэн доргих, бүр буцлах байх даа... Айгаад, болгоомжлоод, хаяагаа манаад, нөхөр хамтрагч эрээд, “Уул үзээгүй байж хормой шуугаад, ус үзээгүй байж гутлаа тайлаад” буй нь юуны илрэл, хаялга, зөгнөл, түгшүүр юм болоо? “Эрхзүйт төр, засагтай болно, хуульд захирагддаг нийгэм байгуулна” гэчхээд Үндсэн хуульд нийцэхгүй засгийн газар (эвслийн) буй болгохоор зүтгэх нь хууль, эрхзүйн соёл дутсаных юм болов уу?

Судлаач, профессор Д. Чулуунжав


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2024-07-09 17:58:24

эвсэж ЗГ-байгуулна гэдэг нь МАН - мөрийн хөтөлбөрөө маш тааруу биелүүлсэн өнгөрсөн 8 жилээ давтах мөн 2028 оны сонгуулийн дараа дахин олонхи болж мөнхийн засаглах замаа засаж байгаа юм . улс оронд хөгжил дэвшил биш харин аль ч намынх нь хамаагүй дарга анги нь аятай тавтай ,эрх мэдэлтэй оршин байх л хамгийн чухал нь байна .

Санаа [103.212.118.94] 2024-07-08 12:12:00

Баярлалаа. Гүйлгэж таараад уншлаа. Монгол төр замбараагүйтгэлийн 34 жилээ үдээд шинэ 30 жилээ эхлэж байна гэх. Үндсэн хуулиа өөрчлөх бүрдээ Монгол буруудна, уруудна. Анхны долоон өөрчлөлт дордуулсан. Сүүлийн өөрчлөлтөөр Нам гишүүн сонгодог онцгой эрх авсан. Ард түмний эрх нэг хүнийх болсон гэхлээр мөн хэцүүеэ. Та ч хэлсэн нэг зүйл бол монгол хэрсүүжин бие даагч нэр дэвшигчид санал өгөөгүй. Бас дэвшил. Замбараагүйдлийн нэг илрэл нь хүнээ хүндлэх, дээдлэх нь дордож байна. Ингээд бодохлоор Шаггүй хэцүү ЗГ ажиллаж эхэллээ. Эхний алхам нь эвслийн Засгийн газар болох нь. Энэ хуульгүйбайх нь хэцүү еэ. Танаас имй сайн үгүүллийг хүлээх байна.

Арчаагүй ба дорой шийдэл. [66.181.160.107] 2024-07-08 11:52:12

Ямар Монгол Улс нь иргэний дайнд автагдачихсан биш ш дээ. Олонх авчихсан нам нь цөөнх авсан хүчинтэй эвсээд байхдаа яадаг юмб? Ийм шийдэл ардчилсан орнуудад БАЙХГҮЙ. Ганцхан Монголд л байх юм. МАН нь өөдгүй ба хаяагаа манаж, 2028 оны дараагийн сонгууль болоход алдаа, буруугаа МоАН-тай ХАМТДАА хуваалцаж үүрнэ гэсэн шаал арчаагүй бодлого юм.

Зочин [66.181.177.245] 2024-07-08 11:29:23

AN-d bi itgedeggui. MAN-d bol ter tusmaa. Gehdee MAN-n huchiig tentsverjuulegch huchtei surug huchin bolno gej mash ih naidsan. Daanch 2laa niilj nohoin zamaar oroh bolj baih shiv dee

зочин [202.9.46.198] 2024-07-08 10:44:38

ухуулагчаар ажиллах хугацаанд сонгогчдын боловсрол үнэхээр алга зөвхан л мөнгө харсан хүмүүс болсон баигаа нь улс орны тусгаар тогтнол аихтар эмзэг болж дээ гэж харамсаж баилаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.