Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ

Д.Тулга / Боловсрол

Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ.

Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.

Харин У.Батцоожийн хувьд зүүдний мэт атлаа сэтгэлд ойр, энгийн боловч ер бусын хотын амьдралыг харуулсан бүтээлүүд туурвижээ. Тэрбээр Улаанбаатар хотын гадаад дүр төрхөөс илүү түүний дотоод мөн чанар, оршихуйг илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэсэн нь үзэгчдэд параллель ертөнцөд нэвтэрч буй мэт мэдрэмж төрүүлэх аж. Мөн хотын өдөр тутмын амьдралыг хөндлөнгөөс ажиглан Улаанбаатарын гүнд нуугдсан ер бусын гоо сайхныг илэрхийлэхийг зорьсон байна. Түүний бүтээлүүд зүүд ба бодит амьдралын хил хязгаарыг бүдгэрүүлж, эдгээр хоёр ертөнцийн заагт орших мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэх болно.

“Завсрын ертөнц” үзэсгэлэн 2024 оны 10-р сарын 31-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ХААН галерейд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд далд ертөнцийн заагт нэвтрэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Та урлаг сонирхдог бол үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийгөө танин мэдэх, амьдралын утга учрыг эргэцүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таныг завсрын ертөнцөд морилон саатахыг хүсье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.