Нүүрсний экспорт 78.5 сая тоннд хүрэв
Гаалийн байгууллагын мэдээгээр энэ оны эхний 11 сард нүүрсний экспортын орлого 8,181.5 сая ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 250.0 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болж байна.
Манай улс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20.9 мянган тонн нүүрс экспортолсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 78,519.7 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Манай улс энэ онд нийт 78 сая, ирэх жил 83 сая тонн нүүрс тус тус экспортлох зорилт дэвшүүлж, 2024 оны төлөвлөгөө давж биелээд байна. Ингэснээр түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давлаа.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2024 оны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн тайлангаар манай улс гадаад зах зээлд 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 34.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 33 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын:
- 60.4 хувийг нүүрс олборлолтын салбар,
- 35.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар,
- 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар,
- 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2024 оны 11 дүгээр сард 256.8 болж, өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар буурчээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 3.8 (11.4 хувиар) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.9 (9.9 хувь) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 1.9 (15.8 хувь) их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 82.6 (19.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Батаа [59.153.113.151] 2024-12-24 21:21:46
Олборолт өсөөд байдаг бидэнд ирдэг ноогдол ашиг буураад байдаг юу гэж ойлгох вэ