Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ

Д.Тулга / Улстөр

Др. Л. Мөнх-Эрдэнэ/1/ МУИС-ийн профессор

Саяхан болж өнгөрсөн Бүгд Найрамдах Улс тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд Монголын төрийн эрх баригчдын хэлсэн үгс, баяр ёслолын арга хэмжээг хараад тэртээ 1998 онд МАХН-ын Судалгаа, сургалтын Прогноз төв, МУИС-ийн Түүхийн тэнхим хамтран зохионбайгуулсан хурал дээр тавьж, улмаар 1999 онд XX зууны Монголын түүхийн зарим асуудал хэмээх эмхэтгэлдхэвлэгдсэн “Монгол дахь улаан хувьсгал (Бүгд найрамдахулс тунхаглаж Анхдугаар үндсэн хуулийг баталсан түүхэнүйл явц, нийгэм, төрийн байгууллын өөрчлөлт, үрдагавар)” илтгэлээ уншигчдад дахин хүргэе гэсэн бодолтөрсөн билээ.

Тухайн үед уг илтгэлийг тавихад хуралд сууж байсан МАХН-ын гишүүн олон ахмад хүмүүс ихэд цочирдож, дургүйцэж, манай нам, засгийн түүхийг үгүйсгэлээ хэмээн буруушаасан боловч Түүхийн тэнхимийн эрхлэгч Профессор Ж. Болдбаатар уг илтгэлийг хамгаалан ширүүхэн үг хэлсэн бөгөөд, Прогноз Төвийн захирал А. Цанжид эрхэлсэн эмхэтгэлдээ хэвлүүлсэн юм.

Харамсалтай нь 26 жилийн дараа байдал улам бүрдордсон төдийгүй 1990-ээд оноос өмнө түүх судлалд оршиж байсан намч зарчим шинэ өнгө аяс, логиктойсэргэсэн байх юм. Хэрвээ 26 жилийн тэртээх хүмүүс үнэнийг мэддэггүй байсны улмаас түүх гэж итгэжүнэмшиж ирсэн үлгэрийг нь нураасан зүйлтэй тулгараадцочирдож, дургүйцэж байсан бол эдүгээгийн МАН-ын эрхбаригчид үнэнийг мэдсээр байж мэлзэн буруушаах нь илэрхий мэт.

Тиймээс тэмдэглэн өнгөрүүлж буй баяр ёслол, тогтоосон үндсэн хууль, хуралдсан улсын их хурал, болсон үйл явдал, ба уламжлагдан үлдсэн дэглэмийн утга учрыг тодруулахын зэрэгцээ, тэдгээр нь Монгол улсын өнгөрсөн, одоо, ирээдүй болон Монголын ард түмний эрх, эрх чөлөөнд ямар учир холбогдолтой болохыг тодрууллаа. Уг нь эл тодруулгаар аль болох “Монгол дахь улаан хувьсгал”-д тусгайлан авч үзээгүй болон орхигдсон зүйлсийг авч үзэхийг зорьсон боловч нэгэнт авч үзэж буйзүйл, өрнөсөн түүхэн үйл явдал нэг учир давтах, давхардах зүйл гарах нь зайлшгүй мэт. Гэхдээ “улаан хувьсгал” зөвхөн түүхэн үйл явдалд хандсан бол “улаандэглэм” илүү бидний эдүгээд чиглэгдсэн болно.

Улааны баяр

МАН-ын эрх баригчид “анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баяраа” тэмдэглэн, Монгол улсын Ерөнхийлөгч “100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан” хэмээн 2024 оны 11-р сарын 26-ныг “үндэсний их бахархлын өдөр мөн” хэмээнтунхаглав /2/.

Мөн “Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал” гэж ч зарлав.

“Анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан” гэж мэдэгдэв /3/. Тухайлбал, “Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд … Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон” гэх төдийгүй бүр “Aнхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т. Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д. Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг” гэж зарлан тунхаглав.

Харамсалтай нь Монгол улсын Ерөнхийлөгчийн эдгээр мэдэгдэл бүгд худал. Нэгдүгээрт, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх байдлыг баталгаажуулсан бус эсрэгээр уг үйл явдал нь Монголд улаан Оросын буюу Зөвлөлтийн дагуул улаан дэглэмийг улаан Оросын өөрийнх нь зөвлөлт буюу зөвлөлийн (совет) засаглалын хэлбэрээр буюу Монголоор хурлын засаглалын хэлбэрээр тогтоож Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн юм.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан биш эсрэгээр “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэж “жинхэнэ ард” хэмээх ангийг зохиож, “улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн” гээд хэрэг пролетарийн диктатур хэмээх улааны дэглэмийгтогтоосон юм. Жинхэнэ ард нэрээр төрийн эрх мэдлийг Монголын эрх баригчдаас булаан авч, тэдний оронд учир мэдэхгүй хөдөөгийн, залуусыг хүүхэлдэй болгон тавих замаар улаантнууд Монголын засаглах болсон юм.

“Жинхэнэ ардын ёсны” гэдэг нь пролетарийн ёсны,“шинэ ёсны Бүгд Найрамдах Улс” гэдгийн шинэ ёс нь пролетарийн ёс бөгөөд тиймээс пролетарийн бүгд найрамдах улс буюу пролетарийн диктатур гэсэн үг юм. Улааны бүх дэглэмүүд бүгд найрамдах хэлбэртэй байсан бөгөөд гэхдээ зөвлөлт (совет) бүгд найрамдах улс буюу советская республика байсан нь шинэ ёсны бүгд найрамдах улс байсан юм /4/. Жинхэнэ ард гэдэг нь ерөнхий утгаар хүн ч биш, тэр байтугай ард түмэн ч биш. Тэр нь онолын хувьд пролетари нар бөгөөд уг хуульд тунхагласнаар бол зөвхөн “Нэг. Өөр хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид, Хоёр. Ардын хувьсгалт цэрэг” /5/ л байсан бөгөөд өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид гэдэг нь хөлсний ажилчид, гэрийн аж ахуй эрхлэгчид л гэсэн үг. Чухам пролетарийн диктатур тогтоосон учир “Нэг. Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид, Хоёр. Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид;Гурав. Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар; … Тав. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж, зарга шүүх газраас ял шийтгэгдэгсэд”-ийн эрхийг хасаж, эрх, эрх чөлөөгүй болгосон юм /6/. Тиймээс жинхэнэ ардын эрх, эрх чөлөө гэдэг нь пролетарийн диктатурын эрх, эрх чөлөө л гэсэн үг. Хэрэг дээрээ жинхэнэ ард нэрээр төрийн эрх мэдлийг Монголын эрх баригчдаас булаан авч, тэдний оронд учир мэдэхгүй хөдөөгийн, залуусыг хүүхэлдэй болгон тавих замаар улааны дэглэм Монголын засаглах болсон юм.

Гуравдугаарт, “Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан”гэдэг мэдэгдэл худал төдийгүй, хууран мэхлэлт. Тухайлбал, үндсэн хуулийг 1) Намнансүрэнгийн төсөлд/7/ тулгуурласан зүйл огт үгүй, 2) Бодоо /8/, Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзсэн зүйл огт байхгүй. 3) мөн “өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр”-ээс авсан зүйл ч огт байхгүй. Мөн “тухайн үеийн хувьсгалын удирдагчид”гэдэгт Монголын эрх баригчдыг ойлгож буй бол тэдний манлайлал дор боловсруулсан зүйл ч үгүй. Бүгд оргүй худал.

Бүрэн дүүрэн Зөвлөлтийн, Коминтерны бодлогын үр дүн байсан бөгөөд Үндсэн хууль нь бүхэлдээ төдийгүй, зүйл бүр нь Зөвлөлтийн үндсэн хуулиудын орчуулга, Монголчилсон хуулбар байсан юм. Уг Үндсэн хуулийн эцэг нь Коминтерны төлөөлөгч Турар Рыскулович Рыскулов байсан бол, эх сурвалж нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын (ЗСБНХОУ/РСФСР) 1918 оны, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (ЗСБНХУ/СССР) 1924 оны, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын (АДБНУ/ДВР) 1921 оны Үндсэн хууль тус тус байсан юм. Рыскулов удирдан зааварлаж, Всевятский техник ажлыг хийж, Ринчино, Гомбобадамжав хоёр Монгол хэлэнд буулгасан нь ойлгомжтой. Комисс бүрэн дүүрэн Рыскуловын комисс байсан бөгөөд Цэрэндорж зөвхөн Монголчуудад зориулсан нүүр царай төдий л байсан юм.

Эмгэнэлтэй нь энэ өдөр баярлах, бахархах бус зүй нь гашуудах, эмгэнэх ёстой өдөр! Хэрвээ ялалт, амжилт, ололт, дэвшлээр баярлаж, бахархдаг, ялагдал, сүйрэл, алдагдал, ухралтад хорсож, гашуудаж, эмгэнэдэг, ялангуяа өөрийн талын, энэ тохиолдолд, Монголын ялалт, амжилт, ололт, дэвшлээр баярлаж, бахархаж, Монголын ялагдал, сүйрэл, алдагдал, ухралтад хорсож, гашуудаж, эмгэнэх ёстой бол 11-р сарын 26 хорсол, гашуудал, эмгэнэлийн өдөр байх ёстой. Учир нь энэ өдөр Монголчууд сөхөрч улаан Орос, Коминтерн өөрсдийн дарангуйллын дэглэмээ Монголд тогтоосон юм.

Эдүгээгийн Монголчуудын болон Монголын эрх баригчдын баярлаж, бахархаад буй эрхэм зүйлсийнх нь эсрэг төдийгүй хамгийн гол нь уг үйл явдал, тогтоосон хууль нь тухайн үеийн Монголын эрх баригчдын эрхэмлэж, эрмэлзэж, төлөвлөж байсан зүйлсийг нь зорилготой эвдэн сүйтгэж, таслан зогсоож, үгүйсгэсэн юм. Мөн улаантнууд Монголын эрх баригчдын заримыг нь буудан хороож, заримыг нь айлган сүрдүүлж, заримыг нь дарамтлан заналхийлэхийн хамт тусгайлан хөдөөгийн учир үл мэдэх “доодсыг татан оролцуулах” (“вовлечения низовых масс”) замаар үйл хэргээ гүйцэлдүүлсэн байна/9/.

Батлагдсан Үндсэн хууль, тогтоосон төрийн байгуулал, улстөрийн дэглэм, нийгмийн байгуулал нь тухайн үеийн Монголын эрх баригчдын хүсэж, бодож, төлөвлөж байсан зүйлс огт биш төдийгүй дэвшил биш ухралт байсан юм. Хааны эрхийг хэмжээлсэн либерал үндсэн хуульт байгууллаас пролетарийн диктатурт шилжих дэвшил биш ухралт. Монгол хүн бүр эрх, эрх чөлөөтэй байх ёсноос зөвхөн жинхэнэ ард хэмээгчид эрхтэй үлдэх төдийгүй бусдыгаа дарангуйлах эрхтэй болохын хамт бусдыг нь эрх, эрх чөлөөгүй болгох дэвшил биш гүн гүнзгий ухралт. Тусгаар улсад хүсэл зоригийнх нь эсрэг харийн дэглэм тогтоож харийн дагуул орон болгон хуульчлах дэвшил биш, ухралт. Энэ бүхэн нь Монголын хувьд ялалт биш гүн гүнзгий, гашуун ялагдал байсан юм. Харин улаан Орос, Коминтерн тэдний бодлогыг хэрэгжүүлэгчдийн хувьд асар том ялалт байсан нь ойлгомжтой. Тиймээс энэ үйл явдлыг улаантнууд, Коминтерн баяр, бахархал болгон тэмдэглэх учиртай бөгөөд тийм ч учир тэдний тогтоосон дагуул улаан дэглэм баярлан тэмдэглэдэг байсан юм.

Улааны Үндсэн хууль

Бүтцийн хувьд 1924 оны Рыскуловын Үндсэн хууль нь үндсэндээ ЗСБНХОУ-ын 1918 оны Үндсэн хуулийн хуулбар /10/. 1918 оны Үндсэн хууль нь 1. Декларация прав трудящегося и эксплуатируемого народа (Мөлжигдсөн ба хөдөлмөрчин ардын эрхийн тунхаг), 2. Общие положения конституций Российской Социалистической Федеративной Советский Республики (ЗСБНХОУ-ын Үндсэн хуулийн үндсэн байдал), 3. Конструкция Советской Власти (Зөвлөлийн засгийн байгуулалт), 4. Активное и пассивное избирательное право (Сонгох ба сонгогдох сонгуулийн эрх), 5. Бюджетное право (Төсвийн эрх), 6. О гербе и флаге Российской Социалистической Федеративной Советской Республики (ЗСБНХОУ-ын сүлд, туг далбааны тухай) гэсэн 6 хэсэгтэй (раздел) бол Рыскуловын Үндсэн хууль 1. Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь, 2. Улсын дээд эрх барих газрын тухай, 3. Нутгийн захиргааны тухай, 4. Сонгох, сонгогдох эрхийн тухай, 5. Улсын орлого, зарлагын эрхийн тухай, 6. Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай гэсэн бүтэцтэй. Тиймээс Рыскулов Үндсэн хуульдаа 1918 оны Үндсэн хуулийн бүтцийг авсан байна.

Гэхдээ Рыскуловын хуулийн 1-р бүлэг нь 1918 оны Үндсэн хуулийн 1 ба 2 дугаар хэсгийн заалтуудаас бүрдэх ба зөвхөн 3-р зүйлийн 4-ийн гадаад худалдааны монопол, 5-ын ардын хувьсгалт цэрэг, 11-ийн угсаа, шашин, хүйсээр үл ялгаварлах, 13-ын язгууртнууд болон хутагт хувилгаадын эрхийг халсан заалтуудыг АДБНУ-ын 1921 оны Үндсэн хуулийн 155, 165, 11-р зүйлүүдээс (статья)авсан байна /11/. Харин Рыскулов хуулийнхаа 2-р бүлгийг бүхэлд нь ЗСБНХУ-ын 1924 оны Үндсэн хуулийн “О предметах ведения верховных органов власти Союза Советских Социалистических Республик” (ЗСБНХУ-ын засгийн эрх барих дээд байгууллагуудын эрхлэх зүйлүүдийн тухай) гэдэг 1-р бүлгээс зүйл дараалан авсан бөгөөд зөвхөн Эдийн засгийн зөвлөлийн тухай 29-р зүйл л ангид юм /12/. Рыскуловын хуулийн Нутгийн захиргааны тухай 3-р бүлэг нь 1918 оны хуулийн 3-р хэсгийн 10, 11, 12-р бүлгийг хамарсан “Организация Советской власти на местах” (Орон нутаг дахь Зөвлөлийн засгийн зохион байгуулалт) гэдгийн маш ерөнхий, Монголчилсон хувилбар. Рыскуловын хуулийн Сонгох, сонгогдох эрхийн тухай 4-р бүлэг нь зүйл бүрээрээ 1918 оны хуулийн 4-р хэсгийн орчуулга бол Улсын орлого, зарлагын эрхийн тухай 5-р бүлэг нь бүхэлдээ мөн 1918 оны хуулийн 5-р хэсгийн орчуулга. Зөвхөн 40-р зүйл нь АДБНУ-ын Үндсэн хуулийн 158-р зүйлийн орчуулга. Рыскуловын хуулийн 6-р бүлэг нь бүтцийн хувьд ЗСБНХУ-ын 1924 оны Үндсэн хуулийн 11-р бүлэгтэй ижил.

Хураангуйлбал Рыскулов Үндсэн хуулийнхаа 50 зүйлийн 29-ийг /13/ 1918 оны хуулиас, 19-ийг /14/ 1924 оны хуулиас, 1-ийг (40-р зүйл) өөр цөөн хэдэн заалтын хамт АДБНУ-ын хуулиас авсан байна. Эх хуулиудад байхгүй цорын ганц заалт нь Эдийн засгийн зөвлөлийн (экономический совет) тухай 29-р зүйл. Засгийн газрын дэргэд байгуулах Эдийн засгийн зөвлөл нь “Сангийн яаманд улс орны эдийн засгийн бодлогыг эрхлэх цаг зав байхгүй” (Министерству финансов просто некогда заняться экономической политикой страны ) гэж үзсэн Рыскуловын шинээр зохиосон зүйл байсан бөгөөд тэр нь Бүх цэргийн зөвлөл хэмээх Зөвлөлийн засаглалын байгууллагаас үлгэр авсан байгууллага байв /15/.

Рыскуловын Үндсэн хуулийн эх хуулиудаас 1918, 1924 оны хуулиуд нь Зөвлөлт засгийн буюу пролетарийн диктатурын үндсэн хуулиуд бөгөөд 1918 оны хууль нь 1924 оны хуулийн эх суурь нь. Тиймээс ч энэ 2 хуульд ижил төстэй заалт олон бөгөөд Рыскуловын хуульд орсон заалтууд дээрх 2 хуульд давхцах нь түгээмэл. Харин АДБНУ-ын Үндсэн хууль Зөвлөлт засгийн хууль биш. Харьцангуй либерал үндсэн хууль гэж хэлж болно. Тиймээс уг хууль Рыскуловын Монголд Зөвлөлт засгийн буюу пролетарийн, эсвэл Монгол нэрээр бол жинхэнэ ардын диктатур тогтоох зорилгод нь үл нийцэж байсан нь ойлгомжтой. Тиймээс ч АДБНУ-ын Үндсэн хуулиас ганц нэг заалт л авсан хэрэг.

“Үндсэн хуулийн төслийг бид нөхөр Всевятскийтэй хамт боловсруулсан. ЗСБНХУ, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль болон өөр янз бүрийн төслийг материал болгон ашигласан … Одоо ингээд уг төслийг Засгийн газрын нэрийн өмнөөс хуралдаанд оруулна, бүхэлд нь батална ч гэж бодож байна” /16/ гэж Рыскулов 11-р сарын 2-нд тун итгэлтэй бичиж байсан бөгөөд түүний хэлснээр ч болсон юм.

Улааны Их Хурал

Хуралдаж баталсан Улсын анхдугаар Их Хурал гэдэг нь нэрийн хувьд Монгол боловч мөн чанар, хэлбэрийн хувьд энэ нь улааны, большевикуудын байгуулсан совет буюу зөвлөлийн засаглалын байгууллага болох Зөвлөлүүдийн Их Хурал (Съезд Советов) юм. Рыскулов нарын коммунистуудын тогтоосон УИХ нь мөн чанар, хэлбэрийн хувьд Монголд өмнө нь оршиж байсан Улсын Дээд болон Доод Хурал, мөн тухайн үед байсан Улсын Түр Цагийн Хурлаас (УТЦХ) тэс өөр. Улсын Дээд болон Доод Хурал нь 2 танхимт парламент байсан бол УТЦХ нь парламентыг орлуулсан зөвлөх үүрэгтэй байгууллага байсан бөгөөд УТЦХ-ыг энгийн ярианд улсын хурал гэхийн дээр “парламент” гэж ойлгодог байсан байна /17/.

Хамгийн гол нь Монголын эрх баригчдын бэлтгэсэн байсан 3 жилийн хугацаатай сонгогддог, байнгын ажиллагаатай “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурал” ч, мөн түүний бүгд найрамдах хувилбар болох “БНМАУ-ын улсын хурал” ч биш болно/18/. Монголын эрх баригчдын төлөвлөсөн улсын хурал нь нэгэнт тунхаглан зарласан байсан “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрмийн” /19/ ёсоор бол парламент байсан бөгөөд Монголчууд ч парламент гэж үздэг, ярьдаг байсныг ч Рыскулов тэмдэглэсэн байдаг. Рыскулов Монголын улсын хурал нэртэй парламентыг Улсын Их Хурал болон Улсын Бага Хурал нэртэй зөвлөлт засгийн эрх барих байгууллага болгон өөрчилсөн юм. Угаас советийг улаантнууд хөрөнгөтний парламентат ёсыг халах, үгүйсгэх зорилгоор байгуулсан юм.

Рыскулов Монголын төрийн байгуулал, ялангуяа Монголчуудын улсын хурал гэдэг ойлголтын талаар “Засгийн газар, хуралдаан болон яамдуудын тухай оршин буй хууль тогтоомж (положение) нь аймшигтай төөрөлдмөөр бөгөөд тэндээ Монголд хөрөнгөтний эсвэл ардчилсан бүгд найрамдах улс байна уу гэдгийг ойлгох боломжгүй. Жишээ нь, яагаад ч юм бэ парламент гэж нэрэлдэг том хуралдааны (большом хурулдане) тухай хууль тогтоомжоос хуралдаан нь чуулах бөгөөд бүтэн сар ажилладаг бол онцгой хуралдаан нь 15 өдрөөр чуулдаг бөгөөд 15 өдрөөр сунгагдаж ч болдог. Мөн төлөөлөгчдийг сонгуулийн эрхийн ямар ч хязгаарлалтгүйгээр өрхийн тооноос хамааран механикаар сонгох замаар хошуунаас аймагт шигшигдэн их хуралд ордог бөгөөд мэдээж хуралдаан нь түшмэдүүд болон чинээлэг хүмүүсээс бүрэлддэг” /20/ гэснээс харвал Монголчуудын хурал парламент төдийгүй, Монголчууд ч хурлаа парламент гэж ойлгодог бөгөөд тэр нь иргэдийн тэгш эрхт сонгуулиар байгуулагдсан, байнгын ажиллагаатай төлөөллийн байгууллага байсан аж. Зөвлөлт дэглэмээс, зөвлөлөөс (совет) өөрийг үл мэддэг Рыскуловын хувьд эдгээр нь үл ойлгогдох төдийгүй зүй бус байсан юм.

Рыскуловын шүүмжилж буй “хууль тогтоомж” нь анх 1923 оны 10-р сарын 5-нд батлан, зарлаад байсан “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрмээс” хэмжээт цаазат хаантай холбоотой зүйлүүдийг хасаад 1924 оны 9-р сарын 19-нд “БНМАУ-ын улсын хурлын дүрэм” болгон баталсан дүрэм болно /21/. “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм” нь үндсэн хуулийн учир холбогдолтой бөгөөд хэрвээ Монголын хэмжээт цаазат байгууллыг Монголын эрх баригчдын тусгайлан тогтоож үлгэр, дуурайл болгож байсан Англи мэт нэгдмэл Үндсэн хуульгүй дэглэмээр жишин үзвэл уг дүрэм нь үндсэн хуулийн шинжтэй ч юм.Дүрэм ёсоор улсын хурал “тогтмол ба цаг зуурын” хуралдаантай, “тогтмол хурлыг жил бүр намрын сүүл сарын шинийн нэгнээс эхлэн нижгээд удаа хуралдуулж, аливаа хэлэлцэх зүйлийг нэг сарын дотор хэлэлцэн дуусгах”, үл амжвал “хугацааг нэг сар хүртэл сунгах”, цаг зуурын хурлыг Засгийн газраас эсвэл гишүүдийн гуравны нэгээс доошгүйн хүсэлтээр 15 хоногийн хугацаагаар, шаардлагатай бол хугацааг дахин 15 хоног сунгахаар тогтоосон байсан юм /22/.

Мөн дүрмээр “Улсын хуралд Халхын дөрвөн аймаг ба их шавиас тус бүр арваад, Дөрвөдийн хоёр аймаг ба Алтай Урианхайгаас тус бүр таваад, Тагна Урианхайгаас зургаа, Хасаг, Дарьгангаас тус бүр хошоод, Хөвсгөл нуурын Урианхай ба Ховдын харьяат Тариачин хошуунаас тус бүр нижгээд, жичс шинэ дагаар орсон Буриад хошуунаас тусгайлан нижгээд, Нийслэл Хүрээний ард олон дундаас дөрвөн төлөөлөгчийг тус тус сонгон гаргахаар” тогтоосон байсан нь Рыскуловын ажилчин, тариачид, улаан цэргийн советийн шалгуурт огт тохирохгүй байсан хэрэг /23/.

Рыскулов Монголчуудын хурлыг ч, хурлын тухай ойлголтыг ч бүрмөсөн өөрчлөн зөвлөлт засгийн байгууллага болгон хувиргасан юм. “Шинэ үндсэн хуулийн том, бага хуралдаан хийгээд эдийн засгийн зөвлөл бүхий засгийн газар нь утга учрын хувьд манайхтай, Бүх Оросын Зөвлөлүүдийн Их Хурал, Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хороо болон Ардын Комиссаруудын Зөвлөлтэй дүйцэж байгаа юм” гэж Рыскулов гэсэн нь Рыскуловын төлөвлөсөн хурлууд нь большевикуудын 1918 оны Үндсэн хуулиараа шинээр байгуулсан зөвлөлт засгийн үндсэн байгууллагууд болохБүх Оросын ажилчин, тариачин, улаан цэрэг, казакын депутатуудын зөвлөлийн их хурал (Всероссийский съезд Советов буюу Всеросси́йский съезд сове́тов рабо́чих, крестья́нских, красноарме́йских и каза́чьих депута́тов ), түүний Төвийн Гүйцэтгэх хороо (Всероссийский Центральный Исполнительный Комитет Советов) байсан юм /24/.

Цэвээний Улсын эрх-д ч, Магсаржав-Цэвээний Үндсэн хуульд ч, Цэвээний хэмээх Үндсэн хуулийн төсөлд ч, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэмд хэрэглэсэн үндсэн нэр томьёо нь улсын хуралдаан, улсын хурал /25/. Мөн Магсаржав-Цэвээний Үндсэн хуульд “Улсын хуралдаан болвоос угсаатан ард хэмээн ялгахгүй нэгэн гэрийн хурал байваас зохимуй” хэмээн нэг танхимтай хурал байгуулахаар заасан бол улсын хурлын дүрэм ёсоор улсын хурал мөн нэг танхимтай. Зөвхөн Магсаржав Цэвээн нарын Үндсэн хуулийн төсөлд улсын хурлыг нэг удаа “Улсын Их Хуралдаан” гэж тэмдэглэсэн байдаг /26/. Тиймээс Улсын Их Хурал, Улсын Бага Хурал нь Рыскуловын гэдэг Съезд Советов болон Центральный исполнительный комитет-ийг Монголчилсон шинэ нэр томьёо болно.

Нөгөө талаар энэ хоёр байгууллага нь парламентын хоёр танхим огт биш. Харин Лениний ардчилсан төвлөрөн удирдах зарчмын үүднээс байгуулсан Зөвлөлт засгийн байгууллагууд бөгөөд тийм ч учир ажилчин, тариачин, улаан цэргийн зөвлөлүүд орон нутагт эрх барих бөгөөд уг зөвлөлүүдээс өөрсдийн төлөөлөгч, депутатуудыг сонгон дээд шатны зөвлөлийг байгуулдаг бөгөөд түүний хамгийн дээд байгууллага нь Оросын хувьд Бүх Оросын ажилчин, тариачин, улаан цэргийн депутатуудын зөвлөлийн их хурал буюу Бүх Оросын Зөвлөлүүдийн Их Хурал (БОЗИХ) байсан юм. Улмаар энэхүү их хурлаас Бүх Оросын Төвийн гүйцэтгэх хороог (БОТГХ) сонгодог бөгөөд уг хорооноос Ардын комиссаруудыг сонгодог байв. Тухайлбал, 1918 онд БОЗИХ 1296 депутатуудаас бүрэлдэж байсан бөгөөд уг их хурлаас 326 хүнтэй БОТГХ сонгож байсан байна. Эрх мэдлийн хувьд энэ хоёр байгууллага хоёулаа хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх нэртэй ч хэрэг дээрээ БОТГХ нь хуультогтоохын дээр гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгчардын комиссар (народный комиссар) нарыг өөрсдийнэгнээнээс сонгодог байсан юм. Рыскуловын Монголдбайгуулсан төрийн байгуулал үүний хувилбар. Түүнийбайгуулсан Монголын Засгийн газар ч мөн АрдынКомиссарууд Зөвлөл (Совет Народных Комиссаров) бөгөөд Ерөнхий сайд нь Ардын Комиссаруудынзөвлөлийн дарга байсан юм.

БОЗИХ нь эрх барих хамгийн дээд байгууллага гэдэг боловч ганц удаа хуралдаад тардаг байсан учир хэрэг дээрээ хууль тогтоох байгууллага биш харин хууль тогтоох байгууллага болох БОТГХ-г сонгодог хуралдааны дээр, Зөвлөлт засгийн сүр хүчийг харуулах дайчилгаа, үзэл суртлын учир холбогдолтой байгууллага байсан юм. Рыскуловын байгуулсан Улсын Их Хурал яг энэ байгууллага төдийгүй Коминтерн анхдугаар их хурлын бүрэлдэхүүнийг ч мөн ийм хуралд зориулж бүрдүүлсэн юм. Монголын эрх баригчид 1924 оны намар улсын их хурал хуралдуулахаар төлөвлөж төлөөлөгчдийг сонгох сонгуулийг нэгэнт явуулсан байсан боловч тэр нь улаан дэглэмийн зарчим, зорилгод үл нийцсэн тул, орон нутгийн ардчилсан захиргаа байгуулах гэдэг үйл явцыг дахин явуулж 1924 оны 9-р сарын эхээр дуусгасан бөгөөд, жинхэнэ ардын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг дахин явуулж хөдөөгийн, ядуу, залуу, боловсролгүй голдуу хүмүүсээр бүрдүүлсэн нь Рыскуловын Улсын их хурал бөгөөд тэр нь түүний Үндсэн хуулийг өдөр хугасын дотор баталсан юм.

Нөгөө талаар Монголын эрх баригчдын төлөвлөсөн хурлын дүрэм ёсоор улсын хурлыг 3 жилийн хугацаагаар сонгох ба тогтмол хурлыг жил бүр хуралдуулж байхаар тогтоосон байсан боловч Рыскулов түүнийг өөрчлөн зөвхөн тухайн сонгогдсон даруйдаа хуралдаад тардаг болгосон юм /27/. 1990-ээд он хүртэл Монголчууд зөвхөн ийм л хурлыг мэддэг байсан нь Рыскуловын тогтоосон зөвлөлт засгийн байгууллага байсан бөгөөд энэ нь парламентаас тэс өөр байгууллага. Рыскуловын хурлуудыг УИХ-ын дарга Д. Амарбаясгалан шиг “өнөө цагийн парламентын зарим шинжийг агуулж” байсан гэх нь Зөвлөлт засгийг парламентын засаг гэсэнтэй ижил зүйл бoлох мэт /28/.

Рыскулов “Бага хуралдааны (БОТГХ гэсэн үг) даргаар ямар нэгэн нүүдэлчнийг (ард), гэхдээ, эгэл жирийн хүмүүсийн дундаас гарч ирсэн [үнэнч] ажилтан байхаа амлах тийм нэгнийг олж болгоё гэж бодож байна … Засгийн газрын даргаар Цэрэндоржийг үлдээе гэж бодож байна” /29/ гэж төлөвлөж байснаараа Гэндэнг УБХ-ын дарга болгож, Цэрэндоржийг Ерөнхий сайд хэвээр нь үлдээсэн юм. Ингэснээр Рыскуловынхаар Монголын засгийн газар нь “Оросын засгийн газраас томилогдсон засаг гэж ойлгогдохгүй харин ард түмний хурлаас (народное собрание) сонгогдсон ард түмний засгийн газар (народное правительство) гэж ойлгогдох болох” ёстой байсан бөгөөд ийм учир “хуралдаан нь ер нь хүмүүжлийн болон ухуулгын ихээхэн учир холбогдолтой байх” байсан аж /30/.

Улаан хувьсгал

Рыскулов 1) Монголын “төрийн байгууллыг хамгийн дээд хэмжээгээр ардчилах,” Монголд “үзэл санааны хувьд Коминтернд ойрхон нам байгуулах,” түүний тулд 2) “ардын хувьсгалт намыг ядуу болон дунд ардын жинхэнэ нам болгон өөрчлөн зохион байгуулах” зорилготой ирсэн юм /31/. Улаантнууд Монголын төрийн байгууллыг хамгийн дээд хэмжээгээр ардчилна гэдэг нь Монголд Зөвлөлтийн улаан дэглэм тогтооно гэсэн хэрэг байсан бөгөөд Рыскулов уг дэглэмийг урлах, хуульчлахаар ирсэн юм. Мэдээж улаантнууд МАН-ыг үзэл санааны хувьд өөртэйгөө буюу Коминтернтой ойрхон нам болгон өөрчилнө гэдэг нь өөрсдийн нам болгоно л гэсэн үг байсан юм. Үүний тулд, нэгдүгээрт, МАН-ыг улаантнуудад, тухайлбал, Коминтернд үг дуугүй захирагддаг, ардчилсан төвлөрөн удирдах зарчимтай, улс орныг засагладаг цорын ганц нам болгох ёстой байв. Хоёрдугаарт, Монголыг Зөвлөлт бүгд найрамдах улс болгон хуульчлах явдал байв.

Үнэндээ ЗХУ болон Коминтерн 1924 оны 5-р сараас эхлэн Монголыг зөвлөлтжүүлэх улаан хувьсгалаа эрчимжүүлсэн бөгөөд түүнийгээ төгсгөх, дагуул улаан дэглэмээ хуульчлуулах даалгавартайгаар Рыскуловыг Монгол руу илгээсэн гэж хэлж болно. Рыскулов ирсэн даруйдаа Монголын диктатор болсон бөгөөд Коминтерн МАН-д шинэ мөрийн хөтөлбөр, шинэ дүрэм зохион өгч, МАН-ыг Коминтернд үг дуугүй захирагддаг, ардчилсан төвлөрөн удирдах (демократический централизм) зарчимтай улс орныг ганцаараа засаглах жинхэнэ ардын хувьсгалт нам МАХН болгон өөрчлөх ажлыг тэрээр газар дээр нь гардан зохион байгуулж 1925 гэхэд дуусгасан юм. Харин Монголыг зөвлөлт бүгд найрамдах улс болгон хуульчлах ажлыг ирсэн даруйдаа гүйцэлдүүлсэн юм. Рыскулов зөвхөн Үндсэн хууль тогтоосон төдий биш, үндсэн хууль (constituion) нь өөрөө улсыг үндэслэх, байгуулах (constitutive) учир холбогдолтой тул Рыскулов үнэн хэрэг дээрээ Монголын улаан бүгд найрамдах улсыг туг, далбаа, нийслэл, үлгэр, домог, баяр ёслолтой нь бүхэлд нь байгуулж өгсөн юм.

Рыскулов ирсэн даруйдаа Монголын төрийн байгууллын хууль тогтоомжуудыг авч судалсан бөгөөд улмаар 10-р сарын 24-нд Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах шинэ комисс байгуулсан нь хэрэг дээрээ Монголын зөвлөлт бүгд найрамдах улссын Үндсэн хуулийн комисс байсан юм. Монголын Үндсэн хуулийн асуудалд эхнээс нь оролцож ирсэн Магсар хурц 1923 оны эхээр баривчлагдаж, улмаар албан тушаалаасаа халагдаж, МАН-аас хөөгдсөн байв. Тиймээс Үндсэн хууль боловсруулах анхны ажлын хэсгээс зөвхөн Цэвээн л Цэрэндоржийн нэртэй Рыскуловын Үндсэн хууль боловсруулах комисст багтсан байна. Рыскуловын Монголд Зөвлөлт засаг, жинхэнэ ардын диктатур тогтоох төлөвлөгөөг Цэвээн тасалдуулах оролдлого хийж, улмаар Монголын эрх баригчдын батлуулахаар бэлтгэсэн байсан хэмжээт засагтай ард улсын үндсэн хуулиа ч зүтгүүлэх санаатай байсан ч Рыскулов түүний санаархлыг ч мөн тас цохисон байна.

“Үндсэн хуулийн тухай асуудал гарч ирэх үед бүр ч том маргаан гарч байв. Тэгэхэд Жамсрано: нэгдүгээрт, Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юм уу? гэж асуугаад, ер нь Үндсэн хуульгүй ч орон байдаг гэж хэлж байсан ба, хоёрдугаарт, Их Хурал чухам юуг хүлээн авах, юуг эс хүлээн авах вэ? гэдгийг урьдчилан мэдэж байгаа учраас энэ талаар Засгийн газрын тухай хуучин дүрмийг батлах нь лавтай гэж байлаа. Жамсараног хуралдаанд орж ирэхээс өмнө асуудлыг түргэн шийдвэрлэж байсан тул тэр зориут саад хийж эхэлсэн юм. Тийм учраас хуралдаан дээр Жамсраногын үйл ажиллагааны тухай асуудлыг хөндөн гаргаж, Ардын намын их хурлын шийдвэр болон улс орныг ардчилахын чухлыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, Коминтерны захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тухай асуултыг түүнд шууд тавих хэрэгтэй болсон юм. Жамсрано гэнэт асуултыг ийнхүү тавина гэж бодоогүй байсан учраас миний тавьсан бүх асуултыг хүлээн зөвшөөрч шууд лбуулт хийхээс аргагүйд хүрсэн юм” /32/ гэж Цэвээнийг хэрхэн нам дарснаа Рыскулов Коминерны Төвийн Гүйцэтгэх Хорооны Мануильский, Войтинский нарт 1924 оны 11-р сарын 2-нд бичсэн байна.

Улмаар Рыскуловоос эмээсэн /33/ Цэрэндорж түүний Үндсэн хуулийн төслийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн төдийгүй төслийг батлах хуралд Цэвээнийг ч оролцуулаагүй байна. Энэ тухай, “Үндсэн хуулийн төслийг батлах Гол Комиссын хуралдаан дээр Цэрэндорж миний үндсэн хуулийн төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан. Уг комисст Ринчино болон бусад оролцсон бол өөрийнхөө хөрөнгөтний либерал Үндсэн хуулийн төслийг батлуулахыг хүсэж байсан комиссын гишүүн Жамсрано яг байхгүй байсан бөгөөд түүнийг зориуд уриагүй бололтой байсан” /34/ гэж Рыскулов тайландаа тэмдэглэсэн байна. Түүгээр ч барахгүй Цэрэндорж өөрөө “тэр тохиолдолд тун ч радикал тэр ч байтугай хувьсгалчаар” /35/ асуудалд хандаж байсан гэдгийг ч Рыскулов онцолж. Ийнхүү Монголын эрх баригчдын бэлдсэн байсан хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль буюу “хөрөнгөтний либерал Үндсэн хууль” Цэрэндоржийн зүтгэлээр огтхон ч хэлэлцэгдээгүй байна.

Цэвээний зохиосон Улсын эрх ч, Магсаржав-Цэвээн нарын Үндсэн хууль ч, мөн Цэвээний хэмээх Үндсэн хуулийн ноорог ч бүгд хэмжээт засагт буюу үндсэн хуульт хаант засаглалын хувилбар /36/ бөгөөд Рыскуловын нэрлэснээр үнэхээр “хөрөнгөтний либерал” үндсэн хуулиуд байсан юм. Тэдгээр нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох, шүтэх бишрэх, өмч хөрөнгө эзэмших, өөртөө засах зэрэг хүний болон иргэний түгээмэл эрхийг тунхагласан байна. Мөн “Монголын харьяат эл бүгд дээд, доод, эрхтэн дархтан, лам, хар хэмээн ялгаварлахгүй нэгэн адил үзэж цөм улс төр орон нутгийн алба үүрэг ба эрх чөлөөг тэгш эдэлсүгэй” гэх төдийгүй “Монголын ардуудыг хуулийн гадна зоримгоор барьж хорих ба, гянданд хаах буюу орон нутгаас үлдэн хөөх хийгээд нэрийг нь гутааж доромжилбоос хэрхэвч үл болмуй” гэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангаъж, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглож, тэгш эрхийг олгосон байсан юм.

Тэр ч байтугай Цэвээний /37/ хэмээх Үндсэн хуулийн төслийн 22-р зүйлд “Хэрэв Үндсэн хууль харгисаар эвдэгдэхүйд хүрвээс өргөн түмний шударга эрчүүд зэвсэг барин босож эрх чөлөөгөө хамгаалах эрх хадгалмуй” хэмээн Жон Локкийн үеэс номлогдож ирсэн ард түмний/нийтийн эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, эсвэл ард түмний эрх чөлөө, аюулгүй байдалд заналхийлсэн буюу авилгажсан (corrupt), шударга бус (unjust) засгийн эсрэг ард олон зэвсэг барин босож дарангуйллыг устгаж, эрх чөлөөгөө хамгаалах ёстой гэдэг хувьсгалын/бослогын эрхийг (rights of revolution/rebellion) ч тунхагласан байна.АНУ тусгаар тогтнолоо тунхаглахдаа хувьсгалын эрх дээр үндэслэсэн байдаг бөгөөд уг эрх нь АНУ-ын Үндсэн хуульд Хоёрдугаар нэмэлтээр (Second Amendment)тусгагдсан болно. Энэ бүхэн нь Рыскуловын Үндсэн хуультай үзэл санаа, зарчмын хувьд гал, ус шиг эрс харш байсан юм.

Үнэндээ Монголын эрх баригчид улс орноо өрнөдийн либерал, ардчилсан орнуудын замналаар замнуулахыг хүсэж байсан бөгөөд тийм ч учир Англи мэтийн үндсэн хуульт хаант байгууллыг сонгож ардын эрхт хэмжээт засагт буюу ардчилсан үндсэн хуульт хаант байгууллыг хуульчлан тогтоосон төдийгүй түүнийгээ Үндсэн хуулиар бэхжүүлэхээр зэхэж байсан билээ. Гэвч Богд хаан нас барснаар энэ төлөвлөгөө тасалдаж, оронд нь Монголд зөвлөлт бүгд найрамдах улс байгуулагдсан юм.

Рыскуловыг ирэхийн өмнөхөн 1924 оны 8-р сарын 4–31-нд МАН-ын 3-р гэж нэрлэгдсэн их хурал хуралдаж, хуралдааны явцад Ринчино нар С. Данзан, Ж. Баваасан, Б.Доржпалам, С. Буяннэмэх нарыг баривчилж, улмаар Данзан, Баваасан нарыг “Монголыг Коммунист интернационалаас салгаж, улмаар Коминтерны хамт ЗСБНХУ-аас салгахыг хүсэж байна” хэмээн буруутган буудан хороосон байна. Баривчлах, буудан хороох ажлыг Дотоодыг Хамгаалах Газар гардан зохион байгуулсан бөгөөд уг газрыг Зөвлөлтийн иргэн Константин Баторун даргалж байсан юм. Данзан нарыг улстөрийн хувьд буруутгах ажлыг зохион байгуулагч Ринчино нь мөн л Зөвлөлтийн иргэн бөгөөд тэрээр Монголын Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн дарга байсан юм. Өөрөөр хэлбэл Монголын хүчний байгууллагуудыг бүгдийг нь Зөвлөлтийн тал хянаж байсан хэрэг. Баривчилга, аллагыг Зөвлөлтийн этгээдүүд зохион байгуулсныг Зөвлөлтийн элчин А. А. Васильевийн МАН-ын 3-р их хурал дээр хэлсэн үг ч мөн харуулдаг. Улмаар 9-р сарын 15–30-нд МХЗЭ-ийн 3-р их хурал хуралдаж С. Буяннэмэх нарын удирдлагыг Данзан нарыг дэмжсэн хэмээн буруушаасны дээр МХЗЭ нь МАН-ын удирдлагад байхаар тогтоосон байна.

Улмаар жилийн өмнө 1923 оны 10-р сарын 5-нд батлагдан, зарлагдсан “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын хурлын дүрэм”-ийг засварлан “БНМАУ-ын хурлын дүрэм” болгон 1924 оны 9-р сарын 19-нд батлуулсан байв. Улмаар Рыскулов Үндсэн хуулийн шинэ комисс байгуулсан нь хэрэг дээрээ Англи мэтийн хөрөнгөтний улсын үндсэн хууль дээр тулгуурласан Магсаржав-Цэвээн нарын боловсруулсан хэмжээт засагт буюу үндсэн хуульт хаант улсын үндсэн хуулийг таягданхаясан хэрэг байв. Тиймээс Рыскуловын үйл ажиллагаа чухамдаа Монголын эрх баригчдын төлөвлөгөөг тас цохиж Монголд Зөвлөлтийн дагуул улаан дэглэм тогтоох улаан хувьсгалын хэсэг, түүний оргил хэсэг нь байсан юм. Тиймээс Рыскулов Монголд хувьсгал, улаан хувьсгал хийсэн бөгөөд тэр нь харин Монголын эрх баригчдын төдийгүй Монголчуудын хүссэн зүйл биш байсан юм.

Харин Монголд улаан буюу зөвлөлт бүгд найрамдах дэглэм тогтоох үйл ажиллагаа улаантнуудын “ардын эсрэг аливаа санаархлын сүүлчийн тулгуур цэг” гэж харж байсан Богд хаан нас барснаар эхэлсэн юм /38/. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй” байсан үед “Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан” гэсэн нь 1924 оны 5-р сарын 31-ний Зөвлөлт, Хятадын гэрээг сөрж Монголын эрх баригчид Бүгд найрамдах улс тунхагласан мэтээр ойлгогдож буй бөгөөд ийм тайлбарыг хийдэг түүхчид ч бий /39/. Гэвч бидэнд одоогоор байгаа сурвалжаас үзэхэд Монголын эрх баригчид Зөвлөлтийн болон Коминтерны дарамтад орж бүгд найрамдах улс, тэр тусмаа ерөнхийлөгчгүй бүгд найрамдах улс тунхагласан төдийгүй Богдын хойд дүрийг тодруулахгүй байх шийдвэрийг ч гаргасан нь илт байна.

Монгол дахь Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын бюллетений 1924 оны дугаар 10 Богд хааны нас барсантай холбогдуулан “дэндүү завхай амьдралын үр дагавраар тэмбүү болон бусад олон өвчинд бараг бүрэн идэгдсэн”, “хүн нь өөрөө бол өчүүхэн, явцуу этгээд”,“Богд Гэгээний үхэлтэй хамт ардын эсрэг аливаа санаархлын сүүлчийн тулгуур цэг үгүй болсон”, “гадаадын болон Хятадын пүүсүүд гашуудлын далбаа өлгөсөн, харин ЗСБНХУ-ын төлөөлөгчийн газар Богдын үхэлтэй холбоотойгоор ямар ч эмгэнэл үзүүлээгүй, гашуудлын далбаа ч, биеэр эмгэнэл илэрхийлсэн зүйл ч байгаагүй” гэх зэргээр мэдээлсэн байна /40/.

Улмаар “Эрдэмтэн лам нар Богд гэгээний эсрэг”гэсэн нийтлэл гаргаж Европын реформацийн хөдөлгөөнтэй зүйрлэхүйц, гэхдээ дөнгөж үүслийн шинжтэй байгаа, гэхдээ зохих дэмжлэгийг үзүүлбэл маш том үүрэг гүйцэтгэхүйц урсгал Монголын лам нарын дотор бий гээд, түүний нэг төлөөлөгч дооромбо Гэлэгжамцын яриа гэсэн зүйлийг нийтэлсэн байна. Уг нийтлэлд бичсэнээр уг нь Богдын 8-р дүр сүүлийн, эцсийн дүр учир дахин төрөх ёсгүй боловч Хүрээний лам нар санал хуваагдсан бөгөөд Зүүн Хүрээний лам нар бүгдээрээ, Гандангийн лам нарын тал илүү нь дахин төрөх ёстой гэж, Гандан лам нарын талд арай хүрэхгүй хэсэг нь дахин төрөх ёсгүй гэж үзэж байгаа гэж. Дахин төрөх ёсгүй гэсэн лам нар нь эрдэмтэн лам нар бөгөөд тэд иргэний удирдлагатай нийлээд ард түмний санаа бодолд нөлөөлж болно ч гэж үзэж. Хүрээний хутагтын завхай байдал шашны нэр хүндийг гутаадаг төдийгүй эхнэр авсан Богд гэгээн гэлэн байх ёсгүй, гэцэл л байх ёстой, тиймээс эрдэмтэн гэлэн лам бид нар түүнийг хүндэлдэггүй гээд “гэгээний институц үеэ өнгөрөөсөн бөгөөд аль эрт Буриадад хийсэн шиг татан буулгах хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн ч гэж /41/. Гэхдээ Богдын дараагийн дүрийг Халхаас тодруулах тухайд уг асуудлыг зарчмын хувьд няцааж болохгүй. 100 нэр дэвшигчээс 3 хүүхэд сонгоод Лхас явуулж Богдын дүрийг тогтоолгоно, гэхдээ үүний тулд асар их зардал гаргах бөгөөд “тиймээс энэ нь ард түмний хувьд хохиролтой л байх болно” гэж/42/.

Улмаар бүгд найрамдах улс байгуулах тухай суртчилж, “Мэдээж, Монголын нийгмийн бүх дэвшилтэд элементүүд улс оронд бүгд найрамдах байгуулал тогтоох хандлагатай байна гэдгийг хэлэх шаардлагагүй” гээд бүр ерөнхийлөгчгүй бүгд найрамдах улс байгуулах, “Их хуралдааны дарга (Япон-Данзан гэдэг) Монгол улсын албан ёсны тэргүүн байх” тухай санаа бий ч гэж өгүүлж/43/. “Нам ба Засгийн газрын тэргүүлэх удирдагчдаас өвгөн Цэрэндорж Монголд бүгд найрамдах улс тогтоох, тухайлбал, ирээдүйн Гэгээний (будущего Гэгэна) шашны болон иргэний засгийг хамт барих эрхийг хасах зүгт хандаж байгаа бололтой. Гадаад хэргийн сайд Амар болон өөр хэдэн сайдууд нэлээд оппортунист, бараг хаант засгийн концепц барьж байна” гэж ч мэдээлж /44/. Мөн “Энэ оны намар бүх Монголын хууль тогтоох байгууллага Их хуралдаан чуулах бөгөөд түүний нэг зорилт нь Монголын төрийн байгууллын тогтолцоог, Монгол бүгд найрамдах улс эсвэл хаант улс байх уу гэдгийг шийдэх явдал” гэж /45/.

Улмаар “Бүгд Найрамдах улс тунхаглах зүгт” гэсэн гарчгийн дор Монголын “нам болон засгийн хариуцлагатай зүтгэлтнүүд [энэ оны намар болох их] хуралдаан чуулах хүртэл бүгд найрамдах улс тунхаглахыг хойшлуулж байсан юм. Тэд төрийн эрх мэдэл хууль бусаар булаан авсан (узурпация) гэж буруутгагдахаас айж, ард түмэн бэлэн биш байна гэх зэрэг шалтаг тоочин, ард түмнээс сонгогдогсдын шийдвэрийг хүлээж байна гэж байсан юм. Гэвч уг асуудал бүгд найрамдах засаглалын тал руу хэрэг дээрээ урьдаас шийдэгдчихсэн байдал, нөгөө талд, их хурлаа хийж буй Коминтернд Монголын Ардын Нам ба түүний дэвшүүлсэн засгийн газрын дэвшилтэт гэдгээ харуулах хүслийн үүднээс, гуравдугаарт, албан ёсоор Монгол үзэн яддаг эзэнт гүрний (метрополь) дор хаяхад хэсэг болсныг хүлээн зөвшөөрсөн нөхөр Караханы Веллингтон Ку-тай байгуулсан гэрээ, энэ бүхэн нь хамтдаа Ринчино болон Цэрэндорж нарыг дээр өгүүлсэн маргаанаар тохиролцох, улмаар асуудлыг яаралтай шийдэхэд хүргэсэн. 6-р сарын 3-нд МАН-ын Төв Хорооны товчоо 1. Цэрэндорж, 2. Ерөнхий командлагч Данзан, 3. Дамбадорж, 4. Япон Данзан, 5. Жадамба, 6. Лосол, 7. Ринчино нарын бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсад засаглалын бүгд найрамдах хэлбэр тогтоохоор санал нэгтэй тогтлоо … Ерөнхийлөгчийн тухай асуудал зарим нэг хэлэлцүүлэг дагуулав. Цэрэндорж … Юан шикайн түүхийг жишээлэн Монголын бүгд найрамдах улсын ирээдүйн Ерөнхийлөгч нь албан тушаал хөөцөлдөгчид, хутгах үймүүлэгчдийг татах шинэ төв болж болно гэдгийг нотлов … Монгол Ардын Намын Төв хорооны бүгд хурал энэ үндэслэгээтэй санал нийлж, ерөнхийлөгчгүй бүгд найрамдах улс байгуулахаар санал гаргасан” гээд бүгд найрамдах байгуулал байгуулахыг ихэд дэмжиж, мэдээжийн, зүй ёсны зүйл гэж сурталдсан байна /46/.

Энэ бүхнээс харвал “ирээдүйн Гэгээн” буюу Богдын дараагийн дүрийг тодруулах нь ойлгомжтой байсан нь илт байна. Харин Зөвлөлтийн болон Коминтерн Богд хааныг өөрийн бодлогын дайснуудын тулгуур гэж үзэж байсан төдийгүй, түүний үхлийг ашиглан Монголд зөвлөлтийн бүгд найрамдах засаглал тогтоохоор шийдэж, Монгол улсын нас барсан хаан Богд гэгээнийг төрөл бүрээр харлуулах аян өрнүүлсний дээр, бүгд найрамдах засаглалыг суртчилж, бүгд найрамдах засаглал тунхаглуулах, Богдын дүрийг дахин тодруулахыг зогсоохыг шахсан нь илт байна.

Харин Монголын эрх баригчид Монголын ард түмэн бүгд найрамдах байгуулалд бэлэн биш байна гэсэн төдийгүй, уг асуудал нь ард түмнээс сонгогдсон намар хуралдах бүх Монголын хууль тогтоох дээд байгууллагаболох Улсын Их Хурлын эрх мэдлийн асуудал, АЗГ-ын эрх мэдлийн асуудал биш, АЗГ бүгд найрамдах засаг тогтоох нь төрийн эрх мэдлийг (Улсын хаанаас ч, Улсын Их Хурлаас ч) булаан авч байгаа хэрэг гэсэн шалтаг хэлж байсан байна. Гэвч Зөвлөлт болон Коминтерн асуудлыг нэгэнт шийдчихсэн байсан учир Монголын эрх баригчдыг улам шахаж, шавдуулсан байна. Зөвлөлт, Хятадын гэрээг ч дарамтлах хэрэгсэл болгон хэрэглэсэн нь ч илэрхий төдийгүй, ерөнхийлөгчгүй бүгд найрамдах улс байгуулах, улмаар “Их хуралдааны (парламент) дарга нь Монголын бүгд найрамдах улсыг албан ёсоор төлөөлөх” /47/ санаа ч Зөвлөлтийн зүгээс гарсан нь илт мэт. Зөвлөлт болон Коминтерны шахалтаа Ринчиногоор дамжуулан Цэрэндоржоор явуулсан аж. Хэдийгээр Амар нарын сайд нар эсрэг бодолтой байсан ч Ерөнхий сайдын хувьд Цэрэндорж байр суурь шийдвэрлэх учир холбогдолтой байсан мэт.

Нөгөө талаар АЗГ ч, МАН-ын Төв Хороо ч мэдсээр байж хууль бусаар бүгд найрамдах засаглал тунхаглаж төрийн эрх мэдлийг бүх Монголын хууль тогтоох байгууллагаас булаан авсан нь ч илт байна. Гэтэл эдүгээ Монгол улсын УИХ-ын дарга Богд хаан нас барснаар үндсэн хуульт хаант төрийн “тогтолцоо цаашид хэрэгжих боломжгүйд хүрч, төрийн дээд эрх ард түмэнд буюу түүний төлөөлөгчдөөс бүрдсэн Улсын Их Хуралд шилжиж, Бүгд Найрамдах засаглалаа бүрэн утгаар тунхагласан түүхтэй” гэж буй нь улаантнуудын 100 жилийн тэртээ эхлүүлсэн Монголын төрийн эрх мэдлийг булаан авах хууль бус кампанит аяныг үргэлжлүүлэн зөвтгөн тоть мэт давтсаар буй л хэрэг болж байна /48/.

Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүнгүй бүгд найрамдах байгуулал нь Зөвлөлт (совет) засаглал учир мэдээж улаантнууд өөрсдийн дэглэмийг тулгасан нь ойлгомжтой мэт. Гэхдээ өөр нэг тал нь, төрийн тэргүүнгүйг бүрэн бүтэн улс, тусгаар тогтносон улс гэж тооцоход учир дутагдалтай нь ойлгомжтой бөгөөд энэ утгаараа ерөнхийлөгчгүй байлгах тусгайлсан санаачилга нь Зөвлөлт, Хятадын гэрээн дэх Монголын талаархзаалттай ч давхар холбоотой байсан байж болох. Нөгөөталаар Зөвлөлт, Хятадын гэрээ нь Монголын төрийнтэргүүн, хааны үхлийн дараахан гарын үсэг зурагдсан нь ч учиртай байсан байж болох. Ямар ч байсан Монгол улсынтусгаар тогтнолд Богд хааны үхэл томоохон үр дагавартайбайсан бөгөөд, Богд хаан байсан нөхцөлд улаантнуудМонголд улаан дэглэмээ тогтоох нь институцийн хувьдболомжгүй байсан юм.

Улаан түүх

Монгол улсын Ерөнхийлөгч “Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн” гэсэн ч “анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан” хэмээн уг шахалт, дарамтыг Монголын талаас авсан туслалцаа, дэмжлэг болгов. Тэр ч бүү хэл “Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн” хэмээн уг үйл явдлыг зайлшгүй байсан мэт дүрслэв. Зөвлөлтийн шахалт, дарамт ч, туслалцаа, дэмжлэг ч зайлшгүй байсан бол Бодоо нарыг, Данзан нарыг буудсанаас эхлээд хэлмэгдүүлэлт хүртэл мөн зайлшгүй байсан гэсэн үг үү? Мөн тэдгээр нь ЗОУ-аас авсан туслалцаа, дэмжлэг болох уу?

Түүгээр ч барахгүй “Ардын намыг анх байгуулж … Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь … мөнх тэнгэрийн таалал байлаа” ч гэж Монголын “төрийн тэргүүн”тунхаглав /49/. Ардын хувьсгал тэнгэрийн таалал гэдэг нь Ардын нам тэнгэрийн тааллаар засаг барьж байна гэсэн санаа юу? Тийм бол Бодоо, Данзанг буудсан хийгээд бослого, дүрвэлт, хэлмэгдүүлэлт ч мөн тэнгэрийн таалал байсан гэсэн үг үү?

Мөн тэрээр ардын хувьсгал нь “‘зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх’ их өөрчлөлтийн эхлэл байсан” гээд зогсохгүй бүүр “Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй … харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгддэг” байсан ч гэв. “Хар, шар феодалууд, хувалзуудын” эсрэг МАН цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайн хийх ёстой байсан болж байна уу?

“Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр ‘чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ’ хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм” /50/. “Цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаас” МАН Монголчуудыг аварсан гэсэн үг үү? Баривчилга, эрүүдэлт, аллага, хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл, бослого, хядлага, дүрвэлт, дээрэмдэлт, эвдэн сүйтгэл, галдан шатаалт, мөрдөлт, цөллөг, хавчлагын далаад жил МАН-ын ухаалаг бодлогын буянд харин ч гайгүй өнгөрсний үр дүн байсан хэрэг үү? Зайлшгүйг, тэнгэрийн тааллыг МАН өөрчилсөн гэсэн үг үү?

Улмаар Монголын “төрийн тэргүүн” “Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай” гэх нь МАН-ынх үнэн, бусад нь худал гэсэн үг үү? /51/. “Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай” гэх нь МАН-ынхаар бай гэсэн үг үү? Бусад нь амаа тат гэсэн үг? Анхааруулга, сануулга, сүрдүүлэг?Тэгсэн ч “түүх түүхээрээ л үлддэг” гэж. Нэгэнт түүх түүхээрээ л үлддэг л юм бол цагдах, ам барих, анхааруулах хэрэг юу билээ?

Мөн тэрээр “1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, … 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт” гэх зэргээр Монгол улсын түүхийг 1990-ээд оны өмнөх үеийн түүх бичлэгийн МАХН-ын намч, ангич, ардач зарчмаар авч үзэв. 1911 оны үйл явдал болоход МАН сураг ч үгүй, уг үйл явдлыг “ард анги” бус харин ч эсрэгээр МАН-ын ч, “ард ангийн” ч дайсан “хар шар феодалууд” болох Чингисийн угсааны язгууртнууд, Богд Жавзандамба тэргүүтэй хутагт хувилгаад удирдсан учир уг үйл явдлыг МАХН-ын намч, ангич, ардач зарчмын үүднээс хувьсгалд тооцогддоггүй байв. Марксист-Ленинист номлол ангийн тэмцлийн номлол учир хувьсгал зөвхөн ангийнх байх ёстой. Тиймээс Америкийн хувьсгал шиг үндэсний хувьсгал гэдэг ойлголт байдаггүй юм. Мөн феодалын хувьсгал гэдэг ойлголт үгүй. Харин хөрөнгөтний хувьсгал гэх ойлголт байсан ч Монголын ноёд, хутагтуудыг хар, шар феодал гэх учир тэд хөрөнгөтөн биш байв. Тиймээс Монголын нөхцөлд хувьсгал зөвхөн МАХН-ынх л байх ёстой байсан юм. Тиймээс л хувьсгал бус хөдөлгөөн гэж зэрэг, ач холбогдлыг нь бууруулж, дорд үздэг байв.

Харин 1921 онд МАН удирдсан учир намч, ангич, ардач зарчмын үүднээс хувьсгал төдийгүй ардын хувьсгал байх ёстой байв. Уг нь тэрхүү хувьсгалыг хийсэн нөхөд, түүний дотор анхны долоо хэмээгчид ч бошгыг халах улаан хувьсгалын номлол, сурталд нэлээд чанагдаж, улаарсан хойноо ч хийсэн үйлдсэн зүйлээ их сайндаа л “үндэсний хувьсгал” гэдэг байв /52/. Үнэндээ тэд 1911 оны нэгэн адил тусгаар улсаа, ядахдаа алдагдсан автономио сэргээх гэж л зүтгэж байсан юм. Тэр ч байтугай улаан хувьсгалын төв Коминтерны Төвийн Гүйцэтгэх Хороо Монголд улаан хувьсгал хийх 1924 оны 8-р сарын 11-ний тогтоолдоо хүртэл “1921 онд эхэлсэн үндэсний хувьсгалыг амжилттай дуусгах” гэсэн байдаг юм /53/. Ардын хувьсгал гэгч нь МАХН хожим Ленинист намч, ангич, ардач зарчмаар Монголын түүхийг авч үзэх, үнэлэх дүгнэх болсны үр дүн юм. Тиймээс л үндэсний хувьсгал гэдэг байсныг ардын хувьсгал болгосон бөгөөд ардын хувьсгал гэх нь МАХН-ын хувьсгал л гэсэн үг байв. Харин 1990-ээд оноос Монголын шинэ үеийн түүхийг эргэн харах явцад 1911 оныхыг үндэсний хувьсгал, 1921 оныхыг үндэсний ардчилсан хувьсгал, 1990-ээд оныхыг ардчилсан хувьсгал гэж нэрлэх болсон юм.

Марксизм-Ленинизмийн номлолд хүн төрөлхтний түүх ангийн тэмцлийн түүх учир Ленинист намч (партийность), ангич (классовостъ), ардач (народность) зарчим гэдэг нь аливаад, түүний дотор түүхэнд, өөрийн нам, анги, хувьсгалын байр суурь, эрх ашгийн үүднээс л хандах ёстой гэсэн үг. Ертөнцийг үзэх улаан зарчим, улаан түүх. Мэдээж МАХН ард анги, ардын хувьсгалын удирдагч учир намч, ангич, ардач гэдэг нь хэрэг дээрээ намч буюу МАХН-ын байр суурь, эрх ашгийн үүднээс аливаад, түүний дотор түүхэнд хандахын нэр байсан юм. Тиймээс уг зарчмыг МАХН-ын зарчим буюу махнистзарчим гэх нь үнэнд нийцнэ.

Гэтэл “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго” болгосон Монгол улсын Ерөнхийлөгч Монголын түүхийг ангийн тэмцлийн онолоор төдийгүй махнист зарчмаар авч үзэжбуй нь илт /54/. Мэдээж “1990-ээд оны өөрчлөлт, шинэчлэлт” гэх нь махнист зарчмын үүднээс 1911 оныг хөдөлгөөн гэдгийн үргэлжлэл, уг зарчмын үүднээс 1990-ээд оны үйл явдлыг үнэлж, дүгнэж зэрэг, ач холбогдлыг бууруулан, дорд үзэж буй хэрэг. Үнэндээ 1990 оны үйл явдал МАН-ын эсрэг, МАН-ыг эрх мэдлээс огцруулах, зайлуулах үйл явдал байсан юм. Тиймээс МАХН-ыг түлхэн унагасан үйл явдлыг хувьсгал, ардчилсан хувьсгал гэх нь МАН-ыг түлхэн унагасан үйл явдлыг хувьсгал хэмээн өргөж Ардчилсан Намыг магтан дуулсан төдийгүй МАН-ыг орох оронгүй, оочих аягагүй болгосон хэрэг болох. Тиймээс л МАН 1990-ээд оны үйл явдлыг ардчилсан хувьсгал гэж хүлээн зөвшөөрөхгүй түүний оронд махнист нэр томьёо сэргээн хэрэглэж буй хэрэг.

Нэр томьёоны хувьд ижил ч, утга учрын хувьд ялгавартай /55/. Гэхдээ суурь хандлага нь намч буюу МАН-ын байр суурь, МАН-ын эрх ашгийн үүднээс аливаад хандаж МАН-ыг магтан дуулах, эрх мэдлийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж буй буюу зөвхөн намч зарчмын үүднээс хандаж буй тул МАН-ын энэ хандлагыг махнист гэхдээ неомахнист гэх нь оновчтой. Нөгөө талаар МАХН-ын үеийн ангич, ардач зарчмууд орхигдсон. Тухайлбал, МАХН-ын үед ардач зарчим баримталдагбайсан учир түүхийг бүтээгч нь ямагт ард түмэн байдаг байв. Неомахнист зарчмын хувьд түүхийг бүтээгч нь Монголын ард түмэн биш МАН. Монгол улс, Монгол орон, Монголын ард түмэн харин МАН-ын бүтээл. МАН-ын зарчим мөн чанараараа, хэрээрээ, чинээгээрээ, байгаагаараа байгаа нь энэ. Тиймээс өнгөрснийг, Монголын түүхийг эдүгээчлэн эдүгээгийн “нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандан, засварлан, гоёчлон, туйлширч” буй нь МАН бөгөөд энэ нь неомахнизм.

Энэ нь МАН-ын үнэн Монголын үнэн, МАН-ын түүх Монголын түүх гэсэн үг биш? “Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтой”гэж байгаа нь аль эрт МАН-ын үнэн Монголын үнэн, МАН-ын түүх Монголын түүх гэж тунхаглаж буй хэрэг бус? Монголын үнэн МАН-ын үнэнд, Монголын түүх МАН-ын түүхэнд, Монгол улс, Монгол үндэстэн, Монголын ард түмэн, Монгол хүн МАН-ын үзэмжинд багтах ёстой гэсэн үг биш? МАН-ын үнэнээс, түүхээсзөрсөн, харшилсан нь орон зайгүй гэсэн үг биш? МАН Монголын ирээдүйг заана, тодорхойлно, зална, хазаарлана, хязгаарлана гэсэн үг биш?

Улаан дэглэм

Яагаад неомахнизм мандах болов? Юуны учир худал ярих вэ? Үл мэдэхийнх? “Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн” гэсэн нь мэдэж буйг харуулах мэт. Улмаар “шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ” гэсэн нь мэдсээр байж мэлзэж буйг харуулах мэт. Уншссан нь мэдэхгүй байхыг үгүйсгэхгүй ч бичсэн нь мэддэг нь илт. Яагаад?

“МАН-ын эрхэм дээд зорилго тусгаар тогтнол”, “Ардын төрийн түүх бол Ардын Намын түүх”, “Хуучин хүү шинэ хүү болсон нь.” “Их бүтээн байгуулалтын түүх бол МАН-ын түүх” /56/. Тусгаар тогтнолыг МАН авчирсан, төр улсыг МАН бүтээсэн, “соёлтой монголыг”МАН бүтээсэн, бүтээн байгуулалтыг МАН хийсэн. МАН тусгаар тогтнолын нам, МАН эх орончдын нам, МАН хөгжил дэвшлийн нам, МАН бүтээн байгуулалтын нам. МАН улс орныг удирдах мэдлэг, чадвар, туршлага, хариуцлагатай цорын ганц нам гэж Монголчуудад үнэмшүүлэх явдал.“100 жил” хэмээх үйл ажиллагаа бүхэнийм тунхаглал, ийм ухуулга. МАН-ын үнэн Монголын үнэн, МАН-ын түүх Монголын түүх. Худал ярихын ч, хууран мэхлэхийн ч, мэлзэхийн ч, өөрөөр хэлбэл неомахнизмын эх сурвалж энд орших. Өөрөөр хэлбэл энэ бүхний эх сурвалж нь МАН оршиж, МАН засаглаж, МАН эрх мэдлээ улам бүр бэхжүүлэхийг санаархаж буй явдал.

Үүний тулд Монголд болсон нааштай, сайн бүхэн МАН-ынх байх төдийгүй, МАН сайн сайхан, гэрэлтэй, гэгээтэйг авчирсан, бүтээсэн байхын тулд МАН-ын өмнөх Монгол муу, муухай, бурангуй, дорой, зэрлэг, бүдүүлэг, хуучин, соёлгүй, харанхуй колони байх ёстой. МАН-ын зорилго, эрх ашиг үүнийг шаардана, МАН-ын үнэн үүнийг шаардана, неомахнизмын эх сурвалж. Тухайлбал, Монголын тусгаар тогтнолыг МАН авчирсан байх ёстой. Монголчууд үүнд итгэх ёстой. Тиймээс Чингисийн угсааны язгууртнууд болон Богд Жавзандамба тэргүүтэй хутагт, хувилгаад тусгаар Монгол улсыг байгуулсан байж болохгүй. Чухам тийм учир түүнийг хөдөлгөөн болгон бууруулах хэрэгтэй, тусгаар тогтнолыг жинхэнэ авчирсан нь 1921 он байх ёстой. Улааны номлол, улаантны махнизмнеомахнизмыг төрүүлэх нь энэ. Монголын түүх МАН-ын зарчимд захирагдах нь энэ.

Махнист зарчмаар МАН-ын явуулсан аллага, хядлага, хэлмэгдүүлэлт нь ардын хувьсгалын, ардын засгийн, ардын намын, эсвэл ардын дайснуудын эсрэг ардын намын амжилттай өрнүүлсэн ангийн ялгуусан тэмцэл байв. Монголын хувьд, ялангуяа, ардчилсан Монголын хувьд тэдгээр нь аллага, хядлага, хэлмэгдүүлэлт, дарангуйлал, бурангуйлал. Гэмт хэрэг. МАН харин Монгол шиг харахыг ч, харуулахыг, дурсахыг, дурсагдахыг ч үл хүсэх. МАН-ын нэр хүн, засаглалд төдийгүй МАН ардчилсан Монголд орших ёстой эсэхийн тухай асуудал. МАН-ын хань хамсаатнууд Герман, Унгар, Румын, Болгар, Албани, хуучин Чехословак, хуучин Югослав, хуучин ЗХУ даяар, төдийгүй Орост ч тарсан, татан буугдсан төдийгүй Орос зэрэг хэд хэдэн оронд, түүний дотор Какахстанд ч, хориглосон. Ам барих, цагдах, цензурдахын учир энэ. Монголын үнэн МАН-д аюултай учир МАН-ын үнэн Монголын үнэн байх ёстой.Тиймээс Монголын амыг барих ёстой.

Харагдсан ч, дурсагдсан ч МАН хариуцлага хүлээх ёсгүй. “Гаднын дарамт, шахалт дор өрнөсөн” /57/.Хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэх шийдвэрийг нь 1996 оны 8 дугаар сарын 29-нд Ардчилсан Холбоо Эвслийн УИХ гаргасан. МАН тасралтгүй эрх барьсаар байсан бол үгүй ч байх байсан мэт. Монголд болсон сайн, сайхан нь МАН-ынх, муу муухай нь Зөвлөлтийнх, Коминтерных. Сайн, сайхан нь МАН-ынх бол муу, муухай нь ч мөн МАН-ынх, муу, муухай нь Зөвлөлтийнх бол сайн, сайхан нь ч Зөвлөлтийнх байх ёстой бус? МАН-ын дарга “Түүхийн сайн нь ч бидний багш, саар нь ч бас бидний багш” гэсэн бус? Марксизм-Ленинизм хүн төрөлхтний түүхийг ангийн тэмцлийн түүх гэж номлодог төдийгүй, коммунизм зайшгүй гэж итгүүлэхийн тулд түүхийг хууль, зүй тогтолтой зайлшгүй үйл явц гэж номлодог байсан бол неомахнистууд түүнийг МАН-ыг хариуцлагаас мултлах арга болгон хэрэглэх болсон мэт. Зайлшгүй юманд арга байхгүй.

Үнэндээ МАН засаглах учир, чухам МАН-ын зарчим засаглах учир Монголын баяр, ёслол, тэмдэглэлт өдөр, дурсгалууд төдийгүй хөшөө дурсгал, алдар цол, одон медаль зэрэг дурсгал, дурсамж, түүх, ой санамжийн зүйлс нь бүхэлдээ МАН-ынх, улааных. Тиймээс ч Оросын улаан цэрэг Монголын Нийслэл Хүрээг эзэлж, улаантнуудын Оросын нутагт, Тройцкосавскт байгуулсан МАН, улаантнуудын Монголыг эзлэхийн тулд байгуулсан Ардын Түр Засгийн газар гэгч Монголын хууль ёсны Засгийн газрыг түлхэн унагасныг ардын хувьсгал ялсан өдөр гэж Монгол улс жил бүр 7-р сарын 11-нд баярлан тэмдэглэдэг юм.

“Урьд автономит засгийн үед улсын баярыг жил бүр өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулсаар ирсэн ажгуу. Үүн дор бидний Монгол ардын намын журамт цэрэг Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он зуны сүүл сард … Нийслэл Хүрээг эзэлж мөнхүү сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж … ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зүй нь улсын баярын ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохимой” хэмээн МАН-ын Төв Хороо шийдсэн юм /58/. Чухам ийнхүү Монгол улсыг тунхагласан 12-р сарын 29-нийг МАН халж, улаан оросууд Нийслэл Хүрээг эзэлж, Монголын хууль ёсны засгийн газрыг устгасныг Монгол улс баярлан тэмдэглэдэг юм. Ардчилсан Монгол улсад ч Монгол улсaa тунхагласныг 7-р сарын 11-ний хэмжээнд тэмдэглэдэггүй нь МАН засаглаж байгаагийнх л юм.

МАН-ын зарчим Монголд засагладаг бол, МАН-ын зарчимд улаантны зарчим засаглах. Учир нь улаантнууд улаан хувьсгалынхаа үнэт зүйлсийн үүднээс дагуул улаан дэглэмээ баяр, ёслол, дурсамж төдийгүй, хөшөө дурсгал, алдар цол, одон медаль зэрэг дурсамж, дурсгалын зүйлстэй нь хамт байгуулсан юм. Ингэхдээ тэд улаан төвийн үүднээс өөрсдийн удирдаж, зохион байгуулсан зүйлүүдээ л жинхэнэ хувьсгалт гэж үзэж, тогтоосон бөгөөд эх улаантайгаа ижил болохыг хүсдэг болсон байсан МАХН түүнийг нь үнэнчээр даган биелүүлдэг байсан бөгөөд тэр нь эдүгээ болтол үргэлжилсээр.

МАН-ыг үндэслэгч нь ч, төрсөн өдөр нь ч, “ардын хувьсгалынх нь их удирдагч”, Монголыг үндэслэгч нь ч, төрсөн өдөр нь ч, Монголын нийслэл нь ч, төв талбай нь ч, туг, далбаа нь ч улааных, тэдний ч сонголт, дэглэлт. Чухам тийм учир МАН 1920 оны 06-р сарын 25-нд Монголын Нийслэл Хүрээнд Монголчуудын байгуулсан МАН-аар биш харин 1921 оны 3-р сарын 1-нд Оросын Тройцкосавскт улаантнуудын зохион байгуулсан зөвлөгөөнөөр мэндэлсэн ойгоо тэмдэглэдэг юм. Учир нь Монголчуудын байгуулсан МАН улаантны зорилгод нийцэхгүй байсны дээр, тэд Монголчуудын намыг намд үл тоосон хэрэг. Тиймээс тэд МАН-ын төлөөлөгчидтэй уулзаж байхдаа л “үндэсний хувьсгалт элементүүдийг нь зохион байгуулж, тэднийг удирдах ажлыг гартаа авч Монгол дахь нөлөөгөө бэхжүүлэх” /59/, ялангуяа“Монголын ардын хувьсгалт урсгалыг тогтвортой намын хэлбэрт оруулах” гэж шийдсэн бөгөөд уг зорилгынхоо дагуу 3-р сарын 1-ний үйл ажиллагааг улаантнууд зохион байгуулсан юм /60/. Унгернийг устгах зорилгоор “зөвлөлтийн цэргийг [Монголд] оруулах хэрэгтэй”болсон бөгөөд тэгэхдээ “Бидний [Зөвлөлтийн] эрх ашгийн үүднээс цэргийг оруулж байгаа юм гэсэн шалтаг зааж болохгүй … Бид өөрийн [Зөвлөлтийн] эрх ашгийг хамгаалах тухай биш, харин Монголд тусламж үзүүлэх тухай томьёолох” үүний тулд “Нэгдүгээрт, монголын засгийн газрыг байгуулах шаардлагатай, хоёрдугаарт, тэрхүү засгийн газар Зөвлөлт Орос улсад хандаж, цэргээ оруулж өгөхийг хүсэх хэрэгтэй” байсан нь уг зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай ч болгосон бөгөөд, улаантнууд Ардын Засгийн газар гэгчээ ч тэр даруй зохион байгуулсан юм /61/.

Тиймээс улаантнуудын зохион байгуулсан 1921 оны 3-р сарын 1-ний зөвлөгөөн нь МАН-ын тангаргаас ч, мөн МАН-ын 7 нөхрийн авч явсан Богд хааны тамгатай бичигт тавьсан зорилтод ч харш байсан юм. Тийм ч учир мөн оны “гурван сарын шинийн гуравны сайн өдөр” (1921 оны 4-р сарын 10) Хүрээнд байсан МАН-ын “журмын нөхдөөс”3-р сарын 1-ний үйл ажиллагаанд оролцсон нөхдөд захиа илгээж “бидний анх хэлэлцсэн хэрэг болбаас орос улсын зэрэг аль горилох газраас хамгаалал гуйж, гурван улсын хэлэлцэж тохирсон гэрээ бичгийг баримталж богд лам юугаан хаан эзэнд өргөмжилж, автономит засгийг хэвээр байгуулахыг эрмэлзэн нэн ялангуяа шарын шашин юугаан эрхэмлэн хүндэтгэх ба хуучин суртлыг алдагдахгүй явдлыг гол болгохоор хэлэлцсэн хэрэг болох ба басБогдын тамга дарсан бичиг ч болов нэгэн утгатай болохыг бэлхнээ толилох билээ. Одоо журмын эрхэм нөхдийн үүсгэж буй хэргийн байдлыг үзэж сонсвоос бидний анхны хэлэлцсэн ба Богд хааны таалал, олон хүний саналаас онц өөр суртлыг эрмэлзэж бүхий байдал буй” хэмээн зааж “өөр сурталд эрмэлзэхийг одоогоос шууд халж … буцаж ирэхийг … сануулах төдий цухас гаргаж бичсэн” байна /62/.

Хиагтын нөхөд “гурван сарын хорин гурван”-нд (1921 оны 4-р сарын 30) “Гурван улсын гэрээ бичгийг үл баримтлах, Богд хааныг эзэнд үл өргөмжлөх, автономийг ангидаа хувьсгах, шарын шашныг доромжлон дарлах, хуучин суртлыг орхиж ангид болгох, Богдын тамгатай бичгийн утгыг зөрчсөн зэрэг зүйл эдүгээд хүртэл бид нараас гарсангүй”, “бидний анх хэлэлцсэн ба Богд хааны таалал хийгээд олон хүний саналаас ангид зүйл бид нараас гарсан зүйлгүй” гэж дахин давтаж Хүрээний журмын нөхдийн сануулсан зүйлс үнэн, зөв болохыг бүрэн дүүрэн нотолсон байна /63/.

Гэвч “Зөвлөлийн засагт Орос улс харин монголын бат журамтан нар өөрийн ба олон ардын дайсан Унгерн лүгээ нийлж нөхөцсөнгүй ахул мөнхүү хэлэлцсэнийг дагаж гуйсныг батлах аж. Бид ч урьд өдөр Эрхүүгийн газраа хэлэлцсэнийг бат сахих асан, гэтэл санаанд үгүй харгис цагаанууд монгол газраа орсон тул … Түр засгийн газрын хүчээр түргэн цагийн дотор дайсныг арилгах арга хэрэглэвээс зохихын тул ховдог харгис ноёдын ашиг тусыг бодолгүй шууд халах явдлыг хоёрдугаар бошгийг халах намын ёсоор гүйцэтгэмүй. Ямар суртлыг хэрэглэх явдлыг бид эндээ мэдэх тул журмын нөхөд захиж төвөглөх хэрэггүй” /64/ гээд “Ардын нам, Түр засгийн газар хэмээсэн үгсээс сочиж сэжиглэх нь унтаж үхээд боссон бус тул бодомжилдог цаг нь оройтжээ” хэмээсэн нь “анх хэлэлцсэн ба Богд хааны таалал хийгээд олон хүний саналаас ангид зүйл” хийж буйгаа хүлээн зөвшөөрч тунхагласан төдийгүй Унгерныг устгахын тулд Зөвлөлтийн цэрэг оруулах улаантны зорилгод үйлчилж буйгаа ч илчилсэн байна /65/.

Чухам ийм учир 1921 оны 3-р сарын 1-ний үйл явдал нь 1920 оны 6-р сарын 25-нд Монголын Нийслэл Хүрээнд байгуулагдсан МАН-ын үүднээс ч, Монгол улсын үүднээс ч урвалт байсан юм. Мэдээж улаантны хувьд тэмдэглэх ёстой өдөр. Тиймээс ч Рыскулов нар Монголд өөр төрлийн намыг хориглохын зэрэгцээ МАН-ыг хөтөлбөр/66/, дүрмийнх /67/ нь хамт өөрчлөн зохион байгуулж, Коминтернд үг дуугүй захирагддаг, ардчилсан төвлөрөн удирдах (демократический централизм) зарчимтай жинхэнэ ардын хувьсгалт нам МАХН болгон өөрчлөхийн хамт 3-р сарын 1-ний зөвлөгөөнийг МАХН-ын анхдугаар их хурал болгон өргөмжилсөн юм.

Улаан туг далбаа, Улаанбаатар нийслэл, Сүхбаатар удирдагчтай болсон нь бүгд улааны үнэт зүйлс, зарчмын бүтээл, зохиосон үлгэр. Рыскуловын Үндсэн хууль ёсоор улсын туг далбаа, сүлд, нийслэлийн асуудал тавигдсан бөгөөд Гэндэн Нийслэл Хүрээг Нийслэл хот хэмээн нэрийдвээс гэхэд Цэрэндорж Нийслэл Хүрээг хэвээр хадгалах гэсэн боловч Ринчино няцааж, Рыскулов өлгөн авч “нэрийг сольсугай хэмээх нь зүй мөн … одоо шинэ нэрийг эрх үгүй энэ цагийн явдал байдалд нийлүүлэн Улаанбаатар хот хэмээвээс … Улаанбаатар дарлагдсан буурай ардын эрх чөлөөг олгомуй” гэнгүүт Даутбай гэгчөлгөн авч “тус хотыг шинэ нэртэй болсонд их баяр хүргэж, хүсэж ерөөх нь, энэхүү Улаанбаатар хот дарлагдсан олон ардын эрх чөлөөг олгогч Төв газар болж мандугай” /68/ гэснээр Улаанбаатар болсон юм. Ийнхүү Монголд улаан Үндсэн хууль тогтоож, улаан бүгд найрамдах дэглэм байгуулж, улаан хувьсгал хийсэн Рыскулов Монголын нийслэлийг “улаан” “хувьсгалт”баатар улаан баатар болгон улаан хувьсгалаа мөнхөлсөн юм /69/. Дундаа соёмбо үсэгтэй улаан туг далбааны загвар Рыскуловтан нар бэлтгэсэн байсан мэт бөгөөд соёмбо алтан шараар үлдсэн нь нэг талаас төлөөлөгч нар дийлэнх нь шарын шашинтай байсных нөгөө талаар далбаа нь улаан байсных мэт.

Бодоо тусгаар улсын ерөнхий сайдын ёсоор, бие даасан бодлого явуулах гэсэн нь улааны эрх ашигт үл нийцэж, тиймээс ч ардын хувьсгалын, Ардын Намын дайсан болж устгагдсан байв. “Монголыг Коммунист интернационалаас салгаж, улмаар Коминтерны хамт ЗСБНХУ-аас салгахыг хүсэж байна” гэж устгагдсан Данзан нар ч мөн ижил. Оноосон ял нь хүртэл Ардын нам, Ардын хувьсгал Монголынх биш Коминтерных, Зөвлөлтийнх гэж ил тод тунхаглах. Бодоо, Данзан нарыг устгасан улаантнууд, тухайлбал, Ринчино, Рыскулов нар “Сүхбаатар, Чойбалсан, Лосол нарын зэрэг үнэн шударга, бат журамт хэдэн нөхөд … Ардын намыг анх үүсгэн байгуулж… Сүхбаатар нарын зэрэг хэдэн хүмүүс Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газар ба бүх дэлхийн эв хамтын намын Коминтерны Газраас тусламжийг олоод Алтанбулаг хотын газраа эргэж ирэн, Ардын намын анхдугаар их хурлыг … нээж … түр цагийн Ардын засгийн газар байгуулан … ардын журам цэргүүдийг элсэн хуралдуулж Алтанбулагийн /70/ газраа оршин байсан хятадын харгис этгээдийн үлдэгдлийг хөөн зайлуулаад, Зөвлөлт Оросын Улаан цэргүүд лүгээ хүчин хавсралцан муу хулгай барон Унгерн зэрэг гадаадын харгис дайсныг хядан сөнөөгөөд, зуны сүүл сард Нийслэл хүрээнээ давшин ирж газар орон ба олон түмэн ардаа тохинуулан тогтоогоод ардын эрхтэй хэмжээт цаазат улсын засгийг явуулжээ” гэдэг үлгэрийг зохиож Цэрэндоржоор анхдугаар хэмээх Улсын их хурал дээр уншуулсан юм /71/. Үлгэр ингэж мэндэлсэн бөгөөд Сүхбаатар, Чойбалсан нар нь ч улаанд үнэнч байхын бэлэг тэмдэг болсон юм. Төр байгуулж, улс удирдах нь бүү хэл нам үүсгэж, цэрэг захирч, дайтсан түүхгүй шахам бага дарга Сүхбаатар Монголын төв талбайг эзэгнэж Бодоог бүү хэл Чингисийг дээрэлхэх мэт болсон нь улааны үнэт зүйлс, зарчим, үлгэрийн засаглал, МАН-ын гавьяа зүтгэл.

Чухам энэ үнэт зүйлс, зарчмаар “анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах улс тунхагласан” нь “Mонгол түмний хувь заяаг эргүүлсэн … сод … гайхамшигт үйл явдал” гэж жил бүр баярлан тэмдэглэх/72/. Гайхамшигт баяр болгон тэмдэглэхийг нь ч улаантнууд Рыскулов, Ринчино нар зааварласан юм. Рыскулов “улсын Үндсэн хуулийг анх баталсан их баярыг хүргэ[ж]”, Ринчино өлгөн авч “нөхөр Рыскуловын хэлэх нь, тус хурал Үндсэн хуулийг … батлан буй нь маш их баяр … энэ өдөр энэхүү Үндсэн хуулийг баталсан өдөр болбаас туйлын дээд баяр мөн хэмээвээс зохино … энэхүү Үндсэн хуулийг ийнхүү баталсан нь үнэхээр их баяр”хэмээн баярлахыг зааварласан байна /73/. Улмаар, 1924 оны 11-р сарын 28-нд “ардын нам үүсэж Сүхбаатар, Чойбалсан, Лосол нарын зэрэг шударга журамт хэдэн хүмүүс ... зүтгэн явж, Зөвлөлийн засагт Орос Улсын Засгийн газар ба бүх дэлхийн эв хамтын намын Коминтерны газраас онц ихээхэн тусламжийг олоод … бүдүүлэг харанхуй ард түмнийг гэгээрүүлэх … жинхэнэ ардын улсын ёсонд нийлүүлэн бүгд найрамдах засгийг явуулан … Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндсэн хууль … батлан тогтоосон ... нь ... монгол язгууртанд хэдэн зуун оноос инагш үзэгдсэнгүй гайхамшигтай хэрэг болохын тулд тусгайлан ухуулах бичгийг гаргаж нийтээр сэнхрүүлэн ухуулав” гэсэн нь Рыскулов нарын бүтээл нь ойлгомжтой /74/. Мэдээж Монголд улаан хувьсгал хийж, улаан дэглэмээ тогтоож, хуульчлан Монгол улсыг “дорнод дахь хувьсгалын чухал цайз форпост” болгосон улаантнууд ялалтаа тэмдэглэхээс гадна байгуулсан дэглэмээ бэхжүүлэх нь чухал байсан нь ойлгомжтой /75/. Монголд зөвлөлт/хурлын дэглэм тогтоож, Монголыг тэргүүнгүй улс болгоход нь да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй хэмээн улаантнуудад нүүр царай, хэл ам болж өгсөн Цэрэндорж ерөнхий сайдаар хэвээр үлдсэн төдийгүй Монголын зөвлөлт бүгд найрамдах улсын эцэг дүр болсон нь ч улаантнуудын дэглэсэн жүжиг юм.

Улааны дэглэм эдүгээ хүртэл МАН-д засаглаж, МАН-аар дамжуулан Монголд засагладаг нь түүхэнд хандах махнист зарчмын бүтээл, үр дүн бөгөөд махнизм неомахнизм болон хувирсанд оршино. Энэ нь МАН-ын эрх баригчид улааныг шүтэж, тэдний үзэл бодол, бодлогыг биширдэг, баримталдагт бус харин МАН-ын засаглал, эрх мэдэл, эрх ашигт оршино. Хэрэг дээрээ энэ нь ардчилсан Монголд МАН орших ёстой эсэхийн тухай асуудал. Оршихын тулд МАН өөрийгөө магтан дуулах ёстой, өөрөөсөө өмнөхийг ба бусдыг харлуулах, өөрийн харыг цайруулах ёстой.

Ийнхүү Берлин, Прага, Белград, Будапешт, Бухарест, Софи, Тиранад төдийгүй Москвадаа ч татан буугдаж, сөнөж мөхсөн улааны дэглэм МАН-ын засаглалаар дамжин Улаанбаатарт засагласаар байх тул ардчилсан хэмээх Монгол улс баяр, ёслол, ой, хөшөө, дурсгал, алдар цол, одон медаль зэргээрээ улаан дэглэм, зөвлөлт бүгд найрамдах улс хэвээр. Мөхсөн улааны дэглэм МАН-аар амилан Монголын үнэнийг, Монголын түүхийг, Монголын эдүгээг, Монголын ирээдүйг ч тодорхойлсон хэвээр. Чухам эл учир Монголчууд бахархан дуурьсгах ёстойгоо бахархан дуурьсгаж чадахгүй, гашуудан эмгэнэх ёстойгоо гашуудан эмгэнэж чадахгүй төдийгүй эмгэнэх ёстойгоор баярлан бахархаж элэг доог, ичгүүр сонжуур ч болж байх. Мөхсөн, сөнөсөн улааны дэглэмийг амилуулж байгаа цорын ганц хөсөг нь МАН, МАН-ын засаглал, түүний засаглалаа бэхжүүлэх санаархал. Чухам үүний улмаас Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо эрхэмлэх хэр нь тэдгээрийг нь устгаж дагуул дэглэмээ тогтоосон улаантнуудыг даган баярлах болох!

Ишлэл, зүүлт:

1. “Улаан хувьсгалыг” дахин нийтэлж олон нийтэд хүргэхэд тусламж үзүүлсэн МУИС-ийн багш Э. Туулайхүү болон энэ өгүүллийг тэрлэхэд зарим холбогдох сурвалжаар харамгүй тусалсан Түүхийн Төв Архивын захирал Т. Сайнжаргал, МУБИС-ийн багш Д. Идэр, МУИС-ийн докторант Р. Ринчинноровт гүн талархлаа илэрхийлье. Өгүүлэлд илэрхийлсэн санаа бодол зөвхөн зохиогчийнх болно.

2. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үг. https://president.mn/31550/

3. У. Хүрэлсүх “хэмээн эрдэм судлаачид үздэг” гэж. Тийм биш гэдгийг анх миний бие 1999 онд хэвлэгдсэн энд мөн дахин хэвлүүлж буй “Монгол дахь ‘улаан’ хувьсгал” гэдэг судалгаандаа гаргаж тавьсан бол хожим Ч. Дашдаваа уг асуудлыг мөн авч үзээд “Үндсэн хуулийн төслийг боловсруулахад П. Всевятский, Т. Рыскулов, Э. Ринчино нар гол үүрэг гүйцэтгэжээ” гэж дүгнэсэн байдаг (Л. Мөнх-Эрдэнэ, “Монгол дахь ‘улаан’ хувьсгал (Бүгд найрамдах улс тунхаглаж Анхдугаар үндсэн хуулийг баталсан түүхэн үйл явц, нийгэм, төрийн байгууллын өөрчлөлт, үр дагавар”, XX зууны Монголын түүхийн зарим асуудал, Улаанбаатар 1999: 59-75; Ч. Дашдаваа, Улаан түүх (Коминтерн ба Монгол). 2003: 105).

4. Тийм ч учир “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь эдүгээхийн эзэрхэг хөрөнгөтний [капитализм гэсэн үг Л. М.] байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт [социализм] ба эв хамтын ёс журмыг [коммунизм] эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаад лугаа харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилго лугаа нийлүүлэн явуулбаас зохимуй” гэж пролетарийн диктатурын зорилго болох социализм, коммунизмыг чиг баримжаа болгон тунхагласан хэрэг.

5. ЗСБНХОУ-ын 1918 оны Үндсэн хуулийн 4-р хэсгийн, 63-р зүйл дэхь “а) все добывающие средства к жизнипроизводительным и общественно полезным трудом, а также лица, занятые домашним хозяйством … б) солдаты советской армии и флота”-гийн орчуулга.

6. ЗСБНХОУ-ын 1918 оны Үндсэн хуулийн 4-р хэсгийн, 64-р зүйл дэх “ а) лица, прибегающие к наемному труду с целью извлечения прибыли; б) лица, живущие на нетрудовой доход, как-то: проценты с капитала, доходы с предприятий, поступления с имущества и т.п.; в) частные торговцы, торговые и коммерческие посредники; г) монахи и духовные служители церквей и религиозных культов; д) служащие и агенты бывшей полиции, особого корпуса жандармов и охранных отделений, а также члены царствовавшего в России дома; … ж) лица, осужденные за корыстные и порочащие преступления на срок, установленный законом или судебным приговором”-ийн үгчилсэн, утгачилсан орчуулга.

7. Намнансүрэнгийн төсөл гэж Ж. Цэвээний бичсэн үндсэн хуультхаант байгууллыг суртчилсан Улсын Эрх зохиолыг хэлж байгаа бололтой.

8. “Монгол хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль” хэмээх төслийг Бодоогийн төсөл гэж үзэж байгаа юм байна (Монголын Архив Эрдэм шинжилгээ, арга зүйн сэтгүүл, 2024, 08 (25): 23–28р.). Гэвч энэ төслийг зүй нь Магсаржавын (Магсар хурц) эсвэл Магсаржав, Цэвээн нарын төсөл гэвэл зохистой. Анх 1922 оны 5-р сарын 19-нд тухайн үед Шүүх Яамны тэргүүн сайд байсан Магсаржаваар тэргүүлүүлсэн Үндсэн хууль боловсруулах комисс байгуулаад, 9-р сарын 1-нд “улсын үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч … зохиовоос зохимуй” гэж тусгайлан хэмжээт цаазат засгийн хувилбарыг сонгон даалгасан байдаг(Мөнх-Эрдэнэ, “Монгол дахь ‘улаан’ хувьсгал”, 62). Улмаар 1922 оны 12-р сарын 29-нд тэр үед Засгийн газрын Цааз, хууль эмхлэх хэлтсийн эрхлэх түшмэл болсон байсан Магсаржавын (Шүүх Яамны сайд Сономдорж болсон байсан) саналаар Үндсэн хууль боловсруулах комиссыг татан буулгаж, Үндсэн хууль боловсруулах үүргийг Магсаржавын өөрийнх нь эрхэлсэн Засгийн газрын дэргэдэх Цааз хуулийн хэлтэст даалгасан болно. Улмаар 1923 он гэхэд “Монгол хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль” бэлэн болсон төдийгүй, “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын хурлын дүрэм”-ийг АЗГ 1923 оны 10-р сарын 5-нд батлан, товхимол болгон хэвлүүлэн “зарласан” байдаг (Мөнх-Эрдэнэ, “Монгол дахь ‘улаан’ хувьсгал”, 62; “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм”-ийг Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 24–28-аас үзнэ үү.). Гэвч 1924 оны 10-р сарын 19-нд хуралдсан АЗГ-ын 34-р хуралдаанаар “урьд тогтоон зарласан улсын хурлын дүрмийн дотор хараахан тохирохгүй зүйл”болох хэмжээт засагтай холбогдсон үг, өгүүлбэр, зүйлийг хасаад “БНМАУ-ын хурлын дүрэм” болгон баталсан байдаг(Мөнх-Эрдэнэ, “Монгол дахь ‘улаан’ хувьсгал”, 67.). Хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль, Хэмжээт цаазат Монгол улсын хурлын дүрэм хоёр хамт боловсруулагдсан нь илэрхий төдийгүй, уг асуудлыг эрхэлж байсан байгууллага нь Магсаржавын эрхэлсэн Цааз, хууль эмхлэх хэлтэс байсан бөгөөд АЗГ Хэмжээт цаазат Монгол улсын хурлын дүрмийг баталж, хэвлэн, олон түмэнд тунхаглан зарласан байсан нь чухам тэр хурлаар “Монгол хэмжээт засагтай ард улсын үндсэн хуулийг” хэлэлцэн батлахаар зэхэж байсныг харуулж байгаа юм. Нөгөө талд, хэдийгээр Бодоо хэмжээт цаазат засгийг бэхжүүлж “Тангаргийн гэрээ” зэргийг батлуулж байсан хэдий ч тэрээр 1922 оны 1-р сард бүх албан тушаалаасаа чөлөөлөгдөж, “Бүгд найрамдах засгийн хэрэг” гэгчид шалгагдаж, МАН-аас хөөгдөж, удалгүй баригдаж, мөн оны 8-р сарын 31-нд буудуулсан байдаг (Л. Бат-Очир, Бодоо сайд: Үзэл ба Үйлс, Улаанбаатар, 1991; Л. Бат-Очир, Догсомын Бодоо (Хэлсэн, бичсэн зүйлийн түүвэр), Улаанбаатар, 2001-ийг тус тус үзнэ үү.).

9. Түүхийн Төв Архив, 445-1-38a: 38.

10. Ю. С. Кукушкин, О. И. Чистяков. Очерк истории Советской Конституции, Москва Издательство политической литературы, 1987. 239–261; ЗСБНХОУ-ын 1918 оны Үндсэн хуулийг https://www.hist.msu.ru/ER/Etext/cnst1918.htm үзэж болно.

11. АДБНУ-ын 1921 оны Үндсэн хуулийг https://worldconstitutions.ru/?p=1053 үзэж болно.

12. Ю. С. Кукушкин, О. И. Чистяков. Очерк истории Советской Конституции, Москва Издательство политической литературы, 1987. 263–283; ЗСБНХУ-ын 1924 оны Үндсэн хуулийг https://www.hist.msu.ru/ER/Etext/cnst1924.htm үзэж болно.

13. 1–3, 8–12, 17, 22–24, 28, 30–39, 41–46-р зүйлүүд.

14. 4–7, 13–16, 18–21, 25–27, 47–50-р зүйлүүд.

15. Түүхийн Төв Архив, 445-1-38a: 32.

16. “Проект конституции вырабативали мы с т. Всевятскими. Материалами использовали конституцию СССР, Дальне-Восточной Республики и другие разные проекти … В общем этот проект вносится от имени правительства в хурулдан и думаем целиком будет утвержден.” Түүхийн Төв Архив, 445-1-38а: 39.

17. Монгол дахь Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын бюллетений 1924 оны дугаар 10 -т “Их хуралдааны дарга (председатель великого хурулдана) (Япон-Данзан гэдэг) Монгол улсын албан ёсны тэргүүн байх” тухай санаатай гэсэн байна. Уг бюллетень нь 1924 оны 5-р сарын дугаар тул энэ үед байх их хурал зөвхөн Улсын Түр Цагийн хурал. Бодвол Япон хэмээх Данзан нь УТЦХ-ын дарга байсан учир их хуралдаан гэж УТЦХ-ыг хэлсэн бололтой (РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 187.).

18. “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм” болон “БНМАУ-ын улсын хурлын дүрмийг” Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 24–28, 30–34-өөс тус тус үзнэ үү.

19. “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм”-ийг Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 24–28-аас үзнэ үү.

20. Түүхийн Төв Архив, 445-1-38а: 38.

21. “БНМАУ-ын улсын хурлын дүрэм” нь үндсэндээ “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм” болно. Зөвхөн Богд хаантай холбоотой заалтыг хасаад, ардын эрхтэй хэмжээт цаазат гэснийг бүгд найрамдах болгон сольсон болно. Тиймээс үзэл санааны хувьд нэг дүрэм болно.

22. Түүхийн Төв Архив, 445-1-38а: 38; “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм”-ийн 3, 4, 5 дугаар зүйлийг Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 24–25.

1. Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм”-ийг Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 24–28.

23. “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын улсын хурлын дүрэм”-ийг Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 26.

24. “Большой и малый хурулдан и правительство с экономическим советом по смыслу новой конституции соответствуют нашим: Всероссийскому Съезду Советов, ВЦИКу и Совнаркому.” Түүхийн Төв Архив, 445-1-38а: 39.

25. Зөвлөлтийн их хурал (сьезд), Коминтерны конгрессыг мэддэг, оролцож байсан төдийгүй өөртөө МАН, МХЗЭ-ийн их хурлуудыг (сьезд) зохион байгуулж байсан Монголын эрх баригчид сьезд, конгресс болон парламентыг ялгаж ойлгодог байсан ч учир өөрийн улсын парламентыг улсын хурал гэж нэрэлдэг байсан нь илэрхий.

26. Монголын Архив Эрдэм шинжилгээ, арга зүйн сэтгүүл, 2024, 08 (25): 27.

27. БНМАУ-ын Анхдугаар Их Хурал. Улаанбаатар, 1984: 258.

28. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үг. https://www.parliament.mn/nn/63461/

29. “Председатель малого хурулдана (вроде ВЦИК) думаем провести какого нибудь кочевника (арата), но выбрать такого, который обещал бы быть работником, выдвигабщимся из простолюдин … Председателем правительства думаем оставить ЦЕРЕН-ДОРЧЖИ.” Түүхийн Төв Архив, 445-1-38а:40.

30. Түүхийн Төв Архив, 445-1-38а: 37.

31. Түүхийн Төв Архив, 445-1-38a: 15, 20.

32. Коминтерн ба Монгол, Улаанбаатар, 1996: 78. Орос эхийг Түүхийн Төв Архив, 445-1-38a: 17.

33. “Данзан болон Баваасан нарыг буудсан нь Цэрэндоржийн бүлэг хийгээд түүнд өөрт нь ихээхэн айдас төрүүлсэн нь илэрхий байна. Цэрэндорж болон түүний хүмүүс одоо нэлээд өөрчлөгдсөн. Овоо дуулгавартай болсон. Залуучуудын санаа бодлыг авч, улс орныг ардчилах аливаа арга хэмжээг дуртай (хэрэг дээрээ бол хүчинд автан) явуулдаг болсон” гэдгийг Рыскулов мэдэж байсан юм (Түүхийн Төв Архив, 445-1038a: 12.).

34. “Церен-Доржчи на заседаний Главной Комиссии по утверждению проекта конституции почти целиком принял мой проект конституции. В этой комиссии участвовал Ринчино и другие, но члены комиссии Жамцарано, желавшего провести свой буржуазный проект конституции, как раз не было и даже нарочно видимо непригласили.” Түүхийн Төв Архив, 445-1-38а: 18.

35. “Церен-Доржчи выказал себя боллее радикальным и даже революционно настроенным в данном случае.” Түүхийн Төв Архив, 445-1-38а, 39.

36. Магсаржав-Цэвээний болон Цэвээний гэгдэх Үндсэн хуулийн төслүүдийг Монголын Архив Эрдэм шинжилгээ, арга зүйн сэтгүүл, 2024, 08 (25): 23–32.

37. Хэрэглэсэн нэр томьёо, үг хэллэгийг нь харвал Цэвээнийх мөн ч болов уу. Тухайлбал Цэвээн sovereignty хэмээх ойлголтыг Улсын Эрхдээ “улсын дээд эрх” гэж буулгасан байдаг бол энэ төсөлд мөн улсын дээд эрх гэж хэрэглэсэн байна. Мөн Цэвээн Монголын газар нутгийг харийн колоничлолд өртөж буйд ихээхэн анхаарал тавьдаг байсан билээ. Энэ төслийн 13-р зүйлд “Монголын газар ус ба ер өлгийн баялгийг хил хязгаар, монголын харьяат эл хүн бүгд хичээнгүйлэн хамгаалж, гадаадын хүн зориуд нүүдлэн орж колони болон суух ба онц эрх олон түрэмгийлж монгол үндэсний хойтын ашгийг булаан авах явдлыг сэргийлбээс зохимуй” хэмээн томьёолсон байна. Мөн 7-р зүйлд “Богд хааны эрх хэмжээг олноо өргөгдсөний арван нэгдүгээр он арван сарын шинийн 2-ны өдрөө Ардын засгийн газар, Богд хаан хоёрын хоорондох холбогдлыг тодорхойлсон дүрмийн ёсоор журамлан дагаваас зохих тул энэхүү дүрмийг Үндсэн хуульд хавсаргав” гэснээс үзвэл “Богд хаан, Засгийн газар хоёр … ариун тангараг болгон баталсан”Тангаргийн гэрээ гэж нэрлэгдсэн “хэмжээт засагт ард улсуудын үндсэн хуулийг гол утгыг баримтлан тогтоосон дүрэм хэмжээг” Цэвээн мөн боловсруулсан мэт (Монголын Архив Эрдэм шинжилгээ, арга зүйн сэтгүүл, 2024, 08 (25): 31, 32).

38. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 185.

39. Тухайлбал түүхч Д. Өлзийбаатар Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын гэрээг эсэргүүцэж “Үндсэн хуулийг баталж … тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн” бөгөөд “БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм” гэж. https://ikon.mn/n/1qcl

40. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 175, 186, 185, 176–177.

41. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 192–196.

42. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 196.

43. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 195,186–187.

44. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 187.

45. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 187.

46. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 202–203.

47. РГАСПИ, Ф. 495, Оп. 152. Д. 29.1. 175–204; 203, 187.

48. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үг. https://www.parliament.mn/nn/63461/

49. У. Хүрэлсүх мөн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” илтгэлдээ “тэнгэрийн тааллаа” мөн хэрэглэсэн байна. https://news.mn/r/2406197/

50. У. Хүрэлсүх мөн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” илтгэлдээ “Хуучныг халж шинэ засаг төрийг байгуулна гэдэг тийм ч амар хялбар бүтэх ажил биш байлаа. Дэлхийн аль ч улсад ноёрхогч анги эрх мэдлээсээ сайн дураараа татгалзаж байсан түүх байхгүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайны түүх бол хаа сайгүй байдаг билээ. Энд онцлон тэмдэглэхэд, засаг, төрийн эрхийг шилжүүлэх өөрчлөлтийг манай нам аль болох тайван замаар хийхийг эрмэлзэж, “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн анхныхаа программд заасан нь бий” гэж мөн өгүүлж. https://news.mn/r/2406197/

51. Энэ мөрийг У. Хүрэлсүх мөн МАНын 100 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнол хөгжлийн зуун” илтгэлдээ “түүхийн үнэнийг тогтооход баримтлах нэг алтан зарчим бий. Энэ бол өнгөрснийг дүгнэхдээ эдүгээчлэх, нам, бүлэглэл, хувь хүний үнэлэмжээр хандан өөрийн үзэмжээр засварлах, гоёчлох, эсхүл нийтэд нь харлуулах зэрэг туйлшралаас бүрмөсөн зайлсхийж, тухайн цаг үеийнх нь түүхэн нөхцөл байдал, учир шалтгаан, үйл явдлын хэлхээ холбоон дунд нь нийцүүлэн авч үзэх явдал юм гэж томьёолж. https://news.mn/r/2406197/

52. Х. Чойбалсан, Д. Лосол, Г. Дэмид, Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх. Улаанбаатар. 1979.

53. Коминтерн ба Монгол, 65.

54. У. Хүрэлсүх МАН-ын 100 жилийн ойн илтгэлдээ “Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол” гэсэн дараалал хэргэлснээ, Үндсэн хуулийн 100 жилийн ойн үгэндээ “Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан” хэмээсэн нь илт махнист алхам юм.

55. Эдүгээгийн МАН-ыг Лениний хувьсгалын онол, номлол, сургаалыг баримталж буй гэж бодохгүй байна.

56. У. Хүрэлсүх, “Тусгаар тогтнол хөгжлийн зуун,” https://news.mn/r/2406197/

57. У. Хүрэлсүх, “Тусгаар тогтнол хөгжлийн зуун,” https://news.mn/r/2406197/

58. Түүхийн Төв Архив, 4-1-150.

59. “Монголын ардчилсан олон түмнийг зохион байгуулах гэсэн бидний санаа бол нийт төлөөлөгчдийн хүссэн зүйл биш, харин зөвхөн ардын хувьсгалт бүлгийнхний төлөөлөгчид л тэгж хүсэж байгаа нь тодорхой бөгөөд бусад нь бол өөрсдийн эрх ашгийн үүднээс хятадуудыг хөөн гаргахад туслах асуудлыг тавьж байгаа юм” гэж Монголын төлөөлөгчидтэй уулзсан Ф. И. Гапон 1920 оны 8-р сарын 26-нд И. Н. Смирновт бичсэн байна (Коминтерн ба Монгол, 19).

60. Коминтерн ба Монгол, 19; Дашдаваа, Улаан түүх, 28.

61. Коминтерн ба Монгол, 25–28.

62. МАХН ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэлд (баримт бичгүүд), эмхэтгэгч Д. Даш, Улаанбаатар 1971: 128–129.

63. Мөн тэнд, 111, 112.

64. МАХН ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэлд (баримт бичгүүд), эмхэтгэгч Д. Даш, Улаанбаатар 1971: 114.

65. Мөн тэнд 113.

66. Коминтерноос боловсруулж МАХН-д явуулсан МАХН-ын хөтөлбөрийн 1925 оны 8-р сарын 13-ны Орос эхийг Түүхийн Төв Архив, 445-1-43 аас үз.

67. Коминтерноос боловсруулж МАХН-д явуулсан МАХН-ын дүрмийн 1925 оны 8-р сарын 31-ны Орос эхийг Түүхийн Төв Архив, 445-1-48-аас үз.

68. Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 276.

69. Рыскулов улаан хувьсгалыг онцлон цохож улаан хувьсгалын баатар болгож Улаанбаатар болгосон юм. Рыскуловын хэлсэн үг Орос эхээр “Чингисхан был народным героем, но он был завоевателем. Теперешняя Народная Монголия не имеет завоевательных целей, она хочет освободиться и развиваться самостоятельно, по революционному пути. Поэтому название Улан-Батор-Хото будет революционным названием, и оно будет понятно всем. Приставка Улан («красный») придаёт этому названию революционный характер, будет означать революционную твёрдость монгольского народа в деле защиты своей независимости” (Ломакина И. И. Монгольская столица, старая и новая. Москва Товарищество научных изданий КМК, 2006: 140).

70. Алтанбулаг хотын газраа эргэж ирэн, Ардын намын анхдугаар их хурлыг нээсэн гэх мөртлөө Алтанбулагийн газраа оршин байсан хятад цэргийг үлдэн хөөж гэсэн нь Ринчино, Рыскулов нар түүх хүүрнэж бус үлгэр зохиож байсныг л давхар гэрчлэх.

71. Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 40, 41.

72. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үг. https://president.mn/31550/

73. Улсын анхдугаар их хурал 100 жил Сурвалж баримт Тэргүүн дэвтэр (Эх баримтын хөрвүүлэг, тайлбар), Эмхэтгэсэн Ц. Гантулга, Улаанбаатар, 2024: 276, 277.

74. Монголын Архив Эрдэм шинжилгээ, арга зүйн сэтгүүл, 100.

75. Новая Монголия МНР. Великий Хурал Первый Протоколы первого Великого Хуралдана Монгольской Народной Республики. УБ., 1925: 60.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2024-12-25 10:01:48

59 153 115 85 гэ бичигч та энэ профессор түүхийн бодит болсон явдлыг баримтаас оруулж Хүрэлсүх ерөнхийлөгчийн хэлсэн үгээс иш татан бичсэн байгааг гүйлгэж хараад ойлгох чадваргүй нь мөн тоогүй еэ .

зочин [59.153.86.104] 2024-12-25 09:51:44

монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхүүд гэж ямар хүмүүс байдаг юм бэ.ерөнхийлөгчийн хэлэх ярих үг санааг маш ул суурьтай олон талаас нь түүх бодит байдалд авцалдуулан хийгүй бэлдэж өгөхгүй бол хэцүүхэн юмыг шууд дуржигнатал уншаад тавьчих юм .аль эрт 1990 онд халсан коммунист үзэл суртал ,хуурамч түүхийг өнөөдөр бахдалтайгаар давтах нь зохимжгүй . уг нь бодит түүхийг яг чин үнэнээр нь сайн мууг нь дүгнэсэн үг хэлсэн бол ард олонд бодож ухаарахад нь тустай байлаа.

Зочин [103.57.95.167] 2024-12-24 19:20:45

Улаантнууд гээд байгаа ахмад үеийнхэн чинь монголын тусгаар тогтнолыг авчирсан гэдгийг мартаж болохгүй шүү. Хэрэв тэд үүнийг хийгээгүй бол аль хэдийн хятад болж дуусах байсан шүү.

Зочин [202.179.2.130] 2024-12-24 18:28:53

Энэ хүн юун хүн бэ? МУИС т ийм хүн байдаг юм уу? Энэ этгээд ягаад Монголын түүх Монголчуудад яагаад им дургүй байдаг юм бол. Гадныханд хөлслөгдсөн монголчуудыг үзэл санааны хувьд хагалган бутаргах даалгавартай хүн юм шиг байна.

Зочин [59.153.114.138] 2024-12-24 17:03:20

Ямар нуршуу хүн бэ. Юу ч ойлгосонгүй. Тэгээд ч ийм нийтлэл битгий бичиж байгаасай. Хэн ч бүрэн уншихгүй.

зочин [59.153.115.85] 2024-12-24 16:13:47

Улаан дэглэм феодалуудын дарлал мөлжилөгөөс үгээгүй ядуу ардыг ангижируулж эрх чөлөөэй тусгаар тогтносон улс болгосон 1990 оны ардчилсан хувьсгал баяжиж хөрөнгө мөнгөөр бүхнийг шийддэг доромжлох гүтгэх харааж зүхэх бүлэглэж буруутгах талсаж хуваагдах тарж бутарч эв нэгдэлгүй дайсагнасан эрх чөлөөг олгосон

Зочин [202.126.89.136] 2024-12-24 12:35:33

Монголд улаан хувьсгал гарч Монгол үлдсэн үнэн !!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.