Бизнес эрхлэгчид уриалга гаргалаа

Aдмин / Эдийн засаг

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр (2025.02.12) "Зууны мэдээ" сонины мэдээллийн танхимд мэдээлэл хийж, урилга гаргаж буй талаараа мэдэгдлээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бизнесийн орчныг ээлтэй болгох, бизнес эрхлэх орчны нэг гол үзүүлэлт болох зөвшөөрөл авах тогтолцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, ачааны хүндийг үүрч, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй мянга мянган бизнес эрхлэгчийн дуу хоолойг төр засагт сонсгох, санал бодлыг нь уг хуулийн өөрчлөлтөд тусгуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдье.

УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн татварын харилцааг шинэ шатанд хүргэх, бизнес эрхлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, тэгш шударга татварын орчныг бий болгоход чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бий болгоно гэж найдаж байна.

Энэхүү татварын багц хуулийг хэлэлцэж баталснаар улс орны эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр болох төдийгүй татвар ногдуулах, бүрдүүлэх, татварыг давхардуулан авахгүй байх, төлөх, маргааныг таслан шийдвэрлэх олон талт үйл явц ил тод болж, татварын эрхзүйн талаасаа ч, онол талаасаа ч нийтээрээ нэг шат ахих нь дамжиггүй.

Бид өнөөдөр ОРЛОГООСОО нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) сар тутам 10 хувь, нийслэл хотын албан татвар (НХАТ) улирал тутам 2 хувь, АШГААСАА орлогын албан татвар (ААНОАТ) улирал болон хагас жил тутам 10-25 хувь, Үл хөдлөх хөрөнгийн татвар 1-2 хувь, ажилтны ЦАЛИНГААС нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) сар тутам ажил олгогчоос 12.5-14.5 хувь болон ажилтнаас 11.5 хувь, цалин хөлстэй адилтгах орлогоос (ХХОАТ) сар бүр 10-20 хувь тус тус төлж байна.

Бизнес эрхлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйл бол төрөөс олгодог зөвшөөрлийг авахад тоймгүй их бичиг баримт шаардаж, олон арван шат дамжлагыг дамжиж 100 хүртэл хоног хүлээх шаардлага үүсгэдэг гаж тогтолцоо бий болсон.

Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл, үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байгаагаас Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг, 42 шат дамжлагыг 22 хоногт, Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг, 80 шат дамжлагыг 58 хоногт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг, 138 шат дамжлагыг 60 хоногт, Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг, 126 шат дамжлагыг 40 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримтыг дурдвал 331 гэрээ, 264 бүртгэл, 232 дүгнэлт, 161 тодорхойлолт, 132 гэрчилгээ, 46 эрх олголт, 30 батламж, 30 магадлан итгэмжлэл, 14 лиценз, 9 сертификат байгаа ба эдгээр нь зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг.

Мөн нийт 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122-ыг нь хууль давсан журмаар зохицуулж байгааг яаралтай цуцлах шаардлагатай байна.

Эдгээр нөхцлийг шийдвэрлэх арга зам бол Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн хууль бус дүрэм, журам болон ач холбогдолгүй баримт бичгийг хүчингүй болгох, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэдэг болоход оршино.

Иймд Зөвшөөрлийн тухай хууль болон Татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, ААН, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг НИЙТ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙНХЭЭ ӨМНӨӨС УРИАЛЖ БАЙНА.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
УЛААНБААТАР ХУДАЛДААНЫ ТАНХИМ
МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
CEO КЛУБ


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.94] 2025-02-12 14:39:11

УТЕ Газарт хамааралтай асуудал л даа. Гэхдээ Та нөхдийн санал санаачлага, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Өнөөг хүртэл бараа, үйлчилгээнийхээ үнийг дур зоргоороо өндөрт хадаачихсан, худалдан авагчиддаа Е баримт өгдөггүй захын наймаачид, лангууныхан авто засвар, угаалгын газар, сэлбэгийн дэлгүүрүүд маш олноороо олон жил боллоо. Тэгсэн мөртлөө татварын албандаа бүртгэлтэй ААН-ээс хувь хүмүүсээс орлогын ашгийн татвар л шаардаад байдаг, тэр баримт өгдөггүй худалдаа үйлчилгээний газруудыг хяналттай болгох талаар 20-30 гаруй жил Татварын албаныхан хууль дүрмээ баримталдаггүй шаардлага тавьдаггүй яваад байгааг юу гэж ойлгох вэ? Үүнийг хууль номонд нь оруулах юмсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.