Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар пүрэв гарагт албан бус уулзалт хийсэн тухай Оросын удирдагчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Уулзалт ганцаарчилсан хэлбэрээр, хаалттай болсон байна. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар хоёр улсын харилцааны хамгийн эмзэг, чухал асуудлууд болон олон улсын сэдвүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ.
“Чухам ийм төрлийн уулзалтуудын үер бодлого тодорхойлогддог” гэж тэрбээр хэлсэн байна. Оросын Ерөнхийлөгч В.Путин хоёр өдрийн айлчлал хийхээр Энэтхэгт пүрэв гарагт хүрэлцэн иржээ. Баасан гарагт буюу өнөөдөр Шинэ Делид дээд түвшний албан ёсны хэлэлцээ болно. Хэлэлцээний дараа талууд Засгийн газар хоорондын хоёр талын багц баримт бичиг, мөн худалдаа-эдийн засгийн хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна. Хоёр улсын удирдагчид мөн Орос-Энэтхэгийн бизнесийн форумын нэгдсэн хуралд үг хэлж, хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх ажээ.
Оросын удирдагч мөн Махатма Гандигийн дурсгалын цогцолборт зочилж, Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурмутай уулзана. Гадаадын хэвлэлүүдэд Путиний айлчлалыг түүхэн бөгөөд Энэтхэгийн хувьд 21-р зууны хамгийн чухал айлчлал хэмээн бичжээ.
Путин пүрэв гарагт India Today сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр хоёр улсын батлан хамгаалах, худалдаа болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар ярьсан байна. Путин мөн Орос-Энэтхэгийн харилцаа гуравдагч улсад ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн тэрбээр Украины хямралын талаар ярихдаа, Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г Барууныхны өдөөн эхлүүлсэн дайныг дуусгах оролдлого гэж мэдэгджээ.
Путин нэмж хэлэхдээ, Москва өөрийн ашиг сонирхол болон иргэдээ хамгаалж байгаа, харин Украины эрх баригчдын хандлага неонацист дэглэмийг санагдуулж байна гээд тэд мөргөлдөөнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар өөрсдийгөө үндсэндээ буланд шахсан гэв.
Оросын төрийн тэргүүн мөн Украины нөхцөл байдлыг зохицуулах АНУ-ын засаг захиргааны төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч Дональд Трампыг хүний эрх, хүмүүнлэгийн зарчмыг баримталдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг гэж хэлжээ. Мөн тэрбээр Орос, АНУ-ын эдийн засгийн харилцааг сэргээх нь олон салбарт ач холбогдолтой байна хэмээн онцолжээ.
Д.Жаргал






























































Сэтгэгдэл