Smishing буюу мессэж луйврыг хэрхэн таних вэ?
Таны гар утсанд “Дансанд тань хэвийн бус үйлдэл илэрсэн байна, мэдээллээ шинэчилнэ үү”, “Та азтан боллоо”, “Сугалаанд оролцож, азаа сориорой” гэх мэт агуулгатай мессеж ирж байсан уу?
Зарим мессеж нь зар сурталчилгааны шинжтэй байж болох ч хувийн мэдээлэл, аппликэйшн болон цахим банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг оруулахыг шаардсан тохиолдолд энэ нь Smishing буюу мессеж дээр суурилсан цахим халдлага байх өндөр магадлалтай юм.
Энэ төрлийн луйвар нь таныг мессежээр ирсэн холбоос дээр даруулах, улмаар картын мэдээлэл, Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг асуух замаар санхүүгийн хохиролд оруулах зорилготой байдаг. Мессэж хүлээн авсан хүмүүс хурдан хариу үйлдэл үзүүлэх хандлагатай байдаг тул бусад төрлийн халдлагатай харьцуулахад эрсдэл өндөртэйд тооцогддог.
Иймд иргэд та бүхэн гар утас болон цахим шуудангаар ирсэн сэжигтэй линк дээр дарахгүй байх, хувийн мэдээлэл оруулахыг шаардсан мессежид нууц мэдээллээ илгээхгүй байх, тухайн байгууллагын албан ёсны утасны дугаар, цахим хуудас мөн эсэхийг нягталж шалгаж хэвшихийг зөвлөж байна.
Мессэж луйврыг хэрхэн таних вэ?
- Олон орон бүхий танил бус утасны дугаараас илгээгддэг,
- Хэтэрхий сайхан, үнэмшихэд бэрх санал (Жишээ нь: “Та сугалаанд хожлоо, “азтан боллоо”, яг одоо захиалбал хамгийн хямд гэх мэт)
- Интернэт банкны нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код (OTP), картын мэдээлэл гэх мэт хувийн мэдээлэл асуудаг,
- Сэжигтэй линк холбоос агуулсан. Тухайн линк нь хуурамчаар дуурайлган бүтээсэн Интернэт банкны нэвтрэх хэсэг рүү дамжин оруулдаг.
Хэрэв та хувийн нууц мэдээллээ алдсан бол дараах арга хэмжээг нэн даруй авна уу:
- Яаралтай цагдаагийн байгууллагад хандах,
- Интернэт банкны нэвтрэх нэр, нэвтрэх нууц, гүйлгээний нууц үгээ нэн даруй шинэчлэх
- Картаа хааж, дахин захиалах (Жишээ нь ХААН Банкны харилцагч бол Khan Bank аппликэйшний “Карт > Дебит/Кредит карт” цэс рүү хандаж, картаа сонгон “Төлөв өөрчлөх” товч дээр дарж, картаа идэвхгүй болгох юм. Энэ аргыг зөвхөн картаа хаяж гээсэн гэлтгүй, хэн нэгэнд картын мэдээллээ алдсан байж болзошгүй үед ашиглаарай),
- Цахим банкны төхөөрөмжийн жагсаалтаас бүртгэлгүй, өөрийн ашигладаггүй төхөөрөмжийг хасах,
- Сошиал хаяг, и-мэйл хаяг гэх мэт өөрийн хувийн хаягийн нууцлалыг шалгах, шаардлагатай бол нууц үгийг өөрчлөх.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


















































.jpg)












Сэтгэгдэл