"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуяг болон БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох "Ногоон автобус"-ны гэх хэргийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ.

Анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хотын даргын зөвллөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаан жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт гурван жилийн хорих ял оноосон байдаг. Харин нийслэлийн давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.