Axios: АНУ Ираны удирдагч Али Хаменейг устгах хувилбарыг хэлэлцэж байна
АНУ-ын удирдлагын түвшинд Ирантай холбоотойгоор хэлэлцэж буй хувилбаруудын нэг нь Исламын Бүгд Найрамдах Иран Улсын 86 настай дээд удирдагч, аятолла Али Хаменей болон түүний 56 настай хүү Можтабыг устгах төлөвлөгөө байгааг АНУ-ын мэдээллийн Axios портал мэдээлжээ. Тус мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын ойрын хүрээний өндөр албан тушаалтан эх сурвалж болгон өгсөн байна.
“Тэд бүх боломжит хувилбарт бэлэн төлөвлөгөөтэй. Үүний нэг нь аятолла, түүний хүү болон муллуудыг устгах сценарий. Ерөнхийлөгч эцэст нь юуг сонгохыг хэн ч мэдэхгүй. Магадгүй тэр өөрөө ч одоогоор мэдэхгүй байгаа”
хэмээн Axios-д эх сурвалж нь ярьжээ.
Порталын өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Хаменей болон түүний хүүг устгах төлөвлөгөөг Ерөнхийлөгч Трампад хэдэн долоо хоногийн өмнө танилцуулсан аж. Мөн АНУ болон Израилийн албан тушаалтнуудын хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Ираны эсрэг цэргийн цохилт өгөх шийдвэрийг ойрын амралтын өдрүүдэд гаргах магадлалтай байна.
Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаа Иранд “бага хэмжээний, бэлгэдлийн шинжтэй уран баяжуулалт” хийхийг зөвшөөрөх хувилбарыг ч авч үзэж байгаа бөгөөд энэ нь цөмийн зэвсэг бүтээх боломжгүй байх нөхцөлтэй аж.
“Ерөнхийлөгч Трамп бодитой, улс төрийн хувьд дотооддоо хамгаалж болохуйц гэрээг хүлээн авахад бэлэн” хэмээн Axios-д ярьсан эх сурвалж онцолсон байна.
Трамп Иранд 10–15 хоногийн хугацаа өгөв
АНУ болон Иран улсууд цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг энэ оны хоёрдугаар сарын эхээр Оман-ы зуучлалаар сэргээсэн бөгөөд энэ нь 2025 оны зургаадугаар сард болсон Израиль, Ираны хоорондын 12 хоногийн дайнаас хойших анхны яриа хэлэлцээ юм. Тус мөргөлдөөний үеэр АНУ Израилийн талд орж, Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн билээ.
Хоёр дахь шатны шууд бус хэлэлцээ хоёрдугаар сарын 17-нд Женев хотод болсон байна.
Хэлэлцээний зэрэгцээ АНУ бүс нутаг дахь цэргийн оролцоогоо эрс нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгч Трамп хоёр дахь нисэх онгоц тээгч хөлөг, нэмэлт байлдааны хөлөг онгоц, агаарын хүч илгээх шийдвэр гаргасан байна. Харин хоёрдугаар сарын 19-нд тэрбээр Ирантай тохиролцож чадахгүй бол цэргийн ажиллагаа явуулах эрсдэл байгааг анхааруулжээ.
“Бид бодитой, утга учиртай гэрээ байгуулах ёстой. Үгүй бол муу зүйлс болно” хэмээн Трамп мэдэгдэж, Иранд 10–15 хоногийн хугацаа өгч буйгаа илэрхийлсэн байна.
Иран: Энхийн зорилготой цөмийн хөтөлбөрийн төлөвлөгөөг АНУ-д хүргүүлнэ
Үүний маргааш Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын телевизийн MS Now сувагт өгсөн ярилцлагадаа Ираны талын цөмийн хөтөлбөрийн санал эцсийн улс төрийн зөвшөөрөл авсны дараа АНУ-д хүргэгдэх болно гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр уг төлөвлөгөөнд улс төрийн үүрэг амлалт болон техникийн арга хэмжээнүүд тусгагдах бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах баталгаа багтах аж.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


































































Сэтгэгдэл
Харилцан адил байх зарчим энд үйлчлэх үү? [202.126.88.90] 2026-02-27 10:32:29
Хүн алах асуудлыг АНУ тийм амархан хэлэлцээд шийдэчихдэг юм байхдаа? Тэгвэл зөрүүлээд Америкийн албан тушаалтныг алах эсэхийг Иран ч юм уу, Венесуэл ч юм уу АДИЛ хэлэлцэж болохнээ дээ. Олон улсын эрх зүйд үүнийг юү гэж үздэг юм бол оо?