Доналд Туск: Европ сэрлээ!

Aдмин / Гадаад мэдээ

Цагаан ордны Зууван танхимд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар хамтран өөр улсын ерөнхийлөгчтэй хэрэлдэж буйг дэлхий нийт анх удаа харж, үүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Телевизийн сайхан шоу боллоо” гэж дүгнэв.

Харин Украины ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчийг “дэмжигч” АНУ-ын удирдлагын талд бус Европын Холбоотой хамт байгаагаа батлав. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Зууван танхимд хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа АНУ-ын дэмжлэггүйгээр Украин цэргийн ажиллагаа явуулж чадах эсэх талаар асуусан сэтгүүлчид “АНУ-ын дэмжлэггүйгээр бидэнд хэцүү байх болно. Гэхдээ бид ард түмнээ, өөрийн үнэт зүйлээ, эрх чөлөөгөө алдаж болохгүй” гэж хариулав.

Цагаан ордны Зууван танхимд болсон хэрэг АНУ-д хагарал үүсгэв. Тухайлбал, Аляск мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор Лиза Мурковски өөрийн X хуудсанд “АНУ-ын засаг захиргаа манай холбоотнуудыг орхиж, Путиныг тэвэрч байгаад үнэхээр их гомдож байна” гэж бичжээ.

Нью-Йоркийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Майк Лоулер энэ уулзалтыг “АНУ болон Украины хувьд боломжоо алдсан явдал” гэж нэрлэжээ. Бүгд найрамдах намын өөр нэг конгрессмен Небраска мужийн Дон Бэкон энэ үйл явдлыг “Америкийн гадаад бодлогын хамгийн муу өдөр” гэж нэрлэв.

Бүгд найрамдах намын Конгрессын гишүүн Жасмин Крокетт Төлөөлөгчдийн танхимын хуралдаан дээр “Ноён дарга аа, бид: “Ноён ерөнхийлөгч өө! Оросууд Украин руу довтолсон” гэж үнэнийг хэлэх цаг болсон. Манай намын төлөөлөгчдөд энэ үнэнийг хэлэх зориг байна уу? Тэгэхгүй бол манай ерөнхийлөгчийн Путины талд зогсож байгаа байр суурь биднийг олон улсын хямрал руу түлхэж байна. Баримт бол хөдөлшгүй зүйл.

Бид дэлхийн дайн руу явж байгаа юм биш үү?!” гэж хэлэхэд Төлөөлөгчдийн танхим чив чимээгүйн дунд умбав. Мэдээж Ардчилсан намын төлөөлөгчид Цагаан ордныхны үйлдлийг бараг бүгд толгой дараалан буруушаав. Тухайлбал, Сенатын танхимын цөөнхийн удирдагч Чак Шумер “Трамп, Вэнс нар Путины бохир ажлыг гардан хийж байна”, Сенатор Крис Кунс өөрийн X хуудсанд “Ардчиллын тэргүүн эгнээнд тэмцэж буй үндэстнийг удирдаж байгаад Зеленскийд бид талархах ёстой байсан” гэж бичжээ.

Трампын багийнхан ерөнхийлөгчөө зөвтгөн Украины ерөнхийлөгчийг муулж, зарим нь бүр “Зеленский огцрох ёстой” гэж мэдэгдсэн нь энгийн иргэдийн дургүйцлийг дэврээж, АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелес, Бостон зэрэг хэд хэдэн хотод Трампын үйлдлийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдав.

Мөн хэрүүл маргаанд оролцсон гол хүмүүсийн нэг болох дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс амралтын өдөр цанаар гулгах гэж байсан Вермонт мужийн Уэйтсфилд хотод түүнийг эсэргүүцсэн жагсаал болж, тэрээр гэр бүлтэйгээ өөр цанын бааз руу явахаас өөр аргагүй болов.

Цагаан ордны ойролцоох жагсаалд оролцогч нэгэн иргэн сэтгүүлчдэд “Манай ерөнхийлөгчийн ардчиллын эсрэг үйлдлээс би үнэхээр айж байна. Энэ бол аймшигтай бас зэвүү хүргэсэн үйлдэл. Тэр бидний итгэл үнэмшлээс урваж ардчиллыг биш, алуурчин, дарангуйлагчийг дэмжигч!” гэж хэлсэн нь дэлхий даяар цацагдав.

CNN агентлаг Зууван танхимын дуулианд хэн хамгийн их буруутайг тодруулах санал асуулга явуулав. Хэдхэн цагийн дотор 112 мянга гаруй хүн асуултад хариулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 50 хувь нь Трампыг, 42 хувь нь Вэнсийг, ердөө дөрвөн хувь нь Украины ерөнхийлөгч Зеленскийг буруутай гэсэн бол үлдсэн дөрвөн хувь нь бүх талууд адилхан буруутай гэсэн байна. Европын улсуудад ч Трампын засаг захиргааг эсэргүүцэж, Украиныг дэмжсэн олон арван жагсаал болж өнгөрөв.

Мөн Зууван танхимын үйл явдлын дараа Европын бүх улс төрчид Украиныг дэмжсэн үг хэлсэн бөгөөд Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон “Украиныг дайны хариуцлага хүлээх ёстой гэж байна гэдэг бол солиорол. Аварга загасны хоол болох шахсан хүнийг аврага загас руу дайрсан гэж буруутгаж буйтай адил зүйл” гэж хэлсэн нь хамгийн оновчтой тодорхойлолт болов.

Цагаан ордны энэхүү хэрэг явдлын дараа Их Британийн ерөнхий сайд Европын зэвсэг үйлдвэрлэдэг гол улсуудын болон Канадын удирдагч, Туркийн Гадаад хэргийн сайд, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Европын комиссын дарга, Европын зөвлөлийн тэргүүн оролцсон ээлжит бус чуулганыг Лондонд зохион байгуулав.

Энэ уулзалтын өмнө Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба “Стармер, Зеленский нар Лондонд болсон дээд хэмжээний уулзалтын өмнө Их Британи, Украин хоёр 2.26 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 2.84 тэрбум ам.долларын зээл олгох гэрээнд гарын үсэг зурлаа” гэж мэдээллээ.

Энэ зээлийг Оросын битүүмжилсэн хөрөнгийн ирээдүйн орлогоос төлөх бөгөөд Владимир Зеленский “Энэ мөнгө Украинд зэвсэг үйлдвэрлэхэд зориулагдана. Энэ бол шударга явдал. Дайны зардлыг дайн эхлүүлсэн хүн төлөх ёстой” гэж мэдэгдэв.

Нийт 19 улс, байгууллагын тэргүүн нар оролцсон Лондоны ээлжит бус чуулган “Дайн үргэлжилсээр байвал бид Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлж, Орост үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлнэ”, “Урт удаан энх тайван нь Украины бүрэн эрх, аюулгүй байдлыг хангах ёстой бөгөөд Украин уг хэлэлцээрийн ширээний ард суух ёстой”, “Хэрэв энхийн хэлэлцээр батлагдвал Европын удирдагчид ирээдүйд Оросууд Украин руу довтлохоос урьдчилан сэргийлэхийг бүх талаар хичээн ажиллах болно”, “Украиныг хамгаалж, тус улсын нутагт энх тайвныг бүрэн хангахын тулд “Улсуудын сайн дурын эвсэл” байгуулна” гэсэн дөрвөн зүйл дээр санал нэгдэв.

Үүний дараа уг чуулганыг санаачлан зохион байгуулсан Кейр Стармер “Европ хүнд ачаа үүрэх ёстой” гээд “Их Британи Европын орнуудын хүчин чармайлтыг хэрэгжүүлэхийн тулд Украины газар дээр өөрийн цэргийн “гутал”, агаарт нь өөрийн цэргийн нисэх онгоцоор хамгаалах болно. Бидний гаргасан энэ энхийн төлөвлөгөө бол АНУ-тай хамтран ажиллаж, АНУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх төлөвлөгөө юм.

Манай засгийн газар Британийн агаарын довтолгооноос хамгаалах 5000 гаруй пуужин худалдан авахад зориулж Украинд нэмж 1.6 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 1.94 тэрбум евро хуваарилж байна. Учир нь Орос улс амархан “эвдэх” Минскийнх шиг сул дорой гэрээг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв.

Харин Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Өнөөдөр бид түүхийн уулзвар дээр байна. Энэ бол хоосон яриа хийх цаг биш. Иймээс бид аюулгүй байдлын зардлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд тэрээр мөн Лондоноос АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан “Бид ардчиллыг хамгаалж, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалахын төлөө хамтрах хэрэгтэй. Энэ нь та хөршдөө халдаж, хилээ хүчээр өөрчилж болохгүй гэсэн үг” гэж хэлэв.

Польшийн ерөнхий сайд Дональд Туск Лондонд болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа өөрийн Х хуудсандаа “Европ сэрлээ!” гээд “Лондонгийн чуулганд оролцогчид Украинд үзүүлэх тусламж, Атлантын далай дамнасан нягт хамтын ажиллагаа, зүүн хилийг бэхжүүлэх асуудлаар нэгдсэн” гэж бичжээ.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони “Бидний хүлээн зөвшөөрөх ёсгүй ганц зүйл бол Украины удаан үргэлжлэхгүй, түр зуурын энх тайван. Иймээс бидний хийх гэрээ амар амгаланг эвдэх үү гэдэг дээр анхаарах ёстой. Учир нь бид ийм зүйл болдгийг өнгөрсөн хугацаанд харсан” гэж хэлэв.

Германы канцлер Олаф Шольц “НАТО нь АНУ, Канад, Европын хувьд аюулгүй байдлын “түлхүүр” хэвээр байна” гэж тэмдэглэв. Нидерландын ерөнхий сайд Дик Шуф “Европ тивийн аюулгүй байдлыг хангахад бид илүү их үүрэг гүйцэтгэх ёстой” гэж онцлоод “Атлантын далайг дамнасан сайн харилцаа ч бас хэрэгтэй” гэж хэлжээ.

Ийнхүү Европын тэргүүлэх улсууд Канадтай хамтран Лондонд Орос, Америкийн энхийн хэлцэл болох “deal”-ийг энхийн гэрээ буюу “agreement” болгож орхив. Ингэснээр Дональд Трамп тэргүүлж байсан байр сууриа алдав.

Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа “Украинд үзүүлэх цэргийн тусламжаа түр зогсоож байна” гэж мэдэгдсэн нь АНУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл болсноос гадна Трампын “Дайнд олон хүний амь үрэгдэж байгааг зогсооно” гэсэн нь огт худал зүйл гэдгийг харуулсан явдал болов. Гэхдээ бид АНУ-ын шинэээр томилогдсон хуучин ерөнхийлөгчийг зөв ойлгох ёстой юм. Түүний хувьд гол асуудал нь Хятад улс.

Бас Ойрхи Дорнод гэж түүний нэг “шүдний өвчин” бий. Иймээс Дональд Трамп Оросын удирдагчийн аюулгүй байдлаар наймаалцаж, ОХУ-ыг Хятадаас салгахаар яарав. Ийм учраас л тэрээр Украины дайн зогсоох асуудлыг хэлэлцээр гэхгүй наймаалцал буюу хэлцэл гэж нэрлээд байсан билээ.

Гэхдээ өөрийн хүчинд хэт итгэсэн Трампын гол алдаа нь Путиныг эзлэн түрэмгийлэгч гэж нэрлэхээс татгалзаж, Москвад Украины ерөнхийлөгчийг Цагаан ордноос хэрхэн хөөн гаргаж буйгаа харуулсан теле шоу байв. Трамп ийнхүү Европын Холбоонд санаачилгаа алдаж, дэлхий нийтэд өөрийн төдийгүй АНУ-ын нэр хүндийг “шороотой хутгаж” орхив.

Энэ нь Трампын баг эрдэмтэн Альберт Эйнштейний “Зохисгүй аргыг зөвтгөх зөв зорилго гэж байдаггүй” гэж анхааруулсныг огт мэддэггүй гэсэн үг болж таарав. Нөгөө талд “Росстат” он гарснаас хойш “ОХУ-д сарын инфляци 1,5-2 хувьтай байна” гэж зарлаж байгаа нь өөрөө том тоо. Гэтэл эдийн засагчид өргөн хэрэглээний болон бусад барааг нийлүүлэн тооцож үзэхэд инфляци зургаан хувьтай буюу жилийн 75-80 хувь болох бүр том бодит тоо гарсан байна.

Мэдээж Орост инфляци эрчимтэй явагдаж байгаа учир энэ тоо долоо хоног бүрээр нэмэгдэж жилийн эцэст 100 хувь хол давна. Үүнийг эдийн засагт стагфляци буюу мөхөл гэдэг.

В.Путин чухамхүү өнөөдрийн энэхүү гиперинфляци буюу маргаашийн дефолтоос айж АНУ-аар зуучлуулан барууны улсуудтай өөрийн аюулгүй байдлыг Кремлийн суудал, атомын бөмбөг, ОХУ-ын хувь заяагаар наймаалах гэсэн нь бүтэхгүй болж А. Гитлертэй адил дайн дуустал суудалдаа сууж байхаас өөр аргагүй болов.

Гэхдээ тэрээр нэг их удахгүй “сайн дураар” суудлаа өгөх байх. Учир нь Оросын аль ч төр үзэл суртал, арми, баруунд зардаг байгалийн баялгийн орлого гэсэн гурван тулгуур дээр тогтож ирсэн. Гэтэл улсынхаа гурван тулгуурыг нэгэн зэрэг устгаж буй Оросын удирдагч сүүлийн хагас мянган жилд анх удаагаа гарч ирсэн нь Путин болж байна.

Сүүлийн жилд байнга довтолж, дэлхийд болж байсан бүх дайны рекордыг эвдсэн хохирол хүлээсэн Оросын арми туйлдаж, фронтыг ганц ч цэгээр нь сэтэлж чадаагүй түүний генералууд тэр энэ тосгон, сууринг эзэлсэн хэмээн Путинд худал зүйл илтгэдэг болов. Энэ нь Оросын талаас фронт удахгүй энд тэндгүй нуран унах болно гэсэн үг.

Үүнийг болон ОХУ-ын эдийн засгийн байдлыг маш сайн мэдэж байгаа Европын Холбоо Украины дайныг зогсоох Трампын наймаа буюу хэлцлийг “Путин үг дуугүй бууж өгөх хэлэлцээ” болгох шийдвэр гаргаж Орос, Америкийн төлөөлөгчдийн уулзалтуудын үр дүнг үгүйсгэж орхив.

Иймээс энэ бүх болж өнгөрсөн явдалд хамгийн их сэтгэл дундуур үлдэж байгаа ганц хүн бол олон улсад “Кремлийн хоригдол” гэгдэх болсон Владимир Путин болж байна. Учир нь Оросын нийгэм, улс төр, соёл, урлагийн нэрт зүтгэлтнүүд болон Жанжин штабт өндөр алба хашиж байсан генералууд Путиныг дайн эхлүүлэх гэж байгааг эрс эсэргүүцэж “Оросын арми ялагдаж, ОХУ задарна” гэж анхааруулж байсан нь ийнхүү хэрэгжиж эхлэв.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Эсэргүү [103.212.162.118] 2025-03-09 04:27:06

Энэ амарсанаа гэгч ямархуу бантагнасан юм бичив ээ. Улаан цагаан англи францын хөлсний этгээд гэдэг нь мэдэгдэж байна. Дайн эхлэх үндэс суурийг англи франц хоёр л натог өргөжүүлэх нэрийдлээр украйныг сумлаж, оросыг өдсөөр байгаад эхлүүлсэн шүү дээ. Эд бодитоор болж буй үйл явдлыг үгүйсгэн мэлзэж, орос европ руу дайрах гэж байна хэмээн иргэдийнхээ тархийг угааж татвараар боомилон нутаг орноо лал дүрвэгсдээр дүүргэж өөрсдөө тэдэндээ хонь шиг өрлүүлэн үхэцгээж байгаа биз дээ. Нутаг орондоо дэг журам тогтоож иргэдийнхээ амьдралыг түвшитгэж чадахгүй байж дайн дайн гэж хуцалдацгаах нь зүй ёсонд хэр нийцэж байгаа юм бол.

зочин [103.212.118.87] 2025-03-07 20:18:51

Энэ тэнэг нөхөд сэтгэлийн хөөрлөөр хашгичиж байж а суудал үүсгэх вий.Энэ нийтлэл ч нөхөрт улс орны эрх ашиг,үр дагавар хамаагүй юу. Төр бодлогоо тодорхой болгох ёстой.

Бүргэд [178.235.185.22] 2025-03-08 17:34:05

Та очиж оросынхоо төлөө фронтын тэргүүн шугаманд байлдана уу

Зочин [202.179.26.245] 2025-03-07 17:53:06

Бид нар өөрсдийгөө ядуу, үндэснйи аюулгүй байдал нь алдагдсан их хэцүү гэдгээ мэдэхгүй хаа холын орнуудын дайны асуудалд талцан оролцох нь хэнд ашигтай юм бэ? Өөрсдийн амин чухал асуудалаа бодож энэ дайнд хандвал бид хөрш Орос улсын тогтвортой байдалд санаа тавихаас өөр аргагүй

Ар Монгол л монголоороо үлдэх нь. Бусад нь ч дээ. [103.57.92.240] 2025-03-08 17:56:23

2 хөршийг задрахыг хүлээвэл бүх насаараа ГОРЬДОХ л болох байхдаа. Буриад, туваачуудыг харсан уу? Залуучууд нь БҮГД буриад, тува хэлээ мэдэхээ больчихсон ГАНЦ оросоор л ярьж байна. Өвөр Монголын хүн амын 17 хувь нь монголчууд, 80-д хувь нь ХЯТАДУУД байна. Өвөр монгол хүүхдүүдийн сургуульд үздэг хичээлийн 90 хувийг 2022 оноос хойш ХЯТАД хэлээр ордог болсон. Төрийн үйлчилгээ нь БҮГД хятад хэлэнд шилжсэн. Ахмад өвөр монголчууд 20-30 жилийн дотор алга болно, залуус нь жигд хятадаар ярина. Тэгээд л Зүүн Азид монголоороо ярьдаг нь хэдэн АР монголчууд л ҮЛДЭХЭНДЭЭ.

Кк [202.55.188.38] 2025-03-08 15:23:44

Орос задарч байж монголд боломж гарч ирнэ дээрэнгүй сагсуу оросуудад алин болгон буриад тува халимаг монголчууд бид дагжин чичирч маань мэгзэм уншиж суух юм .. Хятад ч мөд задарч мөнхийн хөрш гэж мэдрэл нэр томьёо гаргасан улсууд мөнхийн юм гэж бхгүйг харах болно..

2-хон хөрштэй улс хэцүү юмаа. [103.57.92.240] 2025-03-07 19:20:32

Яг үнэн. Нэгэнт л өөр хөршгүй юм чинь бид ямар холын орнуудаар хөршөө хийх үү? Дэмжинэ, эсхүл чимээгүй байхаас өөр аргагүй.

иргэн [66.181.181.241] 2025-03-07 17:20:29

2 триллон долларын өртэй АНУ томроод яах юм. Хэдхэн еврей атгачихна. Харин эх орончид эцсийн цусаа үзтэл үздэг. Ядаж партизаны дайн хийгээд амраахгүй амьдрал дордвод орос түмэн хувьсгалаа хийнэ Хүчирхийлэл хүчирхийллээр дуусдаг.

зочин [66.181.188.123] 2025-03-07 17:02:37

орос НАТО-той шууд хиллэхийг хүсэхгүй байгаа юм биш үү? орос НАТО, ЕХ-г задлах, үгүй болгох бодолтой юу? 1 туйл? олон туйл? газрын ховор элемент? баялаг?

Зочин [202.126.91.41] 2025-03-07 13:57:28

Ямар тэнэг нийтлэл вэ. Мэдээ сайн уншиж, дүгнэж бич л дээ.

Европ ПАРАЗИТ тив байсан. Өөр болж чадах уу? [103.57.92.240] 2025-03-07 13:25:33

Европ сэрчихсэн чинь санхүү мөнгө НИМГЭН, орчин цагийн зэвсэг БАЙХГУЙ, цэргийн алба хаах хүн ЦӨӨХӨН гэдэгээ мэдсэн. Амьдралынхаа түвшинг БУУРУУЛЖ байж л мөнгөтэй, зэвсэгтэй, цэрэгтэй болно. Европ ингэж ЧАДАХ уу? Америкаар тэтгүүлж Европ үүнийг бодолгүй 80 жил АМАР амьдарч ирсэн.

Зочин [112.72.15.198] 2025-03-07 11:50:00

Авилга утаа түгжрэл ядуурлаа арилгах сан ядахдаа Тэгээд том том дуугарч болно

Зочин [202.9.40.16] 2025-03-07 11:45:58

Нэг их том улсын тоймч шиг толгой өргөн амаа ангалзуулах нь тэнэг гэхээс ч бүр доош зүйл юм Хэрээ мэд гэсэн хэзээний үг бий

Зочин [103.168.34.131] 2025-03-07 11:30:13

Хэрэв Орос ялагдвал Монгол улс мөхнө гэж ойлгож болно. Бодит үнэн ердөө л энэ. Маргах шаардлагагүй

Харин тийм ээ! Залуус ойлгодог юм уу? [103.57.92.240] 2025-03-07 13:31:09

Яг тийм. Орос зөв-буруу ч байсан Монгол Улс нь Оросыг л баримтлах ЁСТОЙ болоод байна. Учир нь Оросгүйгээр Монгол Улс нь энэ хавьдаа тусгаар тогтнож ЧАДАХГҮЙ. Өвөр Монгол шиг болно. “Үгүй” гээч.

bodit baidlaas hol medee bn [43.242.242.46] 2025-03-07 11:20:00

harin tramp-n uildeliig zuw gsen olon niitiin sudalgaa baina,,, baruuniihanii huuramch medeegeer tejeegdsen site bn. Putin bolon orosiig demjigch bish bolno

ОРОС ХУРДАН ЗАДРААСАЙ. [202.9.40.88] 2025-03-07 11:40:57

ЭНЭ НИЙТЛЭЛ ЯГ ГОЛООР НЬ ХЭЛСЭН БАЙНА. ЕВРОП УГААСАА ХҮЧИРХЭГ. АНГЛИ ФРАНЦ ГЕРМАН ХҮЧЭЭ НЭГТГЭВЭЛ ТРАМП ПУТИН ХОЁРЫГ УДАХГҮЙ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОНО.

Зочин [192.82.92.153] 2025-03-07 11:13:13

Оросыг ялагдуулах нь хэнд ашигтай юм, Монголчуудад бүүр ашиггүй Дэлхийн 2 том дайныг ялсан ард түмэн шүү дээ Оросууд чинь, одоо ялагдана л гэж байхгүй

Зочин [178.235.185.22] 2025-03-08 17:35:51

Угаасаа ялагдсан хөө. Харин хужаа олзоо үмхэх гээд хүлээгээд байгаа

Sonin [202.179.26.245] 2025-03-07 18:04:05

Орос Дэлхийн 1р дайнд ялагдан хүчгүй болоход бид хятадад эзлэгдсэн. Дэлхийн 2р дайнд Орос ялж хүчирхэгжихэд бидний тусгаар тогтнол баталгаажсан.

Зочин [66.181.188.123] 2025-03-07 16:57:37

Дэлхийн 1-р дайнд орос ялагдсан биз дээ? Дэлхийн 2-р дайнд АНУ, Англи улстай оросууд холбоотон болж орсон биз дээ? оросууд дангаараа ялсан гэж сонсоогүй. 1905 оны үед Японтой байлдаад орос ялагдсан юм биш үү?

Зочин [202.131.227.134] 2025-03-07 13:14:01

Дэлхийн 1-р дайнд ялагдсан шүү дээ.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.