Их эзэн Чингис хаанаас суралцахуй

Их эзэн Чингис хааны үеийн монголчуудын төрийн онч бодлого, сэтгэлгээний хурд, алсын хараа нь дэлхийн хөгжилд асар их нөлөө үзүүлснийг бахархан тэмдэглэх ёстой.
Монголчууд дундад зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг байгуулснаараа хүн төрөлхтний төрт ёс, эдийн засаг, соёлын хөгжилд хэзээд баларшгүй ул мөрөө үлдээжээ.
Чингис хаан бол өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч, даяаршлын анхдагч, дэлхийд энхтайван, шударга ёс тогтоогч байсангэсэн үзэл баримтлал эдүгээ цагт давамгайлах болов.
Дэлхий дахины түүхэнд Чингис хаан шиг сүүлийн 850 шахам жилд хүн төрөлхтний анхаарлыг гойд татсан, бишрэн шүтэгдсэн удирдагчид байгаагүй юм. Судлаачид дэлхийн хөгжлийн сонгодог загвар, эх сурвалжийг XIII-XIV зууны монголын эзэнт гүрний төрийн бодлого, улс төрийн үйл ажиллагаанаасэрэх хэрэгтэй хэмээн бичиж байна.
Өнөөдөр дэлхийн улс орнууд энхтайвнаар зэрэгцэн хөгжихийн тулд Чингис хааны улс төрийн давтагдашгүй өвөрмөц бодлогыг хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээх хэрэгжүүлэх явдал дэлхийн улс гүрнүүдийн хувьд чухал хэвээр байна.
Чингис хаанаас юу суралцаж болох вэ?
1. Чингис хаан хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн том Эзэнт гүрнийг байгуулсан юм. Үүний гол нууц нь цэрэг дайны ололтоос илүү үндэстнийхээ давтагдашгүй онцгой зан чанаруудыг нарийн мэдэрч цэрэг, тагнуулын үйл ажиллагаанд бүрэн ашиглаж, маш сайн зохион байгуулагдсан иргэншил бүхий улс орнуудын эсрэг аугаа их ялалтуудыг байгуулжээ.
Чингис хаан дэлхийн хэмжээний бодлого тодорхойлогч улс орнуудын төрийн бодлого ямар түвшинд байх ёстой талаар хамгийн сайн загварыг бий болгосон. Монголын эзэнт гүрэн бусад улс оронд, худалдаа эдийн засаг, шинжлэх ухааны хөгжил, дипломат дэг жаяг түгээн дэлгэрүүлэх, хүн төрөлхтний аюулгүй байдлын өмнө хүлээх хариуцлага, даян дэлхийд амар амгалан байдлыг тогтоох, улс төрийн бодлого, арга хэмжээг хамгийн сонгодгоор өмнө ч байгаагүй одоо ч байхгүй тийм хэмжээнд хүртэл нь хэрэгжүүлж чадсан юм.
2. Их эзэн хаан шударга ёсыг эрхэмлэгч, хэлбэрэлтгүй сахиулагч байв. “Монголын нууц товчоо”-нд “...Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, Тэмжүүжинд Чингис хаан цолыг өргөв” гэсэн нь шударга ёсны зарчим монгол угсаатныг нэгтгэн эзэнт гүрнийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэсэн санааг илэрхийлнэ.
Чингис хааны нүүдэлчдийн ёс суртахууны бүх сайн чанарыг шингээсэн засаглалын шударга тогтолцоо бий болгосон нь дэлхийн дахиныг өөртөө татахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.
3. Их эзэн хаан эв эеийг эрхэмлэгч, бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй, юун түрүүндэнхийн хэлэлцэл хийхийг санал болгодог байсан байна.
Хувь хүний энэ онцлог чанар нь Ази Европын олон үндэстэн хоорондын зөрчил, дайн, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г 140 гаруй жил тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Чингис хаан дэлхийд ноёрхохын тулд эзлэн колоничлох бодлого хэзээ ч явуулж байгаагүй юм. Ийм зан чанартай удирдагчид өнөөгийн дэлхий ертөнцөд одоо ч үгүйлэгдэж байна.
4. Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдүүлж, хуулийг дүрмийг хэлбэрэлтгүй сахиулдаг, өөрөө ч энгийн иргэдийн адил хуульд захирагддаг байжээ. Энэ нь Их Монгол Улсын үед монголчуудыг гаднаас түрэмгийлэх, задлан бутаргах боломжийг эсрэг этгээдүүдэд олгохгүй байхад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
5. Чингис хаан ирээдүйг урьдчилан харагч алсын хараатай, өөрийн цаг үеийг тодорхойлогч байжээ. Улс төрийн ухаалаг бодлого цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаанаараа бусдаас гойд ялгарч байв.
6. Төрийн үйл хэрэгт шударга бус үйл ажиллагаа явагдахаас ямагт сэргийлж таслан зогсоож чаддаг байсан байна. Үүний илрэл нь эзэн хаадаасаа урвасан хэнийг ч хатуу цээрлүүлдэг байв. Энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэм төрийн тогтвортой байдлыг хангасан шударга үнэнч албатай болоход нь чухал нөлөөлжээ.
7. Чингис хаанд хүн таних онцгой чадвар байсан ба өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Энэ нь Чингис хааныг дэлхийг талыг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан байна.
8. Бие даан шийдвэр гаргахаасаа өмнө бусдын үзэл бодлыг сонсож тэдний санаа бодлыг шийдвэртээ тусгадаг байсан нь төрөөс алдаатай шийдвэр гарахаас урьдчилан сэргийлсэн удирдлагын чухал арга барил байв.
9. Бусдын гавьяа зүтгэлийг чин шударгаар үнэлж, урамшуулдаг байсан аж. Энэ бол албат иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хаан төрд үнэнчээр зүтгэх чухал хүчин зүйл болж байжээ. Аливаа улсын оршин тогтнохын чухал хөшүүрэг бол иргэдийн төрөө дээдлэх, төрдөө итгэх үзэл санаа гэдгийг төрийн бодлогынхоо үндсэн чиглэл болгож байсан байна.
10. Хааны зарлиг, хууль тогтоомж зөрчсөн хэнийг ч үл өршөөдөг байсан нь өндөр ёс суртахуун сахилга хариуцлагатай төрийн түшээд, иргэдтэй болоход нь үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.
11. Өөрөөсөө илүү эрдэм мэдлэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрч, тэдний зөвлөгөөг хэрэгжүүлдэг байсан нь улс төрийн оновчтой шийдвэр гарах, хэрэгжихэд чухал нөлөөлсөн байна. Чингис хааны улс төрийн бодлого үйл ажиллагаа нь хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн төлөө алс хэтийг харсан, судалгаа тооцоотой, ухаалаг бодлогуудын иж бүрэлдэл байжээ.
12. Чингис хаан “Аливаа ард олныг амаржуулъя гэвэл сэтгэлийг нь хураа, сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох” хэмээн сургасан нь одоо ч үнэ цэнтэй бөгөөд түүнээс хойш дэлхий дахины сэтгэлийг хураасан хүн төрөөгүй юм. Энэ үзэл баримтлал дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоох бодлогын хамгийн чухал хэрэгсэл болж хэрэгжсэн байна.
13. Их эзэн хаан тагнуулын ажилд өндөр ач холбогдол өгч, тагнуулын мэдээг төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ ашиглаж чаддаг байжээ. Гэхдээ тагнуулын ажлыг хүн төрөлхтний эсрэг хэзээч чиглүүлж байгаагүй.Харин дэлхий нийтийг аюулгүй байлгах, дэлхийн нийтийн эсрэг аливаа аюул заналыг таслан зогсоох, “PAX MONGOLICA” тогтоох үндсэн арга хэрэгсэлээ болгож байжээ.
Судлаач Ж.Соёмбо
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Дональд Трамп: Миний хийж чадах зүйл бол Оросыг санхүүгийн хувьд тун таагүй байдалд оруулж чадна
Оросын цэргийн хиймэл дагуул “Космос-2553” тойрог замын орбитоо гэнэт өөрчилсөн нь АНУ-ыг түгшээж байна
В.Путин: Украины хямралыг үүсгэсэн шалтгааныг бүрэн устгах ёстой
Путин: Гал зогсоох тухай санаа зөв, мэдээж дэмжиж байгаа ч хэлэлцэх ёстой асуудлууд бий
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо
Л.Оюун-Эрдэнийн кофены хачиртай мессэжүүд
Улсын Их Хурлын дарга, гишүүд Дундговь аймгийн хоршоологчидтой уулзав
ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөв