ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.03.24/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны үеэр өрнөсөн мэтгэлцээний талаар тодотгон мэдээлээд, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой хуулийн зохицуулалт бүрхэг, тодорхой биш байгаа учир дээрх дүгнэлтийг УИХ хүлээн авбал Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиа тодорхой болгох тухай асуудал яригдана хэмээсэн.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль дахь бүрхэг зохицуулалтыг нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84.2.2-т заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.