Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонсов

Aдмин / Улстөр

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар /2025.03.26/ тус Байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар нэмэгдсэн юм.

Тус Байнгын хороо үргэлжлүүлэн Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв.

Боловсролын сайд П.Наранбаяр асуултын дагуу мэдээлэл хийв. Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон бусад хөтөлбөрүүдийн 2024 оны хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан болон хамрагдсан суралцагчдын зүгээс тэтгэлэгтэй холбоотой ямар асуудлаар санал, гомдол, хүсэлт гаргадаг, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалттай холбоотой Боловсролын яаманд давхардсан тоогоор 15 өргөдөл ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолд тодорхой тусгаж өгсөн, Боловсролын яамны харьяа байгууллагуудын системээр дамжуулан мэдээллийг солилцож, тухайн баазад суурилан сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг гэлээ.

Мөн Боловролын зээлийн сангийн эргэн төлөлтийн явц болон эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажил, төлөвлөгөө, хөндлөнгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж буй ажлын явцын талаарх мэдээллийг танилцуулсан.

Тэрбээр Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн. Зээлийн эргэн төлөлтийг хөтөлбөр тус бүрээр авч үзвэл хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар тус тус өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өнгөрсөн оноос 43 хувиар буурсан.

Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор 2024 оны 11 дүгээр сараас эхлэн оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлттэй зээл болон дэлхийн шилдэг их, дээд сургуульд зээлээр суралцсан иргэдэд зориулан цахим системээр дамжуулан “зээлийн мэдээлэл” хүргэх үйлчилгээ нэвтрүүлсэн.

Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад “Хөнгөлөлттэй зээл”- ийг 1992-2016 онд олгосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 1992-2004 онд суралцагчдын зээлийг бүрэн чөлөөлсөн, Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор “голч дүн 2.8, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан” шалгуурыг хангасан төгсөгчдийг зээлээс чөлөөлж байна.

Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна.

Зээлийн эргзн төлөлтийг сайжруулах хүрээнд долоо аймаг, хоёр дүүргийн прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Оюутны хөгжлийн зээл нь 2016 оноос эхэлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан “зээлийн эргэн төлөлтийн график”-ийг 2025 оны 2 дугаар сараас эхлэн зээлдэгчид хүргэх бэлтгэл ажил хангагдсан.

Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг 1997 оноос хойш суралцаж төгссөн бүх төгсөгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, Монголбанк руу “зээлдэгчийн зээлийн мэдээлэл”-ийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.