“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордонд боллоо.

Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-ийн судалгаагаар Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, энэ нь жендэрийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ердөө 17 хувь нь банкны зээлтэй байгаа нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулдаг ч эмэгтэй удирдлагатай ЖДҮ эрхлэгчдийн дундаж зээлийн хэмжээ ердөө 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж зээлийн хэмжээнээс 45.6 хувиар бага, жилийн зээлийн хүү нь 0.8 нэгж хувиар өндөр байгаа аж. Тиймээс энэхүү тэгш бус байдлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсад “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр эхлүүлж буй нь энэ юм.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн.

Тэрбээр, Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа манай улсын хүчин чармайлтыг олон улсын санхүүгийн байгууллагууд дэмжин тусалдагт талархалтай байгаагаа илэрхийлээд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь гэр бүлийн орлого, амьдралын чанар, хүүхдийн боловсрол зэрэгт эерэг нөлөөтэйгөөр зогсохгүй бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлж нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болдгийг онцолсон.

УИХ-ын дарга, Монгол Улс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэж буй явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн итгэлцэл, хариуцлага, хөгжлийн түншлэл дээр суурилсан томоохон алхам болно гэдгийг тодотгоод, цаашид Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээртэй холбоотой бүхий л санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн илтгэл танилцуулсан.

Монголбанкны ерөнхийлөгч, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ыг Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү санаачилга нь ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг тэмдэглэсэн.

Тэрбээр, Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь зөвхөн нийгмийн тэгш бус байдлыг бууруулах явдал биш бөгөөд эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд чиглэсэн стратегийн чухал алхам юм. Санхүүгийн үйлчилгээнд тэгш оролцох боломжийг бүрдүүлснээр эмэгтэйчүүд өөрсдийн бизнесээ хөгжүүлж, ажлын байр бий болгож, орлогоо гэр бүл, хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломжтой болох тул эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чухал хүчин зүйл болдог. Цаашид манай улс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг дэмжих бодлого, арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх нь зөвхөн санхүүгийн салбар төдийгүй нийт улс үндэсний хөгжил дэвшилтэй холбогдоно гэлээ.

Эцэст нь Монголбанкны ерөнхийлөгч энэхүү санаачилгыг дэмжиж, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д элсэн нэгдэж буй банк санхүүгийн байгууллагууддаа талархал илэрхийлэв.

Мөн арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц оролцож үг хэлсэн юм.

Монгол Улсын хувьд санхүүгийн үйлчилгээг авч буй иргэдийн тоо харьцангуй өндөр буюу санхүүгийн хүртээмжийн үндсэн үзүүлэлтээр өндөр хөгжсөн орнуудтай зэрэгцэж очдог. Гэхдээ бизнесийн орчин дахь санхүүжилтийг жендэрээр ангилан харвал зөрүүтэй байдал их байна. Тухайлбал 2024 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн 49.3 хувь нь эмэгтэй харилцагчид байхад бизнесийн зээлийн ердөө 19.5 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай, эмэгтэй эзэмшигчтэй бизнест олгогдсон байна хэмээн тэрбээр танилцууллаа.

Энэ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэлтэй, улмаар өрсөлдөх чадвар нь харьцангуй сул байх нөхцөлд ажиллаж байгааг харуулж байгааг тодотгоод, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тулгарч буй хамгийн том сорилт бол санхүүжилт гэж дүгнэж болохоор байна гэлээ. Иймд бодлого, зохицуулалтаар болон салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан тэгш боломжийг бодитоор бий болгох шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Үүний тулд, Санхүүгийн зохицуулах хороо энэхүү “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдэн жендэрийн ялгааг арилгах, бизнесийн санхүүжилтийн тэгш хүртээмжийг дэмжих хамтын хариуцлагад нэгдэж буйгаа илэрхийллээ.

Мөн энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг санхүүгийн байгууллагуудын 170 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, 50 санхүүгийн байгууллага кодод нэгдэж байгааг мэдээлээд, цаашид энэхүү санаачилгад нэгдэж буй байгууллагуудын тоо өснө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Арга хэмжээ “Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргалтай хийсэн ярилцлага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Хүртээмжтэй санхүүжилт, жендэр, эдийн засгийн оролцоо хариуцсан дарга Дана Купова, “Консьюмерс Сэнтрикс”-ийн түнш Анна Гинчерман нарын хийсэн танилцуулга мэдээллээр үргэлжилж, оролцогч банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа арга хэмжээг хааж үг хэлсэн бөгөөд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр нь нэг удаагийн төсөл бус, харин системтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурь болж байгааг сайшаасан.

Монгол Улс 2024 онд энэхүү санаачилгад нэгдсэн нь манай эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих, өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх чиглэлд чухал ахиц гаргасан үйл явдал гэдгийг тодотгоод, тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” нь зөвхөн хөтөлбөр биш, харин хамтын манлайллын жишиг юм. Энэхүү хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн, илүү хүртээмжтэй, тэгш эдийн засгийн хөгжлийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Өнөөдөр бол шатны эхлэл. Бид “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын суурийг тавьж чадсан, одоо түүнийг тогтвортой хөгжүүлэх, мэдээлэлд суурилсан бодлого гаргах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор санхүүгийн урсгалд холбох цаг ирлээ. Энэхүү замналд бид ганцаараа биш, харин хамтдаа байх болно гэдэгт би итгэлтэй байна гэлээ.

Арга хэмжээний төгсгөлд Монголын банкны холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын хадгаламжийн даатгалын корпораци зэрэг банк, санхүүгийн байгууллагууд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Бүгд аз жаргалтай сайн сайхан амьдрах болтугай болох бсан биз [103.57.92.146] 2025-04-16 18:16:47

Эрчүүд нь хэрвээ тийм байсан бол яах бол

Өөрдөөсий илүү нөхөр хайгаастай [103.57.92.146] 2025-04-16 18:13:01

Монголоор дүүрэн нөхөргүй хүчирхэх хүүхнүүд,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.