Төмсний үнэ

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногт Оросын мэдээллийн хэрэгслүүд “ОХУ-д төмсний үнэ 300 хувиар нэмэгдлээ” гэж мэдээлж, шуугиан тарив. Учир нь эдийн засгийн шинжээчид “Энэ оны дөрөвдүгээр сарын 4 болон өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн мэдээллийг харьцуулж “Төмсний бөөний үнэ 285.5 хувиар өсч, НӨАТ-ыг оруулалгүйгээр 11.4 рубль байсан үнэ нь 42.4 рубль болж өссөн байна” гэж дүгнэсэн юм байна.

Мөн Орост “Борщны багц” гэж нэрлэгддэг бусад хүнсний ногооны үнэ ч эрс нэмэгджээ. Тухайлбал, нэг жилд сонгины үнэ 16-аас 28.5 рубль, манжин 19.7-аас 26.2 рубль, байцаа 19.8-аас 30.4 рубль болж өссөн байна. Цорын ганц үнэ өсөөгүй хүсний ногоо лууван байгаа бөгөөд бөөний үнийг нь жилийн өмнөх 19.4 рубльтэй харьцуулахад 19.9 рубль болжээ.

Өмнө нь Оросын хэвлэлүүд нимбэгний үнэ өссөн тухай мэдээлж байв. Энэ нь Оросын нимбэгний гол нийлүүлэгч Турк улсад нимбэг жимсний ургац муу байгаатай холбон тайлбарлаж байв. Туркийн цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал ургацын хэмжээ буурахад хүргэж, энэ нь жимсний бөөний үнэ Орост нэг кг тутам нь 180 рубль байсныг 230 рубль болгон нэмэгдүүлсэн аж.

Гэтэл Оросын өөрийнх нь тарьдаг төмс нэг кг нь 17 евро цент буюу 15.9 рубльтэй тэнцэж байгаа дэлхийн дунджаас бараг гурав дахин үнэтэй болжээ. Төмсний бөөний үнэ ийнхүү нэмэгдсэн тул төмсний жижиглэнгийн үнэ ч хурдацтай өсч байна.

“Росстат”-ын мэдээлснээр 2024 оны эцэст дэлгүүрүүдэд төмсний үнэ 92 хувиар өсч, хүнсний бүтээгдэхүүний инфляцийн “дээд амжилт” тогтоож байжээ. Харин “AB-Center” компанийн тооцоогоор 2025 оны гуравдугаар сар гэхэд төмсний бөөний үнэ 31.4 рублиэр, харин жижиглэнгийн үнэ 42.3 рублиэр өсчээ. Энэ нь төмсний бөөний үнэ 3.9 дахин, жижиглэнгийн үнэ 2.4 дахин үнэтэй болсон гэсэн үг юм байна.

“AB-Center” компанийн гүйцэтгэх захирал Алексей Плугов “Төмсний үнэ хурдацтай өсч байна. Өнгөрсөн онд тариаланчид 7.3 сая тонн төмс хураан авсан нь өмнөх оныхоос 1.2 сая тонноор бага байна” гэжээ.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Оксана Николаевна Лут “Өөрийн улсын дотоодын хэрэглээг найман сая тонн” гэж мэдэгдэж байсан билээ. Иймээс орос иргэдийн хүнсний гол бүтээгдэхүүн төмсний хомсдолд орох аюулаас сэргийлж Оросын засгийн газар 2025 оны эхнээс эхлэн “найрсаг орнууд”-аас төмс татваргүй импортлохыг зөвшөөрч, Төрийн Думын дэд дарга Борис Чернышов төмсний жижиглэнгийн үнэд төрийн түр зохицуулалт оруулахыг санал болгосон.

Чернышов Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Максим Решетниковт хандан “Төмсийг заримдаа хоёр дахь талх гэж нэрлэдэг тул нийгмийн ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний үнийн ноцтой хэлбэлзэл нь олон сая гэр бүлийн төсөвт үзүүлэх ачааллыг ихээхэн нэмэгдүүлнэ” гэсэн байна. Ийнхүү Хөдөө аж ахуй нь хүртэл алдагдалд орж хүнсний бүтээгдэхүүний үнэ, рублийн ханшийг Оросын төр засаг хүчээр тогтоон ОХУ нь ЗХУ болж байгаа нь тодорхой болов.

Төсвийн алдагдал улам нэмэгдэх тул удахгүй рублийн ханшийг сул тавьж, Орост гиперинфляци улам гаарах болно. Өөр зам байхгүй. Гэтэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан дээр “ОХУ-ын эдийн засаг дэлхийд дөрөвдүгээрт орсон. Өнөөдөр Хятадын эдийн засаг худалдан авах чадвараараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

Тийм ээ, Америкийн эдийн засаг хүчирхэг, бүтэц нь бусадтай харьцуулахад харьцангуй сайн. Гэхдээ БНХАУ-ын эдийн засгийн хэмжээ илүү том. АНУ хоёрдугаарт бичигдэж байна. Гуравдугаарт, Энэтхэг орж, худалдан авах чадвараараа Орос аль хэдийнэ дэлхийд дөрөвдүгээрт орсон” гэж мэдэгдсэн.

Тэгвэл хэн ч байсан https: //oec.world/en/profile/ country/rus хаягаар ороод эдийн засаг нь өнөөдрөөс хамаагүй сайн байсан 2023 оны байдлаар ОХУ яасан ийсэн дөрөвдүгээр байр, экспортоор 132 улсаас 50-д, судалгааны чадвараар 96 улсаас 58-д, нэг хүнд ногдох экспортоор 209 улсаас 84-д, нэг хүнд ногдох импортоор 209 улсаас 138 дугаарт байсныг олоод харчихаж болно.

Үнэндээ бол ОХУ-ын эдийн засагт өнөөдөр “sequestration” гэгддэг секвестр явагдаж байна. Энэ нь Оросын бордоо, зэвсгийн үйлдвэрээс бусад салбарууд алдагдалд орсон гэсэн үг. Энэ бүхэн ОХУ-ын эдийн засагт гиперинфляци явагдаж энэ улс дефолт буюу дампуурал руу явж байгааг баталж байна. ЗХУ-д яг ийм зүйл тохиоход барууны улсууд харамгүй тусалсан ч энэ улс тавхан жил тэсч, улмаар задарч нэр нь түүх болж үлдсэн.

Учир нь ЗХУ барууны зэвсэг, бүтээгдэхүүнийг дуурайж хийдэг байсан учир үйлдвэрүүд нь өөрийн гэсэн оюуны өмчүүдгүй байв. Оюуны өмчгүй ЗХУ-ын үйлдвэрүүд энх цагт иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд өрсөлдөх ямар ч чадваргүй байсан учир энэ улсын эдийн засаг дампуурч, улмаар задарсан билээ.

Энэ удаа ЗХУ-аас ялгаатай нь барууны улсууд ОХУ-д туслах магадлал маш бага байгаа учир энэ улс шууд задарна. Учир нь Оросууд мөнгө нь гиперинфляцид идэгдэж цаас болохоор арми нь ялагдаж, арми нь ялагдахаар төр нь солигдож, төр нь солигдохоор улс нь задардаг түүхэн уламжлалтай билээ. Иймээс Хойд хөршийн байтугай бидний цаашдын хувь заяаг В.Путин бус Оросын төмсний үнэ шийднэ.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.147] 2025-04-23 21:45:59

Өөрсөдийгөө л хичээж байвал барам. Захаар нэг орос ногоо гэж худлаа зардаг ногоонуудыг санаж байна уу. Дайн нхэлсэн үеэс эхлэн орос орон хүнсний ногооны үнэ өсөж эхэлсэн. Одоо бүр барьж чадахаа больж. Юун гадагш нь ногоо гаргах. Хойноос ирж байгаа ногоо чинь тэр чигээрээ хятад ногоо. Манай баруун, зүүн талаар тойроод ороод ирж байгаа юм. Харин овоо төмс тарьчих юм бол Оросд экспортлож болно шүү.

1234 [202.5.202.32] 2025-04-23 15:57:02

Үнэ нэмэгдсэн ч манай үнээс доогуур юм байна.

Зочин [82.144.201.2] 2025-04-23 13:26:49

Орост төмсний үнэ нэмэгдсэн нь бид нарт ямар пад бнаа???


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.