А.Хонгорзул: Гоолиг болоод ирэхээр уруулаа хүртэл будмаар санагддаг юм байна

Anuxai’s Fitness Show” нэвтрүүлгийн гуравдугаар улирлын ялагч А.Хонгорзултай ярилцлаа. Түүний хувьд УБТЗ (Улаанбаатар төмөр зам)-ын Замын дөрөвдүгээр ангиас Улаанбаатар хотыг зорин ирж, энэхүү шоунд төмөр замчдаа болон олон мянган ээжийг төлөөлж оролцсон юм.
-Юуны өмнө өөрийгөө ялан дийлж, шоу нэвтрүүлгийн ялагч болсонд баяр хүргэе. Ялагч болсон мөчөө үгээр илэрхийлбэл?
-Баярлалаа. Тухайн үед итгэж өгөөгүй. Түгшсэн ч юм шиг, баярламаар ч юм шиг мэдрэмж төрсөн. Ялагч болохдоо багшийн тэврэлтээс л чадчихлаа шүү гээд огшсон мэдрэмж авсан. Шоунд хүн бүр л түрүүлнэ гэсэн зорилготой орж ирсэн байх. Миний хувьд өөрийгөө л ялна гэж бодсон. Яагаад гэвэл би амьдралын буруу хэмнэлтэй, бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэснээс таргалалттай болсон байсан. Тийм болохоор өөрийгөө л ялъя гэж бодсон. Тэр зорилгоо ч биелүүлсэн.
-Та олон мянган ээжийг, бас төмөр замчдаа төлөөлж оролцсон учраас үзэгчид нэлээд дэмжсэн болов уу?
-Анх энэ шоунд орохдоо маш их эмээж байсан. Ээжүүдийг төлөөлж оролцож байгаа, бас төмөр зам гэдэг том айлыг төлөөлж орно гэдэг их хэцүү санагдсан. Хэрэв би шантарвал ганцхан намайг биш, төмөр замынхан гэж ярих учраас хойшоо алхахгүйгээр урагшилъя гэсэн зорилго өөртөө тавьсан. Шоуны туршид фитнессээ тасалж болохгүй юм байна, дэглэмээ алдаж болохгүй юм байна гэдгийг л маш сайн ойлгосон. Нэг удаа дэглэм алдаад, бэлтгэлээ тасалбал ямар ч үр дүнгүй.
-Энэ ялалтад ажил мэргэжлийн онцлог нөлөөлсөн гэж бодож байна уу. Ер нь яагаад төмөр замын салбарт ажиллах болсон бэ?
-Нөлөөлсөн гэж бодож байгаа. Төмөр замын салбар бол хагас цэргийн зохион байгуулалттай, хатуу дүрэмтэй. Би багадаа цэрэг, цагдаа болно гэж боддог байлаа. Бас манай ах дүү нар бүгдээрээ төмөр замын салбарт ажилладаг. Өвөө маань бидэнд “Төмөр зам гэдэг бол маш нэр хүндтэй, түшээд явбал хэзээ ч алдахгүй шүү” гэж захидаг байсан. Энэ ч нөлөөлсөн.
Би УБТЗ-ын замын дөрөвдүгээр ангид ажиллаад найман жил болж байна. Миний хувьд төмөр замчдаараа маш их бахархдаг. Яагаад гэвэл гадаа байнга ажиллаж, юу ч болсон урдах ажлаа хийгээд явдаг болохоор тэд нараараа бахархахгүй байхын аргагүй.
-Өөрийгөө ялъя гэж л “Anuxai’s Fitness Show”-нд хандсан уу?
-Анх өөрөө оръё гэж хүсэлт өгөөгүй. Нөхөр маань хүсэлт өгсөн байсан. Шоуны бүртгэл эхэлсэн үед нэвтрүүлгийн багийнхан руу, багш руу ч тэр бичсэн юм билээ. Бид хоёр Дорноговь аймгийнх, манайх зөрлөг дээр амьдардаг гээд л бичсэн гэсэн. Нэг өдөр ажлаа хийж байтал телевизээс залгаад, хүрээд ирэх боломж байна уу, уулзъя гэсэн. Тухайн үед нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг нь үзэж байсан болохоор маш хурдан “Тэгье” гэчихсэн. Тэгээд нөхөртөө хэлтэл нөхөр маань дэмжсэн.
Төмөр замынхаа даргадаа хэлтэл дарга маань хүртэл шууд дэмжсэн. Ер нь манай УБТЗ-ынхан ажилчдаа маш сайн дэмждэг л дээ. Намайг Улаанбаатарт төмөр замын буудлаар хангаж өгөөд, цалинтайгаар чөлөө өгсөн. Намайг хамт олон, ар гэрийнхэн маань ингэж их дэмжиж байхад өөрийгөө нэг удаа дайчилъя гээд зоригтойгоор вагонд суусан.
Тухайн үед маш их түгшсэн. Яагаад гэхээр өмнө нь нэг ч удаа фитнессийн зааланд орж үзээгүй, нэг ч удаа камерын өмнө гарч үзээгүй хүнд чинь маш их зүйл бодогддог юм билээ. Тэгээд телевизийн багийнхантай уулзсан. Маш том зориг өвөртлөөд ирсэн надад ухрах эрх байхгүй шүү дээ.
Үнэнийг хэлэхэд, анхны дугаар дээр үнэхээр хэцүү байсан. Хүүхэд төрүүлээд ойрын хоёр гурван жил идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй болохоор гэнэт дасгал хөдөлгөөн хийхэд чанга байсан л даа. Эхний өдрөө л шөрмөс татаад, өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсэн. Тэр үед ингээд байгууллагынхаа нэрийг унагаачихлаа гээд шантарч байсан.
Багш маань “Дасгалаа хийгээд байвал 5-7 хоногийн дотор булгараа чинь арилна. Тийм болохоор дасгалаа битгий таслаарай” гэсэн. Нээрээ л 5-6 хоногийн дараа булгараа нь арилчихдаг юм билээ. Бие ч хөнгөрөөд, дасгал хөдөлгөөнөө мэдрээд, эрч хүчтэйгээр дасгалаа хийгээд явсан даа.
-Шоунд ороод бие физиологийн хувьд өөрчлөлт гарахаар сэтгэл зүй ч дагаад өөрчлөгдсөн үү?
-Шоунд орохын өмнөх Хонгорзул, одоо байгаа Хонгорзул шал өөр болсон. Анх би илүүдэл жинтэй, тэрийгээ дарах гэж нэвсгэр хувцас өмсдөг байсан бол одоо дэлгүүрт харсан хувцсаа авмаар санагддаг болсон. (инээв). Илүү их эрч хүчтэй болсон.
-Нэвтрүүлгийн явцад зарим оролцогчийн хувьд шантарсан зүйл ажиглагдсан. Харин таны хувьд тэвчээртэй байж чадсан нь ялалтад нөлөөлсөн болов уу?
-Тайван, тэвчээртэй, худлаа ярьдаггүй чанар эмээ өвөөгөөс эцэг эхэд маань дамжсан. Бага байхад маань хүртэл хэлдэг байсан. “Битгий худлаа ярьж байгаарай. Үнэнч байсан хүн хождог шүү” гээд байнга захидаг байсан. Ер нь манай хадам аав, манай талынхан хүртэл бүгд төмөр замаар дагнасан хүмүүс байдаг. Мэргэжлийн онцлог хүртэл нөлөөлсөн гэсэн үг.
Эцэг эхээс тэвчээр гэдэг зүйлийг өгсөн учраас энэ ялалтыг авчирсан гэж хэлж болно. Хүн элдвээр хэлж байвал хэлж л байг гэж боддог. Нэвтрүүлэг явж байх хугацаанд эмээ өвөө, эцэг эх маань надад ямар их тэвчээр өгөв өө л гэж бодсон. Энэ амжилт маань миний ажил мэргэжил, тэвчээртэй холбоотой гэж бодож байна.
-Эмэгтэйчүүд маань жингийн асуудлаас болоод өөртөө итгэлгүй болдог. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Эмэгтэй хүн бүр гэртээ туръя гээд хоёр гурван өдөр хөдөлгөөн хийгээд шантардаг. Би ч ялгаагүй тийм л байсан. Гэтэл тийм биш юм билээ. Би 45 хоногийн хугацаанд яаж мэдэрсэн бэ гэхээр хүний бие долоо хоногт биш 14 хоногийн дараа өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр эмэгтэйчүүддээ хандаад хэлэхэд, дасгал хөдөлгөөн хийгээд битгий хаяарай, зоригтойхон нэг сар дасгал хийгээд үзээрэй. Сарын дараа гэхэд ямар нэгэн өөрчлөлт заавал гарсан байна.
Ээжүүд маань хүүхдээ хараад хажуугаар нь фитнесст явах боломж байгаа бол фитнессийн зааланд нэг удаа ороод үзээрэй. Ажлаасаа тарж ирээд, нөгөө л нэг гэр орон, хоол ундны ажил эхэлдэг. Нөхөртэйгөө энэ талаар ярилцаад үзээрэй. Хамгийн гол нь жингээ хасвал дагаад эрүүл мэндээ хамгаалж, өөртөө итгэх итгэлтэй болж өөрийгөө тэс өөрөөр мэдэрч эхэлнэ.
Миний хувьд хэзээ хамгийн сүүлд ийм мэдрэмж авлаа л гэж бодсон. Өмнө нь угаасаа 95 килограммаас буухгүй юм байна гээд тоодоггүй байсан. Эмэгтэй хүн чинь жин нэмэхээрээ үсээ янзлах, нүүрээ будах сонирхол хүртэл байхгүй болчихдог. Харин тураад ирэхээр аль гоё сайхан, өнгөтэй өөдтэйг хараад, уруулаа хүртэл будмаар санагддаг юм байна.
Би одоо өөртөө маш том өөрчлөлт хийчихээд байгаа шүү дээ. Өмнө нь хэзээ ч уруулаа тод өнгөөр будаж байгаагүй. Шоуны явцад би 15.9 килограмм хасаж, бэлхүүсний тойргоосоо 30 см хассан. Намайг хүмүүс юу хэрэглэсэн бэ гээд асуугаад байгаа. Би бол зааландаа дасгал хийхийн хажуугаар маш их алхсан. Багш маань оройдоо маш сайн алхаж бай гэсэн. Алхахаар хоол унд шингэнэ, хэвлийн булчин ажилладаг. Тийм болохоор алхалт үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа.
-Үргэлжлүүлээд фитнессээр хичээллэх бодол байгаа юу?
-Сая багшаас бодибилдингийн тэмцээнд орох уу гээд санал ирсэн. Дотроо бол ороод үзэх юмсан гэсэн нууцхан хүсэл байгаа. Нэвтрүүлгийн туршид нэг ч удаа гэртээ очоогүй. Дээрээс нь 45 хоногийн хугацаанд хоёр настай хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирсэн. Хоёр настай хүүхдээ хараад, ажлаа хийнэ гэдэг бол эрэгтэй хүнд асар хэцүү. Гэр лүүгээ яарч байна. Гэрээ ч санаж байна. Манай гурав одоо хотод ирсэн байгаа.
Том охин маань ээжийгээ хараад “Ээж та ямар гоё болсон юм бэ” гээд л уулга алдсан. Миний энэ өөрчлөлт хүүхдэд маань хүртэл нөлөөлнө гэж бодож байгаа. Өмнөх шигээ буруу хооллолттой байсан бол хүүхдүүдийнхээ ирээдүйг ч баллах байсан юм уу. Одоо нутаг буцахдаа хэдэн цагт ямар хоол идэх вэ гээд багшаасаа бүх зөвлөгөөгөө аваад явж байгаа учраас гэртээ ч бас эрүүл, эко амьдралын хэв маягийг хэвшүүлмээр байна.
Хүүхдүүддээ ч бас урт удаан, эрүүл амьдрах эхлэлийг нь тавих юм болов уу гэж бодож байна.-45 хоногийн хугацаанд дэмжсэн бүх хүмүүстээ хандаад юу гэж хэлмээр байна?-45 хоногийн хугацаанд арыг минь бат даасан гэр бүлдээ, ханьдаа, ээж аав, ахан дүүсдээ, УБТЗ-ынхаа нийт удирдлагууд, мөр зэрэгцэн ажиллаж байгаа мэргэжил нэгт замчдадаа, “TV8” телевизийнхээ хамт олонд маш их баярлаж байна.
Мөн нэвтрүүлэгт хамт оролцсон хайр татам жүжигчин Дөлгөөндөө, гайхалтай уран зурдаг Маргаддаа, бидний хайртай дуучин Эрдэнэтунгалаг эгчдээ, үзэсгэлэнтэй жүжигчин Минодоо, халуун дулаан инээмсэглэлтэй Жаргалмаа эгчдээ бүгдэд нь баярлалаа, бид богино хугацаанд маш сайхан халуун дулаан уур амьсгалтай болж чадсан.
Бас баярлах хамгийн том шалтгаан бол Анухай багш маань. Энгийн нэгэн ээжийг тэс өөр хүн болгож өөрчилсөн багшийгаа би биширч байгаа. Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд, ээжүүддээ баярлалаа.
Хэзээ ч битгий өөрийгөө хойш нь тавиарай, нэг удаа зориглоод үзээрэй гэж хэлмээр байна.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл
Зочин [103.212.116.254] 2025-05-27 15:53:11
монгол царай төрхтэй иймэрхүү хүүхэн цаанаа л нүдэнд дулаан танил харагддаг болчих гэж дээ .одоо ч эрлийз хурлийзууд ямар аймаар их болчихсон юм бэ.маргад гэж охин харваас
Зочин [202.126.91.134] 2025-05-27 14:24:52
Гол нь хэдэн кг-аас хэд болсныг бичээгүй байна.
доогий [66.181.183.169] 2025-05-27 11:01:34
Энгийн даруухан сайхан эмэгтэй байсан.Оролцсон зарим нэг хүүхнүүд сонин харагдаж байсан.