ЦУОШГ: Өнгөрсөн сард хамгийн бага хур тунадас орсон

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр, өнгөрөгч 2025 оны долоодугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар хүйтэн, харин олон жилийн дунджаас 1.1°С-аар дулаан байсан бөгөөд энэ нь 1940 оноос хойш тохиолдож буй наймдах дулаан сар болж өнгөрлөө.
Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаас хазайх байдлыг орон зайн хэмжээнд авч үзэхэд, нийт нутгийн 69 хувь нь дунджаас 1.0-3.0°С-аар дулаан, 30.2 хувь нь дунджаас ойролцоогоор ижил, харин 0.8 хувь нь хүйтэн байжээ. Монгол орны хэмжээнд өнгөрсөн сард дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 26 хувиар, олон жилийн дунджаас 7.9 хувиар бага байгаа нь 1940 оноос хойшхи 27 дахь хамгийн бага тунадастай сар болж байна.
Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Эхийнголд 41.3°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн аймгийн Чандагат суманд -1.2°С хүрсэн байна. Харин хөрсний температурын үнэмлэхүй их утга Улаанбаатар хотод 68°С, хамгийн бага утга нь Хөвсгөлийн Чандагат суманд -3°С байжээ.
Хоногт хамгийн их тунадас Хэнтий аймгийн Баян-Овоо суманд долдугаар сарын 9-нд 66.6 мм орсон бол даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатар суманд 942.5 гПа, бага утга Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 766.6 гПа хүрчээ. Салхины хурд хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 33 м/с-д хүрсэн байна.
Сэтгэгдэл