ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.15/ үдээс хойших хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, хамаарал туйлын эмзэг байгааг онцлоод гадаад худалдааны 70 гаруй, экспортын 90 гаруй хувь ганц улсаас хамааралтай, эрчим хүч 24, түлш шатахуун 100 хувь импортоос хараат, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 160 хувьд хүрсэн, эдийн засгийн төрөлжилтийн индексээр Монгол Улс дэлхийн 145 орноос 139-д бичигдэж байна. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлаа эрс сайжруулж, эмзэг байдлаа бууруулахын тулд макро эдийн засаг тэр дундаа төсвийн бодлогын эрс шинэчлэлийг эхлүүлж байна гэв.
Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого, зардал, өрийн хэмжээг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг өгөөжтэй зарцуулах, нийгмийн зөвшилцөл, иргэдийн оролцоог хангах суурь зарчмыг баримталсан. Эдгээр зарчмын хүрээнд бид “Хувийн хэвшлийг дэмжсэн, хүний хөгжилд чиглэсэн дунд хугацааны төсвийн бодлогыг” тодорхойлсон гэж байлаа.
Мөн макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн талаар танилцуулсан. Тухайлбал, Эдийн засгийн өсөлт: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой 6 хувиас дээш түвшинд хадгалах зорилтын хүрээнд 2027 онд 6.3, 2028 онд 6.5 хувь өсөхөөр тооцсон байлаа.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2026 онд 31.6 их наяд, 2027 онд 33.7 их наяд, 2028 онд 37.3 их наяд төгрөг байхаар тооцсон. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсанаас 2026-2028 онуудад 1.8 их наяд төгрөгөөр тус тус бууруулан тооцлоо. Ингэснээр тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2026 онд 30.9, 2027 онд 29.3, 2028 онд 28.2 хувь байна. Энэ нь татварын ачааллыг хөнгөрүүлж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төсвийн нийт зарлага: 2026 онд 33.0 их наяд буюу ДНБ-ий 32.2 хувь, 2027 онд 34.6 их наяд буюу ДНБ-ий 30 хувь, 2028 онд 37.8 их наяд буюу ДНБ-ий 28.6 хувь байхаар төсөөллөө. Зарлагын ДНБ-д эзлэх хувийг үе шаттай бууруулснаар төсвийн сахилга батыг чангатгаж, мөнгөний бодлоготой уялдуулна. Үр дүнд нь төрийн оролцоо хумигдаж, хувийн хэвшлийн орон зай тэлж, инфляц саарч, зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ хэмээн дурдсан байв.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: 2026 онд 1,380 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх дүнгээр алдагдалтай баталж хэрэгжүүлэхээр, 2027-2028 онуудад тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 0.8 хувь, 0.4 хувь болгон тус тус бууруулахаар хуулийн төсөлд тусгасан гэж танилцуулгад дурджээ.
Мөн суурь зарлагыг төсвийн хүрээний мэдэгдэлд нийт зарлагаас эх үүсвэртэй зардлыг хасаж тооцсон дүн буюу нэгдсэн төсвийн суурь зарлагын хэмжээг 2026 онд 29.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 28.9 хувь, 2027 онд 31.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, 2028 онд 33.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.1 хувь байхаар тооцсон тусгасныг Ерөнхий сайд онцлоод суурь зарлагын хэмжээг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад 2026 онд 0.8 их наяд, 2027 онд 1.8 их наяд, 2028 онд 3.2 их наяд төгрөгөөр тус тус бууруулан тооцсон гэж байлаа.
Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.
Уг дүгнэлтэд хуулийн төсөл нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны шаардлагыг хангасан, бүтэц агуулгын хувьд харьцангуй сайжирсныг дурджээ.
Мөн тэрбээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эерэг, сөрөг болон цаашид сайжруулах, анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өмнөх жилүүдийн хэт өөдрөг түвшнээс багасгаж 5.7 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь, олон улсын байгууллагуудын таамаглалтай ойролцоо түвшинд харьцангуй бодитой таамагласан нь төсвийн бодлогыг макро эдийн засгийн нөхцөл байдлыг зөв харж төлөвлөх шаардлагатай нийцэж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу төсвийн орлого, зарлагыг бууруулсан төдийгүй 2018 онд төсвийн нийт зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний ) 29 хувьтай тэнцэж байсан бол 2024 онд 38.3 хувь болж даруй 9.3 нэгжээр өссөн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, төсвийн хэт тэлэлтийг зогсооход чиглэсэн эхлэл болж байгаа нь эерэг хандлага гэдгийг онцлов.
Үүний зэрэгцээ төсвийн бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилтийн хувьд анхаарах зарим асуудлыг танилцуулсан. Тухайлбал, Нэгдүгээрт. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд төсвийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогын тухай ихээхэн дурдаж төсвийн зарлагыг тэлэх арга хэрэгсэл болгодог байдлаас татгалзаж, эдийн засгийн тэлэлттэй үед ч санадаг байж төсвийн ирээдүйн эрсдэлийг бууруулахад анхаарах нь хүнд нөхцөл байдалтай тулгарсаны дараа хариу үйлдэл хийхээс илүү оновчтой.
Хоёрдугаарт. Төсвийн зарлагыг бууруулж цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорьж байгаа нь сайн хэрэг боловч энэ нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тодорхойлсон хувь, хэмжээнд хүрэхгүй байна. Зөвлөлийн тодорхойлсноор төсвийн зарлага ДНБ-ний 27 хувьтай тэнцэж байх нь өсөлтөд хамгийн их эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Зарлагын оновчтой түвшингээс гадна төсвийн алдагдал макро эдийн засгийн үр нөлөөтэй эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд алдагдалгүй төсвийн талаарх үзэл баримтлал нь хэрэгжиж чадалгүй цаасан дээр үлдэж байгааг дурдахыг хүсэж байна.
Гуравдугаарт. Төсөв, макро эдийн засгийн эрсдэл дунд хугацаанд үргэлжлэхээр байна. 2020-2024 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь байсан бол нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь байжээ. Энэ нь цааш үргэлжилбэл гурван жилийн дотор буюу 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30 хувиас хэтрэх буюу төсвийн тусгай шаардлага зөрчигдөх нөхцөл үүсэхээр байна.
Засгийн газраас боловсрууланТатварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаx тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэчлэлийн төсөвт үзүүлэх шууд нөлөө Сангийн яамны тооцоолсноор -4.0 их наяд төгрөг орчим байгаа нь ДНБ-ий 3-4 хувь болох буюу мөн хэмжээний төсвийн алдагдал үүсгэн төсвийн тэнцлийн тусгай шаардлагууд 2027 оноос зөрчилдөхөөр байна. 2023 онд Монгол Улс анх удаа төлбөрийн болон төсвийн тэнцлийн хувьд ашигтай гарсан нь эдийн засгийн хувьд ихээхэн эерэг үзүүлэлт болж чадсан. Энэ нь удаан хадгалагдаж чадаагүй бөгөөд 2024 онд тэнцлийн хос алдагдалтай гарсан. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төлбөрийн тэнцлийн мэдээллээс харахад төсөв, төлбөрийн тэнцэл нь 2025 онд алдагдалтай гарахаар байгаа бөгөөд 2026 онд ч энэ байдал давтагдах эрсдэлтэй байна. Ингэснээр төсөв, урсгал тэнцлийн хос алдагдлын мөчлөгт эдийн засгийг оруулж болзошгүй юм. Энэ нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж эдийн засгийн дархлааг сулруулах үр дагавартай гэдгийг сануулж байна.
Дөрөвдүгээрт. Сүүлийн жил гаруйн хугацаанд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь агуулга бүтцийн хувьд сайжирч, Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн 12.3-т заасан агуулгыг хамрах байдал харьцангуй сайжирсан ч макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар хийсэн дүн шинжилгээ; макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл; төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн төлөвлөгөөг гүйцэтгэл, үр дүнтэй нь харьцуулсан харьцуулалт зэрэг нь хангалтгүй байгааг тул энэ чиглэлээр хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.
Хуулийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Засгийн газраас Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлээгүй, батлагдаагүй байхад 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу жишиг болно. Мөн хуулийн төсөлд макро дүгнэлт хийх, хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааллыг нухацтай ярилцах зэргээр дотооддоо ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай байна” хэмээгээд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тус бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгөв.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслийн талаар танилцуулсан. /бүрэн эхээр нь эндээс/
Тэрбээр, Төсвийн төслөө боловсруулахдаа 239.8 мянган иргэнтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонсон хэлэлцсэн. E-Mongolia системээр санал бодлоо ирүүлсэн 188 мянган иргэний дуу хоолой, хүсэл сонирхлыг тусгасныг онцлоод бид иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцсоныг онцлон тэмдэглэв.
Мөн Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар нь Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх, Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөн бэхжүүлэх, 17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх, Нийслэлд сургуулийн ачааллыг бууруулах 117 шинэ сургууль, 73 шинэ цэцэрлэг, 32 дотуур байр барих, хүүхэд бүр дэлхийн монгол иргэний хэмжээнд эрдэм мэдлэг эзэмших, багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгасан гэж байлаа.
Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна гэдгийг Засгийн газрын тэргүүн дурдахын зэрэгцээ 2026 оноос иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна гэв.
Хуримтлагдсан баялгаа эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг иргэдийн амин чухал хэрэгцээнд зориулах нь Засгийн газрын онцгой даалгавар байх болно. Ипотекийн тогтолцоог шинэчилж, тусгайлсан Орон сууцны банк байгуулж, олон айл өрхийн өмнө шинэ орон сууцны үүд хаалгыг нээх болно. Хүү багатай, босго намтай, урт хугацаатай зээлийн шинэ тогтолцоог төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаагаар бий болгоно гэдгийг Ерөнхий сайд тодотгохын зэрэгцээ 2026 онд бүсчилсэн хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3,122 км зам, 3,159 метр гүүр шинээр барьж, засварлана. Замын-Үүд, Гашуунсухайт, Боршоо, Сүхбаатар, Алтанбулагийн боомтын хүчин чадлыг 2–3 дахин нэмэгдүүлсэн бол, 2026 онд Бичигт, Цагаандэл-Уулын өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, Цагааннуур, Булган, Хавиргын шинэ боомтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр барьж эхэлнэ гэж байлаа.
Түүнчлэн 2026 оны төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл гээд Засгийн газар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох бодлогыг тавьсан. Тиймээс ДНБ-ий 35.1 хувийг эзэлж байсан төсвийн зарлагыг 32.2 хувь болгон бууруулна. Урсгал зардлыг 26.6- 24 хувь болгон танаж, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлнэ.
Бид 2026 оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулснаар эдийн засгийн өсөлтөө 5.7 хувьд хүргэх, цалин орлогыг хумслагч инфляцын долоон хувиас давуулахгүй хазаарлах, экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилтуудыг дэвшүүлж байна. Төсвийн орлогоо 31 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн зарлагаа 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцлоо хэмээн Ерөнхий сайд танилцуулгадаа тодотголоо.
Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Уг дүгнэлтэд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агуулгын хувьд нийцэж байгаа боловч Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүрэн чиглүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн үлдэгдэл 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 43.8 хувьтай тэнцүү байхаар төсвийн төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-т заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байна хэмээн дурдсан байлаа.
Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлагдаагүй тул 2026 оны төсвийн төслийг боловсруулах шатанд байгаа бодлогын баримт бичгийн төсөлд үндэслэж нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна гэсэн дүгнэлтэд дурдсан байлаа.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31,600.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 32,980.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,380.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 579 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөр 2024 оноос 56.0 хувиар, 2025 оноос 5.5 хувиар буурсан, мөн нийт санхүүжилтийн 66.8 хувийг шилжих арга хэмжээнд хуваарилснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улс, бүсийн хөгжлийн бодлогын томоохон зорилтуудад чиглүүлж,өмнөх оноос үргэлжлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн сайн талтай боловч дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна гэв.
Үүнд: Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна.
Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа нь төсвийн төсөл бодлогын баримт бичгүүдтэй бүрэн нийцэж байгаа эсэхийг нэгтгэн дүгнэхэд хүндрэлтэй, хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг төсөв, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд гол нэр төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурч төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг санхүүжүүлэх, үүсэх эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг цаашид анхаарах шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхий аудитор дүгнэлтдээ онцолсон.
Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.
Уг дүгнэлтэд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нийт 316 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас 126 төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих бөгөөд үүнээс 60 хувь буюу 76 төсөл, арга хэмжээг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байгааг дурдаад 2026 оны төсвийн төсөл нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй тодорхой хэмжээнд нийцтэй байна. Гэхдээ төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний нийцтэй байдлыг бүрэн хангах асуудлыг цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг танилцуулсан байв.
Тодруулбал, Улсын төсвийн орлого төлөвлөлтийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүнд Үндэсний баялгийн сангийн орлогын эзлэх хувь өсөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт эрсдэлтэй, төсвийн татварын бус орлого буурах хандлагатай, улсын төсвийн орлого нь түүхий эдийн экспортын биет хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Улсын төсвийн орлого экспортод гаргаж байгаа түүхий эдийн биет хэмжээ, дэлхийн зах зээлийн үнэээс ихээхэн хамааралтай байгаа нь төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэхэд эрсдэл дагуулж байна гэжээ.
Улсын төсвийн зарлагын төлөвлөлтийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн өсөлт 2025, 2026 онд аажим саарах хандлага ажиглагдаж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахаар төлөвлөсөн байна. ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагын хэмжээ 2018 онд 29.0 хувь байсан бол 2021 онд 37.1 хувьд хүрч өссөн. Улмаар 2022 онд 33.9, 2023 онд 29.2 хувь болж буурсан ч 2024 онд дахин 38.3 хувьд хүрч өссөн. Төсвийн нийт зарлага 2025 онд 35.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа бол, 2026 онд 32.2 хувь болж буурна гэж тооцжээ. Төсвийн бодлогын зорилтуудыг харилцан уялдаатай тодорхойлсон боловч төсвийн зарлага, үр дүнгийн үзүүлэлтүүдийн нийцлийг бүрэн хангаагүй байна. Төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарыг онцолсон нь 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний “хүн төвтэй” хөгжлийн үзэл санаатай уялджээ. Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбар, эдийн засгийн үйл ажиллагаанд чиглэж байна.
Улсын төсөв ба орон нутгийн төсөв хоорондын одоогийн харилцааг шинэчлэх замаар бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай байна гэсэн байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлж төлөвлөх тогтолцоог зохистой хэрэгжүүлэхгүй байгаа нь хэрэгжилтийн үр дүнг бууруулж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх тогтолцоо, дүрэм журамд зарим алдаа дутагдал, сул тал оршсоор байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтөд суурилсан урт хугацааны төлөвлөлттэй төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулах, хөрөнгө оруулалтын зохицуулалтын орчин, үр дүнгийн үнэлгээг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна хэмээн дурдсан байлаа.
Хуулийн төсөл болон холбогдох бусад танилцуулга, дүгнэлтүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өмнөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэлсэн шаардлагаа танилцуулж, тус бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгсөн тул чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагт үргэлжлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл