Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ
. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн бөөгөөс “Chanel” брэндийн хоёр цүнх авснаа өнөөдөр хүлээн зөвшөөрсөн боловч Эв нэгдлийн сүмд туслалцаа үзүүлсний хариуд тэдгээрийг авсан гэдгээ үгүйсгэжээ.
Түүний өмгөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, авлига, хээл хахуулийн янз бүрийн хэрэгт буруутгагдан баривчлагдаад буй Ким Кён Хи анх удаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн боловч тус сүмээс тансаг зэрэглэлийн “Graff” хүзүүний зүүлт авсан гэдгийг няцаасан байна.
“Тэргүүн хатагтай Ким Кён Хи хоёр удаа Чон Сон Бэгээс цүнх бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тэрбээр Эв нэгдлийн сүмтэй ямар ч хуйвалдаан хийгээгүй, ямар нэгэн хэлбэрээр хүсэлт хүлээн авч, солилцоо хийгээгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тэрбээр мөн “Graff” зүүлт авсан гэх яриаг эрс няцааж байна” гэж уг мэдэгдэлд бөөгийн нэрийг дурдан бичжээ.
Цүнх болон үнэт эдлэлүүд нь "2022 оны гуравдугаар сард Юн Сог Ёль ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тус сүмд бизнесийн ашиг олоход нь тусалсны хариуд авлига авсан" хэмээн тэргүүн хатагтай асныг буруутгаж буй хэргийн гол баримт болоод байгаа юм. Хэргийг шалгаж буй мөрдөгчдийн тусгай багийн мэдээлснээр, Чон Сон Бэ дээр дурдсан эд зүйлсийг Ким Кён Хид тухайн оны 4-7 дугаар сарын хооронд Юн овогтой сүмийн ажилтан асны хүсэлтээр хүргэж өгчээ.
Цүнхнүүдийг 8 сая вон /5500 ам.доллар/, 12 сая вон, зүүлтийг 62 сая вон гэж үнэлж байна. Ким Кён Хи эхэндээ цүнхнүүдийг аваагүй гэж мэдэгдэж байсан боловч дараа нь Чоны ятгалгаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Тухайн үед төрийн албан тушаалтны гэргий хүний хувьд илүү чанд хатуу байх ёстой байсан боловч авахаас татгалзаж чадаагүй алдаагаа ухамсарлаж байна” гэж тэрбээр хэлснийг өмгөөлөгчид нь уламжилжээ. Бэлгүүдийг хэрэглээгүй бөгөөд дараа нь Чон Сон Бэд буцааж өгсөн байна.
Өмгөөлөгчид мөн Ким Кён Хид тусламж хүссэн хүсэлт ирж байгаагүйг дурджээ. Ким Кён Хи “зохисгүй үйлдэл” гаргаж, ард түмний урмыг хугалсандаа гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Чон Сон Бэ шүүх дээр өгсөн мэдүүлгээсээ буцаж, сүмийн албан тушаалтнаас авсан бэлгийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн туслахад хүргэсэн гэж мэдэгдсэний дараа Ким Кён Хи дээрх мэдэгдлийг хийжээ. Өмнө нь Чон Сон Бэ тэдгээр эд зүйлийг алдаж үрэгдүүлсэн гэж мэдүүлж байжээ.







.jpg)


























.jpg)






























Сэтгэгдэл
Зочин [188.162.241.148] 2025-11-05 18:56:08
Монгол улсад ирээд амьдарч болдогуй юмуу тайван кофе уугаад бэлэг авч болно ш дээ.