ЭЗБХ: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх нь зүйтэй
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх илтгэлээ танилцуулав.
Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь хотын нутаг дэвсгэрээс олборлодог. Ялангуяа Туул голын сав газраас ихээр олборлох нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгааг онцлов.
Мөн энэ үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдэж байгааг дурдав. Иймд цаашид усны сан бүхий газар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох шаардлагатай бөгөөд эрх зүйн орчныг эргэн харах шаардлагатай гэж төсөл санаачлагч тодотгосон юм.
Хуулийн 12.3 болон 17.4 дэх заалтаар 1 км-ийн зайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон боловч усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг нарийвчлан зохицуулаагүй хэвээр байгаа аж.
Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хайгуул, ашиглалтын талбайг тусгах эрхтэй ч байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэний үндсэн дээр цаашид хайгуул, олборлолт хийх эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг хуульчилж өгөөгүй байгаа юм.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэд газрын баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөг мэдэх эрхтэйг хангах, усны сан бүхий газар болон ойн сан бүхий газарт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны нөлөөг үнэлж, сөрөг нөлөө тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт шаардлагатай болжээ.
Иймд байнгын хороо усны сан бүхий газарт хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрөл олгохгүй байх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаль орчны үнэлгээ хийх, сөрөг нөлөө тогтоогдвол зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчныг нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзэн, уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Илтгэлтэй холбогдуулан гишүүд Б.Уянга, Ш.Бямбасүрэн, Ч.Анар нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүд, нийслэлийн иргэдийн төлөөллөөс хариулт, мэдээлэл авсны дараа, төсөлд үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад оролцсон 20 гишүүний 13 нь буюу 65 хувийн саналаар дэмжжээ.
Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо уг санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт танилцуулахаар боллоо.










































.jpg)






















Сэтгэгдэл
Үнэн үг [103.212.116.75] 2025-12-17 10:51:07
Энэ талаар хууль ч гаргаад хэрэгжүүлж чададгүй мөнгөний эрх мэдэлд боолчлогдсон Монголын төр хоосон жүжиг тавьж цаг нөхцөөж байхаа боль.