ОХУ: “Сүүдрийн флот”-ын 5 танкерийг дэлбэлсний хариу цохилтыг Украинд өгнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Оросын “сүүдрийн флот”-д цохилт өгөхөд Украинд бодитоор ногоон гэрэл асаасан тухай Америк болон Украины албаны эх сурвалжуудаас эш татан The Atlantic сэтгүүл арванхоёрдугаар сарын 10-ны пүрэв гарагт мэдээлжээ.
Тус хэвлэлд дурдсанаар, Жо Байдены үед Вашингтон хурцадмал байдал даамжрахаас болгоомжилж, олон улсын усанд Оросын хөлөг онгоцууд руу довтлохыг эсэргүүцдэг байсан бол Бүгд Найрамдах намын засаг захиргаа бий болсноор энэ хандлага өөрчлөгдсөн байна.
The Atlantic-ийн мэдээлснээр, Трамп олон улсын усанд ОХУ-ын нефтийн логистикт цохилт өгөхийг эсэргүүцээгүй бөгөөд зарим тохиолдолд Оросын нефтийн дэд бүтцийн объектуудыг онилоход ашиглагдсан тандалтын (разведкийн) мэдээллийг Киевт дамжуулахыг зөвшөөрчээ.
АНУ сүүлийн долоо хоногуудад Украинаас энхийн хэлэлцээг түргэтгэхийг шаардаж буй нөхцөлд Украин улс Оросын нефть тээвэрлэж байсан “сүүдрийн флот”-ын таван танкерийг дэлбэлсэн байна.
Хар тэнгист болсон эдгээр халдлагын хариуцлагыг Украины Аюулгүй байдлын алба өөртөө хүлээжээ. Харин Москва уг үйл явдлыг “далайн дээрэм” хэмээн нэрлэж, Украины бараа бүтээгдэхүүн тээвэрлэж буй хөлөг онгоцуудад хариу цохилт өгнө хэмээн заналхийлсэн байна.
Зах зээлийн эрсдэл ба АНУ-ын байр суурь
Нефтийн логистикийн эргэн тойрон дахь сөргөлдөөн нь хөлөг онгоцны даатгалын үнийг өсгөхөд хүргэжээ. The Atlantic-т онцолсноор, Трамп “энх тайвнаар зохицуулах”-ыг эрмэлзэж буйгаа олон нийтэд мэдэгдэж байсан ч түүний засаг захиргаа Оросын нефтийн салбарт хохирол учруулах Киевийн оролдлогыг дэмжсэн байна.
Аравдугаар сард Вашингтон “Роснефть” болон “Лукойл” компаниудад хориг тавьснаар Оросын экспортын тодорхой хэсэг саатаж, дэлхийн зах зээл дээрх Оросын нефтийн үнэ буурсан.
The Atlantic-ийн мэдээлснээр, АНУ дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсэх эрсдэлийг хүлээн зөвшөөрч байгаа ч ийм цохилтууд Владимир Путиныг "шахах хэрэгсэл" гэж үзэж байгаа аж. Вашингтон Оросын нефтийн логистик суларснаар Кремль энхийн хэлэлцээг эхлүүлэх гарцыг илүү идэвхтэй хайхад хүрнэ гэж тооцоолжээ.
Украины дэд бүтцийн сайд асан Александр Кубраков өмнө нь иргэний хөлөг онгоцуудад халдахыг эсэргүүцэж байсан бол өдгөө ийм тактикийг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж.
Тэрбээр хурцадмал байдал нэмэгдэхийг зарим тохиолдолд зөвтгөж болохыг хэлээд, “Хэрэв энэ нь Путиныг хэлэлцээний ширээний ард суулгаж чадвал хөзөр тоглох боломжтой болж магадгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ

































.png)




























Сэтгэгдэл
Зочин [202.126.91.60] 2025-12-14 15:34:44
Amerikuud nèftee zarahiin tuld orosuudiig shahah bh
Зочин [202.126.90.78] 2025-12-14 13:10:50
Украйн газрын зурашнаас арчигдахаас нааш дайн зогсохгүй