Болтон: Украин НАТО-д нэгдэх эрмэлзлээсээ татгалзах ёсгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтон Украинд дайныг зогсоох хэлэлцээний үеэр ОХУ-д буулт хийхгүй байхыг зөвлөжээ.
Тэрбээр Германы долоо хоног тутмын Der Spiegel сэтгүүлд арванхоёрдугаар сарын 18-нд нийтлэгдсэн ярилцлагадаа “Одоо ямар нэгэн тохиролцоонд хүрсэн ч хоёр, гурван жилийн дараа оросууд гурав дахь удаагаа дахин довтлоно” хэмээн мэдэгдсэн байна.
Болтон “Энэ бол стратегийн ихээхэн хүндрэлтэй үр дагавар дагуулсан, шийдвэр гаргахад маш хэцүү нөхцөл байдал бөгөөд үүнийг Трамп, түүний тусгай элч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар ойлгохгүй байна. Тэд ямар ч нөхцөлтэй байсан хамаагүй, зөвхөн хэлэлцээр байгуулахыг л хүсэж байна.
Хамгийн гол нь нэгдүгээр сарын 31-нээс өмнө тохиролцоонд хүрч, Трампыг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлэх боломжтой байх явдал тэдэнд чухал” хэмээн хэлжээ.
Болтон: НАТО-оос гадуурх аюулгүй байдлын баталгаанд эргэлзэж байна
Болтон ОХУ-ын Украинд явуулж буй дайныг дуусгахтай холбоотой Берлинд саяхан болсон хэлэлцээг тайлбарлахдаа, Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзаж, үүний оронд аюулгүй байдлын баталгаа авах талаар ярьж байгаа нь “асар том алдаа” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэр “Би үүнтэй огт санал нийлэхгүй. Трамп НАТО-гийн гэрээний 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тал дээр ч итгэл төрүүлэх хүн биш. Тэгвэл НАТО-оос гадуурх, Трампын өгч буй аюулгүй байдлын баталгаа ямар үнэ цэнтэй вэ? Энэ бол аюулгүй байдлын хий хоосон төөрөгдөл” хэмээн онцолжээ.
Жон Болтон Трампын анхны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд 17 сарын турш үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилласан бөгөөд стратегийн асуудлаарх санал зөрөлдөөний улмаас албан тушаалаасаа огцорсон юм.
Зеленский: Украин НАТО-д элсэх зорилгоосоо татгалзаагүй
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр 12 дугаар сарын 18-нд Брюссель хотноо "Одоогийн байдлаар Украин НАТО-д элсэх зорилгоосоо албан ёсоор татгалзаагүй байна. Бид ийм аюулгүй байдлын баталгааг хүсэж байна. Бид үүнийг хүртэх эрхтэй гэж үзэж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Түүний хэлснээр, НАТО-д гишүүнээр элсэх зорилгыг тусгасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд энэ бол Украины ард түмний гаргах шийдвэр аж.
Мөн тэрбээр АНУ Украин НАТО-д элсэхийг эсэргүүцсээр байгаад харамсаж буйгаа илэрхийлээд, “АНУ-ын бодлого энэ асуудалд тууштай хэвээр байна. НАТО-д гишүүнээр элсэх тухайд тэдний байр суурь өөрчлөгдөөгүй” гэжээ.
Гэсэн ч тэрбээр ирээдүйд энэ байр суурь өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа илэрхийлэн, “Украины арми ямар хүчирхэг вэ, НАТО-г сулруулах бус харин ч бэхжүүлж чадна гэдгийг хэн нэгэн ойлгох байх. Энэ бол цэвэр улс төрийн асуудал” хэмээн хэлсэн байна.
Түр хугацааны хувилбарын хувьд Зеленский Украиныг Европын Холбоонд элсүүлэх саналыг дэвшүүлжээ. Улмаар тэр “Европын Холбооны гишүүнчлэл нь манай аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн бус, геополитикийн ач холбогдолтой” гэж онцлоод, энэ шийдвэрт ОХУ ямар нэгэн нөлөө үзүүлэх ёсгүйг онцгойлон тэмдэглэсэн байна.
ОХУ-Украины дайныг зогсоох хэлэлцээ
АНУ-ын төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нар арванхоёрдугаар сарын 14, 15-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Украин болон Европын зарим орны төлөөлөгчидтэй уулзалт хийсэн. Эдгээр уулзалтын үр дүнд Америкийн тал дайн дууссан тохиолдолд Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно гэж амалсан ч Киев газар нутгийн ямар нэгэн буулт хийх эсэх асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн билээ.
Үүнээс өмнө буюу арванхоёрдугаар сарын эхээр Уиткофф, Кушнер нар Москва хотод очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бөгөөд уг уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг талууд ил болгоогүй юм.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ






















-104035-641377337.jpeg)











































Сэтгэгдэл