Засгийн газар 1000 журмыг хүчингүй болгож, зөвшөөрлийн тоог 2 дахин цөөлөхийг дэмжлээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн (2025.12.17) ээлжит хуралдаан боллоо.

Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, халдашгүй байдлыг хамгаалах зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг Засгийн газар хэлэлцлээ. Хуулийн төслийг дагалдаж Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг есөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Сүүлийн таван жилд манай улсад баталсан журмын тоо 3.5 дахин нэмэгдэж, 3500 болжээ. ХЗДХЯ-нд бүртгэлтэй 2457, бүртгэлгүй 850 нийт 3500 орчим журам мөрдөгдөж байна. Эдгээрийн 70-80 хувийг гааль, татварын байгууллага болон шат шатны ИТХ-аас баталсан 930 журам бүрдүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар журмын цаана авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил, дур зоргын асуудал байна гэж үзэн, нийгмийн харилцааг хуулиар бус хуулиас давсан журмаар зохицуулж байгааг өөрчилж, 1000 журмыг хүчингүй болгох хугацаатай үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө.

2026-2028 онд Төрийн өмчийн 18 компани, улсын төсөвт үйлдвэрийн газрын хувьцааг нээлттэй арилжих, бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нэр бүхий компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжиж, дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг, ногдол ашгаа олон нийтэд хуваарилдаг байх зарчмыг Засгийн газар баримталж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулаад байна. Энэ хүрээнд өр төлбөрт хураагдсан Гантиг вилла, Шинэ яармаг зэрэг орон сууцны хорооллын барилгуудыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, багш эмч нарт ипотекийн зээлийн нөхцлөөр олгоно. Капитал, Чингис хаан банкнаас 18 байгууллагын 482 тэрбум төгрөгийн, Хөгжлийн бакнаас 1,3 тэрбум төгрөгийн авлагатай байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Б.Цэнгэл хэллээ.

29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, тэдгээрийн 146 орон тоог цомхотгож, 41,6 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.124] 2025-12-17 16:45:59

Яам, агентлагаас гарсан хүнд суртал бий болгосон журмуудыг цөөлнө, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж хэдэн жил ярьж байна аа Одоо тэгээч ажлаа хийгээч


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.