Засгийн газар 1000 журмыг хүчингүй болгож, зөвшөөрлийн тоог 2 дахин цөөлөхийг дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн (2025.12.17) ээлжит хуралдаан боллоо.
Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, халдашгүй байдлыг хамгаалах зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг Засгийн газар хэлэлцлээ. Хуулийн төслийг дагалдаж Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг есөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
Сүүлийн таван жилд манай улсад баталсан журмын тоо 3.5 дахин нэмэгдэж, 3500 болжээ. ХЗДХЯ-нд бүртгэлтэй 2457, бүртгэлгүй 850 нийт 3500 орчим журам мөрдөгдөж байна. Эдгээрийн 70-80 хувийг гааль, татварын байгууллага болон шат шатны ИТХ-аас баталсан 930 журам бүрдүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар журмын цаана авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил, дур зоргын асуудал байна гэж үзэн, нийгмийн харилцааг хуулиар бус хуулиас давсан журмаар зохицуулж байгааг өөрчилж, 1000 журмыг хүчингүй болгох хугацаатай үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өглөө.
2026-2028 онд Төрийн өмчийн 18 компани, улсын төсөвт үйлдвэрийн газрын хувьцааг нээлттэй арилжих, бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нэр бүхий компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжиж, дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг, ногдол ашгаа олон нийтэд хуваарилдаг байх зарчмыг Засгийн газар баримталж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулаад байна. Энэ хүрээнд өр төлбөрт хураагдсан Гантиг вилла, Шинэ яармаг зэрэг орон сууцны хорооллын барилгуудыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, багш эмч нарт ипотекийн зээлийн нөхцлөөр олгоно. Капитал, Чингис хаан банкнаас 18 байгууллагын 482 тэрбум төгрөгийн, Хөгжлийн бакнаас 1,3 тэрбум төгрөгийн авлагатай байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Б.Цэнгэл хэллээ.
29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, тэдгээрийн 146 орон тоог цомхотгож, 41,6 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.


































































Сэтгэгдэл
Сонин биш болжээ. ХЗЯамд л хэцүү юм. [66.181.183.100] 2025-12-19 02:07:06
Үүнийг аль 1997-98 оноос хойш дэвшүүлээд л, журмуудаа шинэчлээд байсан. Элбэгдоржийн үед “шилэн засаг” гээд баахан журам өөрчилсөн. МАН-ын засгийн үед ч энэ үргэлжилсэн. Одоо журам өөрчлөх нь тийм ч сонирхолтой БИШ БОЛЖЭЭ.
Иргэн [66.181.180.113] 2025-12-17 18:28:29
Түрүү үеийн МАНгарууд нь тэгээд шал хэрэггүй 1000 журам гаргасан байжээ. Өнөө үеийн МАНгарууд нь тэгээд зөв юм хийж байна гэдэгт яаж итгэх юм бэ? Энэ орон гаран балай нам нэртэй луйварчдын бүлэглэлийг дахин бүү сонгоё ард түмээн.
зочин [66.181.160.124] 2025-12-17 16:45:59
Яам, агентлагаас гарсан хүнд суртал бий болгосон журмуудыг цөөлнө, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж хэдэн жил ярьж байна аа Одоо тэгээч ажлаа хийгээч