Максим Решетников: Оросын эдийн засаг рецессийн ирмэг дээр байна

Aдмин / Гадаад мэдээ

Цагтаа “Оросын Давос” гэж нэрлэгддэг байсан Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум олон жилийн турш Оросын эдийн засгийн нүүр царай байсаар ирсэн. Энэ форумаар хэдэн арван тэрбум ам.долларын гэрээ байгуулдаг байсан үе саяхан мэт санагдана. Харин 2026 оны форум өмнөхөөсөө огт өөр дүр зурагтай болж өнгөрөв.

Форумын үндсэн индэр дээрээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын эдийн засаг тогтвортой хөгжиж байгаа, барууны хориг арга хэмжээ зорилгодоо хүрээгүй, Оросын эдийн засаг төлөвлөсөн үзүүлэлт рүү итгэлтэйгээр орж байгаа тухай ярив. Гэвч форумын бусад танхимд өрнөсөн салбар хэлэлцүүлгүүд огт өөр дүр зураг харуулсан юм.

Форумын үеэр хамгийн анхаарал татсан мэдэгдлийг Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников хийв. Тэрээр “Оросын эдийн засаг рецессийн ирмэг дээр байна” хэмээн шууд мэдэгдсэн юм. Учир нь харицсан сайд нь ингэж үзэж байгаа бол ОХУ дефолт буюу дампуурал руу явж байна гэсэн үг билээ. Решетников “Тоо баримтаар бол эдийн засагт хөрөнгө оруулалтын бууралт, сааралтын шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа. Гэхдээ энэ тоо баримт бол өнгөрсөнд хамаарах зүйл. Бизнесийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад бид рецесс буюу эдийн засгийн уналт руу шилжих ирмэг дээр байна” гэж онцолсон. Өөрөөр хэлбэл, Кремлийн удирдагч эдийн засгийн өсөлтийн тухай ярьж байх үед өөрийнх нь эдийн засгийн сайд эрсдэлийн тухай ярьж байв.

Сбербанкны тэргүүн Герман Греф ч мөн адил Путины өөдрөг дүр зурагт эргэлзэж буй хүмүүсийн нэг байв. Тэрээр сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт буурч, бүтээмжийн өсөлт хангалтгүй, өндөр хүү эдийн засгийг боомилж, дайны үйлдвэрлэл дээр тулгуурласан өсөлт урт хугацаанд тогтвортой байж чадахгүй тухай байнга ярьж ирсэн. Грефийн тавьсан гол асуулт маш энгийн. Өсөлт байгаа нь үнэн. Танк үйлдвэрлэх нь ДНБ-ийг өсгөнө. Пуужин үйлдвэрлэх нь ч ДНБ-ийг өсгөнө. Гэхдээ энэ нь эдийн засаг эрүүл хөгжиж байна, иргэдийн амьдрал сайжирч байна гэсэн үг биш. Тэрээр эдийн засгийн өсөлтийг хойш татаж буй дөрвөн гол хүчин зүйлийг эдийн засаг дахь “апокалипсисийн дөрвөн морьтон” гэж нэрлэн, үүнийг банкны зээлийн өндөр хүү(бодлогын хүү), татварын өндөр ачаалал, чанга рубль, захиргааны дарамт гэж тодорхойлж хэлсэн. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын орлогч дарга Максим Орешкин энэхүү форумын үеэр Оросын ард түмэнд хандан “Барууны орнуудын хориг цуцлагдана, эсвэл ямар нэгэн хуучин зүйл эргэж ирнэ гэж хүлээх хэрэггүй. Өмнө нь байсан тэр ертөнц дахин хэзээ ч эргэж ирэхгүй, угаас байхгүй болсон.

Иймээс амьдрал хуучин байдалдаа орно гэж найдах хэрэггүй” гэж албан ёсоор анхааруулав.”Опора России” буюу Оросын жижиг, дунд бизнесийн холбооны ерөнхийлөгч Александр Калинин форумын салбар хуралдаан дээр Оросын жижиг дунд үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтын нөөц бүрмөсөн дууссаныг онцлоод “Татварын өсөлт болон зээлийн өндөр хүүгээс шалтгаалж МСП (жижиг, дунд үйлдвэрлэл)-ийн 80 хувь нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж, 20 хувь нь бизнесээ хаах эсвэл зарахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв. Бас Оросын Эдийн засгийн сайд асан, эдийн засагч Андрей Нечаев “Оросын жижиг, дунд бизнесүүд шинэ татварын бодлогын улмаас зах зээлээс бүрмөсөн арчигдах, эсвэл далд эдийн засаг руу шилжих ирмэг дээр ирээд байна” гэж анхааруулсан байна. Сонирхолтой нь энэ форумд “Дайны үеийн төсвийн асар их зарлагаар бий болсон өсөлтийг жинхэнэ эдийн засгийн эрүүл өсөлттэй андуурч болохгүй. Өнөөгийн өсөлтийн цаана инфляцийн дарамт, ажиллах хүчний хомсдол, бүтээмжийн асуудал, хэт өндөр хүү зэрэг олон эрсдэл хуримтлагдсан хэвээр байгаа. Иймээс эдийн засаг өсөж байгаа мэт харагдаж болох ч энэ өсөлт тогтвортой хөгжлийн илрэл биш” гэдгийг удаа дараа хэлж, анхааруулсаар ирсэн Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина оролцсонгүй.

Энэхүү форумын хамгийн сонирхолтой үйл явдал нь Путин юу ярьсан, бусад нь юу гэсэн явдал биш байлаа. Харин форумд хэн ирээгүй вэ гэдэг нь илүү ихийг өгүүлж байв. Учир нь аль ч эдийн засгийн форумын үндсэн зорилго бол хөрөнгө оруулалт татах. Давосын форум ч тэр, Саудын Арабын хөрөнгө оруулалтын форум ч тэр, БНХАУ-ын Боаогийн форум ч тэр эцсийн дүндээ мөнгө, технологи, бизнесийн шинэ түншлэл бий болгож байдаг. Гэтэл Санкт-Петербургийн форумд тогтмол оролцдог байсан Америкийн хөрөнгө оруулалтын банкнууд байсангүй. Европын аж үйлдвэрийн аварга компаниуд байсангүй. Дэлхийн технологийн томоохон корпорациуд байсангүй. Олон улсын санхүүгийн зах зээлийн гол тоглогчид байсангүй. Нэг үгээр хэлбэл, Владимир Путин дэлхийд анх удаа гаднын том хөрөнгө оруулагчгүй эдийн засгийн форум зохион байгуулав. Энэ бол форумын төдийгүй өнөөгийн Оросын эдийн засгийн хамгийн том илэрхийлэл юм. Учир нь төрийн төсвөөр өсөлт бий болгож болно. Цэргийн захиалгаар үйлдвэрүүдийг ажиллуулж болно. Дайны үйлдвэрлэлээр статистикийн өсөлт үзүүлж болно. Харин эдийн засгийн бодит өсөлтөд гадны хөрөнгө оруулалт, шинэ технологи, олон улсын капиталын урсгалыг орлох зүйл байдаггүй. Нэгэн цагт Санкт-Петербургийн форумын хамгийн чухал мэдээ нь хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байсан бол өнөөдөр хамгийн гол мэдээ нь Путин эдийн засгаа худал магтан ярьж буй явдал болж хувирчээ. Энэхүү форумын танхимуудад сонсогдсон үгсийг нэгтгэн дүгнэвэл, Путин эдийн засгийн амжилтын тухай ярьсан бол түүний хамгийн ойрын багийнхан рецессийн эрсдэл, инфляцийн дарамт, хөрөнгө оруулалтын дутагдал, бүтцийн хүндрэлүүд гээд эдийн засгийн бодит байдлын тухай ярив. Харин хамгийн тод харагдсан зүйл нь тайзан дээрх үг биш, нэгэн цагт дэлхийн хөрөнгө оруулагчдаар дүүрдэг байсан танхимуудын хоосон суудлууд байлаа.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.