Д.Эрдэнэтулга: Нэг гэрээс сумын заан цолтой ах дүү долоон бөх төрсөн нь бөхийн түүхэнд ховор юм билээ

Aдмин / Спорт

Шинэжинст сумын харьяат, сумын заан Ш.Даваахүүгийн долоон хүү нь долуулаа сумын заан цолтой бөхчүүд юм. Үндсэндээ нэг гэрийн найман хүн бүгд сумын цолтой бөхчүүд. Үүгээрээ Монгол бөхийн түүхэнд ховорхон төрөх хувь заяаны эзэд юм. Наадам дөхсөн энэ үед ах дүү долоон зааны зураг цахим ертөнцөөр тарж, ховор сайхан хувь тавилангийн тухай бөхдөө хайртай монголчууд бахдан ярьж байна. Тэгвэл ах дүү долоон зааны зургаа дахь нь болох Д.Эрдэнэтулгатай уулзаж ярилцсанаа хүргэе.


-Монгол үндэсний бөхийн бас нэг содон сонин амжилтын эзэд танай халуун бүл юм. Учир нь нэг гэрийн долоон хүүхэд долуулаа үндэсний бөхөөр барилдаж сумын заан цол хүртсэн байна. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, бид ах дүү долуулаа. Бүгд Тулга нэртэй. Хамгийн том ахыг маань Тулга гэдэг, тэгээд Мөнхтулга, Мөнгөнтулга, Түвшинтулга, Бүрэнтулга, Эрдэнэтулга, Баттулга гээд “Даваахүүгийн долоон Тулга” гэж нутаг усандаа нэршсэн ийм хүмүүс. Манайх Баянхонгор аймгийн Шинэжинст сумын гуравдугаар багийн төв болох Эрдэнэшанд багийн төвд нутагладаг айл байсан юм. Аавыг маань Шаравын Даваахүү гэдэг. Мөн л сумын заан цолтой хүн байлаа. Ээжийг маань Сангийн Энхтуяа гэдэг байсан. Аав, ээж хоёр маань хоёулаа Баян-Өндөр сумын гаралтай хүмүүс. Хоёр сайхан буурал маань хоёулаа бурхны орныг зорьсон. Түүх сөхвөл, Баян-Өндөр сумын урд талын багууд, Баянговь сумын хойд талын багуудыг нэгтгэж одоогийн Шинэжинст сумын байгуулж байсан гэдэг. Өнөө жил Шинэжинст сумын маань 70 жилийн ой тохиож байна.

-Аав ээжийн талаас бөхийн удам бий юу?

-Ээжийн талд бөхийн удам байхгүй. Харин аавын маань төрсөн ах Цагаанхүү гэж сумын заан цолтой бөх байсан. Тэгэхээр бөхийн суурь, удам маань аавын талаас эхтэй гэж хэлж болно. Аав маань 1979 онд Шинэжинст сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цолоо авч байсан түүхтэй. Нэгдэл нийгмийн үед аав маань Эрдэнэшанд багийнхаа даргаар, ээж маань зоотехникчээр ажилладаг байсан. Улс нийгмийнхээ төлөө зүтгэж явсан хүмүүс. Харин зах зээлийн нийгэмд шилжих үед манайх мал хувьчилж аваад, хөдөө гарч мал малласан.

-Та ах дүү нарынхаа талаар танилцуулбал?

-Манай хамгийн том ахыг Тулга гэдэг, 1974 онд төрсөн. 1990-ээд оны дундуур 20 гаруйхан настайдаа сумын заан цол хүртэж байлаа. Би дээрээ таван ахтай, айлын зургаа дахь хүүхэд. Миний бие 1985 онд төрсөн, Шинэжинст сумынхаа сургуулийг дүүргэсэн. Тухайн үед суманд маань бөхийн секц, дугуйлан гэж байсангүй. Аавтайгаа болон ах дүүсээрээ хоорондоо ноцолдож, барилдаж өссөн маань бидний бөхийн спортын анхны гараа болсон доо. Одоо ах дүү долуулаа тус тусын ажил төрлөө хийгээд, сайхан амьдарч байна.

-Ах дүү долуулаа бүгд Шинэжинст сумынхаа наадамд түрүүлж заан цол хүртсэн үү?

-Үгүй ээ, манайхаас гурван ах маань төрөлх сумандаа түрүүлсэн. Том ах Тулга, түүний удаах ах нар болох Мөнхтулга, Мөнгөнтулга нар сумандаа түрүүлж, заан цол хүртэж байлаа. Миний хувьд 2006 онд 19 настай байхдаа Баянхонгор аймгийнхаа Баянцагаан сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн юм.

-Аймгийнхаа наадамд хэр олон удаа зодоглож байв?

-Аймгийн наадамд ер нь маш цөөхөн барилдсан даа. Миний яг дээд талын хоёр ах маань аймагтаа хэд хэдэн удаа барилдаж байсан ч дандаа л дөрвийн даваанд одоогийн улсын начин Ж.Чулуунбат гээд ихэвчлэн түрүү бөхчүүдтэй тунаж барилдаад өвдөг шороодож байсан. Манайхан аймгийн наадамд олон зодогдож байгаагүй.

-Наадмын талбайд ах дүүсээрээ тунаж үлдээд, хоорондоо барилдах тохиолдол гарч байв уу?

-Тийм тохиолдол маш олон гарч байсан. Хамгийн тод санагддаг нь 1995 онд байх. суманд цэргийн бүртгэл болоход манай дээд талын дөрвөн ах аав, ээж хоёртой хамт сум руу явж, бид хэд гэртээ малаа хараад үлдсэн юм. Тэгтэл сумын тэр барилдаанд манай дөрвөн ах болох Тулга, Мөнгөнтулга, Түвшинтулга, Бүрэнтулга шөвгийн дөрөвт бүгдээрээ тунаж үлдээд, том ах маань түрүүлсэн байдаг. Тэр хэд бөөн баяр хөөр болсоор гэртээ ирж байсныг хүүхэд насны минь хамгийн тод дурсамж гэж хэлж болно. Хамгийн анхных байсан болоод ч тэр үү, сэтгэлд их тод үлджээ. Бас нэгэн сонирхолтой барилдаан гэвэл, манай дээрээсээ хоёр дахь ах Мөнхтулга хамгийн сүүлд заан болдог жил юм. Тэр наадмаар ах дүү долуулаа сумынхаа наадмын шөвгийн наймд үлдэх шахаж билээ. Хамгийн бага дүү маань нэг сумын начинд уначихсан. Ингээд шөвгийн наймд ах дүү зургуулаа, шөвгийн дөрөвт дөрвүүлээ үлдээд Мөнхтулга ах минь түрүүлж сумын заан болоод миний яг дээд талын Бүрэнтулга ах үзүүрлэж байсан юм. Манай сумынхан бүгд шагшаад л, ах дүүсээрээ бүгд ингээд шалгарч үлдэх ямар сайхан юм бэ гээд л. Бид бүхэнд ч гэсэн нэг л гоё санагдаж байсан. Хоорондоо үнэн хүчийг үзэн барилдаж Шинэжинстийн ард түмнээ баясгаж байлаа.

-Албан ёсны бүртгэлээр нэг гэрийн долоон хүүхэд бүгдээрээ сумын заан цолтой, мөн аав нь сумын заан цолтой ийм тохиолдол Монголын үндэсний бөхөд байдаг болов уу. Энэ талаар дуулж байсан болов уу?

-Ховор л байдаг юм шиг байна лээ. Бараг л байдаггүй гэдгийг хүмүүс хэлдэг юм. Нэг гэрийн таван бөх гэж дуулдаж байсан ч, тэд бүгд ижил цолтой биш, өөр өөр цолтой байх жишээний. Харин манайх шиг долоон хүүхэд нь долуулаа ижилхэн сумын заан цол хүртсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүйг Бөхийн холбооныхон болон хэд хэдэн хүмүүс хэлж байсан. Бөхийн гэрэл зурагчин Х.Хашиймаа эгч бүр манайхыг зорин ирж, бид хэдийн зургийг авч байлаа. Одоо цахим орчинд явдаг, ах дүү долуулаа зодог шуудагтайгаа суугаа тэр түүхэн зургийг гэрэл зурагчин Хашиймаа авсан юм.

Ө.МАНЛАЙ

Б.НАНДИН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.