Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд өчигдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ц.Батнасан: Чингис хааныхаа өлмийд төрийн цол хүртэж байгаа нь хамгийн бахархалтай мөч байлаа
“ТВ9” телевизийн Үндэсний бөх тайлбарлагч Ц.Батнасан Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрээр “Хүний хувь тавилан үнэхээр сонин юм. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин айлын хүүхэд. Хөдөө мал дээр өсөж, 1995 онд цэргийн албанд мордсон. Цэргийн албаа Зүүнхараад хааж байхдаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээний Мэндсайхан гэдэг хүнтэй учирсан нь миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Түүнээс өмнө би цэргийн албаа хаагаад нутагтаа буцаж, малаа маллаад л амьдарна гэж боддог байсан. Харин тэр хүнтэй учирснаар миний амьдралын замнал огт өөрөөр эргэсэн. Тиймээс өнөөдөр би өвөг дээдэс, хувь тавилан, учрал ерөөлдөө үргэлж талархаж явдаг. Чингис хааныхаа өлмийд төрийн өндөр цол хүртэж байгаа нь миний амьдралын хамгийн бахархалтай мөчүүдийн нэг боллоо. Үндэсний бөх бол монголчуудын ахуй амьдрал, түүх, өв соёлыг шингээсэн агуу үнэт өв. Түүний нэгээхэн хэсэг болж, олон түмэндээ хүргэж яваадаа үргэлж бахархдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч маань цаашдаа ч бөхөө сайхан тайлбарлаарай. Ахмад бөхчүүдээ сайн алдаршуулаарай. Мөн өөрийнхөө залгамж халааг сайн бэлтгээрэй” гэж захисан. Үнэнийг хэлэхэд, Ерөнхийлөгчийн өмнө очно гэдэг өөрөө их хүндэтгэл, бас багагүй догдлол төрүүлдэг юм байна. Миний араас энэ шагналыг хүртэхүйц олон сайхан залуус төрөн гарч байна. Тухайлбал А.Ганболд, С.Гантөр, Хэнтийн Нэргүйбаатар, Баярсайхан гээд авьяастай, мэдлэгтэй залуу тайлбарлагч олон бий. Тиймээс үндэсний бөхийн тайлбарын уламжлал цаашдаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг” гэлээ.
Дөрвөн хөдөлмөрийн баатар төрөв
Ийнхүү өчигдөр Төрийн шагнал эрхмүүдийг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Хөдөлмөрийн баатар цолоор:
-Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван
- “Шунхлай холдинг” компанийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан
-“Монполимет” группын үүсгэн байгуулагч, төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжав
-“Тэсо групп”-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Дамжин нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
-Мэргэжлийн эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаа
-Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа
-“ИКС-ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Гавьяат жүжигчин И.Одончимэг
Ардын эмч цолоор: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Д.Авирмэд нарыг шагналаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
-ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Т.Ган-Эрдэнэ
-ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Физик, математикийн ухааны доктор, профессор Ш.Чадраабал,
-Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
Гавьяат багш цолоор:
•“Сити” их сургуулийг үүсгэн байгуулагч, доктор, профессор Ц.Байгалмаа,
•Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн монгол бичгийн багш Ч. Буянхишиг
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
•“Эрдэнэт хивс” ХХК-ийн механик инженер Ч.Пүрэвсүрэн
•“Эм Си Эс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү
• Геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор А.Каривай
Хүний гавьяат эмч цолоор:
•АШУҮИС-ийн зөвлөх эмч Х. Оюунцэцэг,
•Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Төрийн соёрхолт Ц. Лочин
•Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Т.Баатарцогт,
•Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дурангийн төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Цэндсүрэн
Гавьяат эдийн засагч цолоор:
•“Дефакто” институтын захирал Д.Жаргалсайхан,
•“Алтан жолоо групп” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ч.Гүнсэн,
•Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Л. Цэцэгсайхан,
•Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж. Бямбасүрэн
Гавьяат дасгалжуулагч цолоор:
•“Ховд” бөхийн дэвжээний дасгалжуулагч, Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн,
Гавьяат тамирчин цолоор:
•Хилийн цэргийн 0311 дугаар ангийн сургалт хариуцсан ахлах офицер, Улсын аварга С.Мөнхбат,
•Шатрын үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер С. Билгүүн
•Монголын волейболын холбооны ахмад тамирчин, “Алтайн барс” клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Б.Ганхуяг,•Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер О.Сэргэлэн,
Гавьяат барилгачин цолоор:
•“Хурд групп” ХХК-ийн барилгын талбайн инженер Батсүрэнгийн Батболд,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
•“Мон газар консалтинг” ХХК-ийн захирал Юнгэрийн Дэлгэрмаа,
Гавьяат малчин цолоор:
•Ховд аймгийн Дөргөн сумын малчин Н. Пүрэвжав,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
•СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, доктор, профессор Дамбийн Энхдаваа,
Гавьяат тээвэрчин цолоор:
•Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар
•“Шандас транс” ХХК-ийн жолооч Ишбалдангийн Зоригтбаатар,
Гавьяат жүжигчин цолоор:
•Чөлөөт уран бүтээлч, дуучин Х.Оюунбилэг,
•“Цэбо фильм” кино продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Ц.Цэрэнболд
•Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ж.Пүрэвдорж,
•Чөлөөт уран бүтээлч, дуучин Д.Бурмаа,
•Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө. Цэрэнчунт,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
•Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүү
•Мастер үсчин, дэлхийн шүүгч, Үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Д.Одхүү
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
“Орхон тариа” ХХК-ийн захирал Ламзавын Отгонбат
Гавьяат уурхайчин цолоор:
•“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар тус тус шагналаа.
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Ерөнхийлөгч шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
•Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн агуулга, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаарх суурь ойлголтуудын онолын үндсийг тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Гавьяат багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар нарын туурвисан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сэдэвт бүтээл,
•Зүрхний титэм судсан дотуурх мэс засал, эмчилгээний орчин үеийн арга, техник, технологи нэвтрүүлэн нутагшуулж, титэм судасны цусны урсгалыг цогцоор нь нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн зөвлөх эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн гишүүн, академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав, “Бумаа-Санаа” эмнэлгийн захирал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судасны мэс заслын зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавьяат эмч Д. Цэгээнжав, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн эмч, клиникийн профессор Ц.Дамдинсүрэн нарын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” сэдэвт бүтээл,
•Нүүдэлчдийн түүх, соёл, зан заншлыг илэрхийлсэн олон шилдэг бүтээл туурвин, дүрслэх урлагийн салбар, чулуун сийлбэрийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Ц.Энхтайваны гантиг чулуун “Бурхан багшийн босоо сэрэг дүр” сэдэвт бүтээл,
•Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг тооцооллын өндөр нарийвчлалтай шийдвэрлэх арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний салбарт олон улсын түвшинд үнэлэгдсэн ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Т.Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, Математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл,
•ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” сэдэвт бүтээл,
•Хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвин, олон арван шилдэг бүтээлээрээ ард түмний сонорыг мялааж, соён гэгээрүүлж ирсэн Улсын филармонийн ахмад уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн “Симфони вариац” хөгжмийн бүтээлд тус тус Төрийн шагнал хүртээлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин





























































Сэтгэгдэл