Б.Идэржавхлан: Математик бол амьдралд тулгарах бүх арга ухааны суурь ойлголт
Манай улсад долдугаар сарын 22-27-ны хооронд MIMC-2026 Олон улсын математикийн олимпиад зохион байгуулагдсан. Энэхүү олимпиадын ерөнхий зохион байгуулагч, багш Б.Идэржавхлантай ярилцлаа.
-Монгол Улсад Олон улсын математикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.
-Баярлалаа, Олон улсын бага, дунд ангийн MIMC математикийн олимпиадыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Таван тивийн, олон улсын маш хүчтэй багууд, 1000 гаруй эрдэмтэн, багш болон сурагч хүүхдүүд зорин ирж оролцлоо. Зохион байгуулалтын багийн хувьд гэхээс илүү монгол хүүхдүүдийн маань хувьд гадны багш эрдэмтдээс суралцах, олон орны үе тэнгийн шилдэг хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрийн түвшинг бодитоор мэдэх, найз нөхөдтэй болох зэрэг олзуурхууштай үйл явдал боллоо гэж бодож байна.
Ямартаа ч энэхүү олимпиадыг Монголдоо зохион байгуулах эрх авч, амжилттай зохион байгуулж ард нь гарлаа
Мэдээж алив зүйлийг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл тулгарах үе бий. Цаг хугацааны хувьд манай улсын баяр наадмын дараахан зохиогдож таарсан тул төрийн байгууллагын албан ёсны амралтын үе таарсан. Визний зөвшөөрлөөс авахуулаад ганц нэг асуудал гарсан ч олон хүн дэмжиж тусалсны ачаар бүгд жин тан ажил бүтсэн. Нэг жишээ ярихад, Өмнөд Африкийн зургадугаар ангийн сурагч охины виз нь энд гарчихсан хэрнээ, мэдээлэл нь очдоггүй. Оролцогч охин онгоцондоо суух гээд байдаг, бид энд дээр дооргүй гүйлдэж байж виз хүрч, жаахан охин маань хугацаандаа ирж амжсан.Тэр дунд амралтаа авчихсан хэрнээ байгаа газраасаа ажлаа хийж тусалсан хүмүүс ч байгаа. “Олны хүч оломгүй далай” гэж олны хүчээр амжилттай ард нь гарлаа.
-Нийт хэдэн орны хэдэн хүүхэд ирж оролцов. Мөн хэдэн ангилалд өрсөлдсөн бэ. Манай улсаас ямар амжилтууд үзүүлэв?
-Нийт 32 орны 600 орчим хүүхэд оролцлоо. Олон улсын жишгээр математикийн олимпиад бага болон дунд буюу К2, К3 гэсэн ангилалтай байдаг. Бага буюу К2 ангилалд нэгээс зургадугаар анги хамрагдах боломжтой боловч ихэвчлэн гурваас дээш ангийнхан оролцдог. Харин К3 буюу дунд ангилалд долоогоос есдүгээр ангийнхан оролцдог. Ангилал тус бүрдээ 300 шахам хүүхэд бүртгүүлж, ирц бүрэн оролцсон байгаа. Монгол хүүхдүүд маань багаараа хоёрдугаар байрт шалгарч амжилттай оролцлоо.

-“Математик бол бүх шинжлэх ухааны суурь” гэдэг. Манай монгол хүүхдүүд математик сэтгэлгээгээр хэр түвшинд байна вэ?
-Орчин үеийн хүүхдүүд сэтгэлгээ, чадварын хувьд маш өндөр түвшинд хөгжиж байна. Зөв чиглүүлж, арга эвийг нь олоход туслаад өгвөл дэлхийн хэмжээнд сэтгэх хэмжээний хүүхдүүд их олон байгаа. Жишээ нь, Чикагогийн Их сургуульд доктороор сурч буй Н.Мишээл гээд хүү Дэлхийн математикийн олимп гэж нэрлэж болохуйц IMO олимпиадаар дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн амжилт үзүүлсэн байна. сүүлийн үеийн хүүхдүүдийг технологийн түвшинд гүйцэхгүй болж эхэлсэн. Нийгэмд ЭШ-ын үнэлгээгээр болосвролын түвшинг тодорхойлох гээд байдаг. ЭШ-ын хувьд бол тодорхой зорилгот нэг төрлийн энгийн шалгалт шүү дээ. Математикийн боловсролыг үнэлж буй үнэлгээ биш.
-Та яагаад математикийн багш мэргэжлийг сонгох болов. Математикийн салбарт гаргасан амжилтынхаа тухай ярина уу?
-Би багаасаа математикийн багш болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан. Яагаад гэхээр манай аав, ээж, том ах бүгд математикийн багш нар. Математикч гэр бүл гэх үү дээ. Биднийг бага байхад орой унтахаас өмнө орондоо ороод гэр бүлээрээ янз бүрийн сэтгэхүйн болон хошин бодлого, таавар бие биедээ бодуулдаг уламжлалтай байсан. Аав, ээж хоёр хоёул багш болохоор манай гэрээр байнга хүүхдүүд орж гардаг, олимпиад уралдааны үед манайд хооллох ундлах, бараг л өнжих хонохоос наагуур бужигнаж өссөн. Гэрт болж буй бүх сэдэв математиктай холбоотой байдаг байлаа. Аав, ээж хоёр маань Завхан нутгийн хүмүүс л дээ. Маш олон сайхан шавь нартай. Завханы Б.Буяндалай багш гэхээр андахгүй. Ээж маань Д.Оюундулам гэж чимээгүй хэрнээ хөдөлмөрч хүн байдаг. Багшийн ажил гэдэг хүүхдийн оюуны хөтөч болж явдаг хамгийн сайхан ажил. Би 20 шахам жил багшлахдаа гурван анги дааж төгсгөсөн. Надад харьяалагдаж явсан бүх шавь нараараа бахархдаг. Хүүхэд бүхэн өөр ч миний шавь нар бүгд их сайн сайхан яваад баярлаж явдаг. Энэ миний хамгийн том амжилт юм. Шавь нар дотор минь олон улсын болон улсын чанартай математикийн олимпиад уралдааны шагналтнууд бий, бий. Мөн энэ олимпиад миний нэг амжилт болж байна.
-Математикаар хичээллэхийн давуу талуудыг хэл өгөөч?
-Манайхан дунд байдаг нэг өрөөсгөл ойлголтыг засаад явах хэрэгтэй гэж боддог. Математик ерөнхийдөө чухал гэж мэддэг ч сүүлийн үед “Бүх хүн математикч болохгүй”, “Тоондоо муу юм чинь орхи” гэх мэт нийтийн өрөөсгөл ойлголтууд түгээд байгаа нь математикийн мөн чанарын ойлголтыг төөрөгдүүлж байгаа юм. Математик сэтгэлгээ гэдгийг зөвхөн томъёо теоремоор тоо бодох гэж хязгаарлан ойлгож болохгүй. Математик гэдэг нь зөвхөн тооцоолол биш, байгалийн бүх зүйлсийг танин мэдэх, амьдралын бүх ухагдахуунд тулгарч байдаг логик сэтгэлгээг хөгжүүлдэг шинжлэх ухаан юм. Математик сурахын ач холбогдол нь бусад бүх салбарт ажиллах хамгийн том зэвсэг болж өгдөг гэдгээрээ давуу талтай.
-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийг олимпиадад оруулах хэрэгтэй, хэрэггүй гэсэн ойлголтын маргаан явдаг. Та энэ талаар юу гэж зөвлөх бол. Олимпиад уралдаанд оролцохын давуу тал юу вэ?
-Амьдрал гэдэг өөрөө тэмцэл, өрсөлдөөн. Хүүхдийг багаас нь өрсөлдүүлэхгүй гэдэг буруу ойлголт нийгэмд тарсан байдаг. Хүүхэд багаасаа өрсөлдөж, алив саад бэрхшээлийг даван туулах тусам хөгжиж чадварждаг. Уралдаан тэмцээнд оролцож байсны муу зүйл гэж байдаггүй. Хамгийн гол нь тэр дундаас чадна чадахгүй, муу сайн, хөгжих боломжтой, боломжгүй, ялж ялагдаж сурах нь чухал. Зарим тохиолдолд муу гэдгээ мэдэх нь ч өөрөө буруу биш. Хайрлах гэдэг нь бөөцийлөөд байх биш, амьдралд бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Энэ нь хүүхдийн цаашдын амьдралд хамгийн тус. Тэгэхээр хүүхдүүдээ аль болох цааргалах биш, бэрхшээл саадыг туулуулж байх нь зөв.
-Хүүхдүүдтэй ажиллахын хамгийн сайхан тал нь юу вэ?
-Математик суурьтай хүүхэд бүх салбарт амжилт гаргадаг. Тэглээ гээд математикч болох албагүй. Хүүхдүүдтэй ажиллахад хамгийн чухал нь итгэж ойлголцох. Зөв ойлголцож чиглүүлсэн байхад тэдний бүтээх, сэтгэх чадвар бидэнтэй харьцуулахад хамаагүй цэгцтэй, гайхалтай. Тэд томчууд шиг хэзээ ч итгэл алддаггүй. Орчин үеийн хүүхдүүдийн нийтлэг онцлог нь материаллаг зүйлсэд ач холбогдол өгдөггүй. Саяны олимпиадын арын албанд 150 гаруй өсвөр насны хүүхдүүд ажилласан. Тэдний ажиллаж, хичээж өөрсдөдөө челленж тавиад, түүндээ хүрч буй чадваруудыг хараад биширсэн. Бидэнд ямар их боломж, найдвар байгааг хүүхдүүдээсээ харж байна.Эсрэгээрээ томчуудад итгээд, зөндөө л урам хугарч байлаа. Тэгээд хаширдаггүй л дээ. Сая сошиалаар лагерын байшингийн талаар хэсэг дуулиан болгочихлоо. Тэр байшинг бариулах гэж томчуудад хууртаж л байлаа. Манай томчууд тэр тал дээр өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Тиймдээ ч томчуудыг засах гэхээс илүү хүүхдүүддээ зөв нөлөө, үлгэр дуурайл үзүүлцгээе гэж уриалах байна. Мөн сая зохион байгуулсан ажлын хүрээнд нэг зүйлийг хамгийн сайн ойлгож, томчууддаа хэлье гэж бодсон. Гадныхан монголчуудыг мориор төсөөлж ирдэг юм байна. Өнөөгийн монгол хүмүүс бид том жижиггүй морио унаж сурах хэрэгтэй юм билээ. Эцэг эхчүүд зуны амралтаар элдэв хичээл сургалттай зуслан гэхээс илүү монгол ахуйд ойрхон аялал амралтыг хүүхдүүддээ зориулдаг байгаасай гэж хүсэх байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.ДАРИЙМ


































































Сэтгэгдэл