Гацууртын орд орчимд хүнцэл ямар хэмжээтэй байгаа вэ?

Д.Тулга / Эдийн засаг

gatsuurt

УИХ-ын чуулган дээр Гацууртын ордын талаар хэлэлцэх үеэр зарим гишүүн “Тус ордын ойр орчимд хүнцэл хэмээх хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 8000 дахин их байна” гэж хэлсэн нь олон хүний сэтгэлийг хэртхийлгэлээ. “Хаан хор” хэмээн нэрийдсэн энэ бодис үнэхээр Гацууртын орд орчимд 8000 дахин их байж, Хараа голыг хордуулж байгаа бол энэ ордыг ашиглахгүй байх хэрэгтэй. Бид одоо олох орлогынхоо төлөө ирээдүйгээрээ дэнчин тавьж болохгүй шүү дээ.

Нүд үнэн, чих худал. Бид олон нийтийн дунд үүссэн асуултын хариуг УИХ-ын гишүүд болон хийрхсэн эх орончдын амнаас бус, энэ талаар олон жил судалгаа хийж байгаа Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын тасгийн эрхлэгч А.Дашцэрэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Баярмаа нараас авлаа. МУИС-ийн Химийн тэнхимийн доктор профессор Д.Дорж ч Гацууртын ордын хүнцэлийг саармагжуулах талаар олон жил судалгаа хийж, тодорхой арга аргачлалыг боловсруулаад байгаа юм.  

ХҮНЦЭЛ ҮНЭХЭЭР АЮУЛТАЙ БОДИС УУ? 

Хүнцэл нь байгаль орчинд түгээмэл тархацтай байдаг ба өнөөгийн байдлаар хэдэн зуун нэр төрлийн хүнцлийн нэгдэл бодисыг илрүүлэн бүртгэгджээ.  Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Хонь, гахай, тахианд хийсэн олон удаагийн туршилтын дүнд хүнцэл нь амин чухал микроэлементийн нэг болох нь тогтоогджээ. Хүнцэл дутагдахад тахианы цурван, шишүүхэй, ямаа, гахай, харх зэрэг амьтанд хийсэн туршилтаар хүнцэл дутагдахад өсөлт бойжилт удаашрах, нөхөн үржихүйн эмгэг үүсч байж. Мөн нөхөн үржихүйн хувьд үр тогтоох чадвараа алдах, перинаталь эндэгдэл үүсэх магадлал ихэссэн аж. Мөн бүх төрлийн амьтан ургамлын хувьд хүнцэл дутагдсанаар эрхтнүүдэд агуулах эрдсийн хэмжээнд нөлөөлдөг.

Нөгөө талаар мэдээж энэ маш аюултай бодис. Үнэргүй, амтгүй энэ бодис хүнд үхлийн аюул тарьж мэднэ. Энэ тухай Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Баярмаа:

-Хүнцэл алтаа дагаж байдаг бодис. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Олборлолтын явцад хүнцэл илэрснийг ялгаад хаячихсан юм шиг ойлголтыг зарим хүн нийгэмд өгөх гээд байдаг. Сентерра гоулд компани технологийн явцад хүнцэлийг саармагжуулж, хоргүйжүүлээд хаягдлын далан руугаа орж байгаа бүгдийг шинжилж ажилладаг юм билээ. Гаднаас хүнцэл аваад тэр нь хүн, малын биед хор хохирол учруулаад байгаа гэсэн ойлголт өгөх гээд байгаатай санал нийлэхгүй хэмээн ярьжээ.  

ХҮНЦЭЛИЙН ХАЯГДЛЫГ БАЙГАЛЬД ШУУД ХАЯГДАГ УУ? 

Хүнцэл нь байгальд байдаг бөгөөд түүнийг устгах боломжгүй боловч уул уурхайд ашиглахдаа саармагжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, хүн, амьтанд шууд нөлөөлөх нөлөөг нь өндөр технологиор бууруулдаг гэсэн үг. Хэрэв ингэдэггүй байсан бол хүнцлээр хордсон хүн, харын тухай муу мэдээг УИХ-ын гишүүдээс өмнө малчид, тариаланчид түрүүлэн олон түмэнд мэдээлж, Монгол даяар энэ тухай шуугих байсан нь гарцаагүй.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотой Хүнцэлийн сэдэв олны анхааралд дахин орж ирлээ. Бороогийн үйлдвэрт цианидыг хүхрийн давхар исэл/агаар, хүнцэлийг олон улсад өргөн хэрэглэдэг хамгийн сүүлийн технологи болох төмрийн сульфатаар тундасжуулж хоргүйжүүлдэг байна. Хүдэр боловсруулах процесст хүнцэлийг ашигладаггүй, хүнцэл нь боловсруулах хүдрийн эрдсийн найрлаганд агуулагддаг аж. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн биднийг айлгаж, болгоомжлуулаад байгаа шиг хүнцэл гэхээр саармагжуулахгүйгээр шууд байгальд нь хаядаг, гол усыг нь бохирдуулдаг гэж ойлговол толгойгоо угаалгаж байна гэсэн үг болох нь. Хаягдлын далангаас хөрс рүүгээ нэвчсэн гэдэг мэдээллийг Иргэний хөдөлгөөнийхөн гаргаж ирсэн ч тэр нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар нотлогдоогүй аж.

ХҮНЦЭЛЭЭС ХҮН ТӨРӨЛХТӨН БҮРМӨСӨН САЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ? 

Хүдэрт агуулагдаж буй алтыг гаргаж авахын тулд хүнцэлийг ашигладаггүй, хүнцэл нь хүдэрт өөрт нь агуулагдаж байдаг гэж дээр хэлсэн.

Гацууртын талбайд 2009 онд МУИС-ийн док.профессор Д.Дорж тэргүүтэй мэргэжлийн хүмүүс өмнөх өөр компаниудын үйл ажиллагаанаас үлдсэн цөөрмүүдийн усанд агуулагдаж буй хүнцлийг төмрийн сульфатаар тунадасжуулж, стандартын шаардлагын дагуу 0.01 мг/л болтол нь саармагжуулах ажлыг амжилттай хийж, арга аргачлалыг нь боловсруулжээ. Энэ арга, аргачлал улам боловсронгуй болж байгаа аж. 2014 онд мөн АНУ-ын “Веолиа” компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Гацууртын талбайн гадаргын усан дахь хүнцлийг саармагжуулах туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэжээ.

Орчин цагт шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй болсон гэж ярьдаг. Хүнцлийг хоргүйжүүлэх, саармагжуулах үйл явц хэзээ ч үл тасалдан, харин ч улам бүр боловсронгуй болсоор байх нь. Дэлхийн хариуцлагатай уул уурхайд хэрэгжиж буй бүхэн Монголын уул уурхайд нэвтрээд явж байгаа нь сайшаалтай хэрэг юм.

УЛС ТӨРЧИД УУЛ УУРХАЙГ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС ИЛҮҮ МЭДДЭГ ҮҮ? 

Бид мэдэхгүй юмнаасаа айдаг. Өмнө нь биднийг улс төрчид цианид гэдэг бодисоор айлгадаг байлаа. Хүдрээс алтыг ялгаж авахад цианидыг ашигладаг, энэхүү бодисыг хөрсөнд шингээхгүй технологи нь Монголд нэвтэрсэн гэдэг бүрэн дүүрэн мэдээллийг аваад олон хүн энэ талаар янз бүрийн эргэлзсэн тээнэгэлзсэн зүйл ярихаа больсон.

Хүнцэлийн талаар мэргэжлийн хүний үгийг сонсох нь зүйтэй. Геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын эрхлэгч А.Дашцэрэн:

-Хүдэрт агуулагдах арсенопиритийн хүнцлийн агуулга 0.005-0.15 хувиас хэтэрдэггүй тул хүдрийн олборлолт, тээвэрлэлтийн үед байгаль орчинд аливаа сөрөг нөлөөгүй. Гагцхүү алтны хүдрийг боловсруулан, алтыг уусгах процессын үед технологийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Олон жилийн туршлагатай компани энэ ажлаа амжилттай хийгээд явчих бүрэн бололцоотой гэж үзэж байгаа гэсэн юм.

Гэвч улс төрчдөд шинэ сэдэв хэрэгтэй шүү дээ. Монголд улс төрчид шиг уул уурхайг сайн мэддэг хүмүүс гэж үгүй болсон. Тэд мэргэжлийн хүмүүсийн буруу зөрүү мэдээллийг өлгөн авч, “УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй” учир чуулганы хоймроос зурагтын камер олдох бүрт буруу мэдээллээ цацаж байдаг. Цианидын сэдэв явуургүй болонгуут улс төрчид Хүнцэл гэдэг сэдвийг барьж авсан нь ийнхүү тодорхой болж байгаа юм. Хүнцэл хортой юу, хортой? Гэхдээ хүн төрөлхтөн энэхүү бодисыг саармагжуулах аргыг Монголын улс төрчдөөс хэдэн арван жилийн өмнө олж нээгээд уул уурхайн салбарт хэрэгжүүлж байна. Энэ нь Монголд ч нэвтрээд удаж байна. Бензин аюултай юу, аюултай. Түүнтэй буруу харьцвал аюултай. Ашигтай юу, ашигтай. Түүнтэй зөв харьцвал аюулгүй. Хүнцэл ч тэр, цианид ч яг л ийм аж.

Д.ТӨВ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000