Менингококкын халдвар гэж юу вэ

Д.Тулга / Эрүүл мэнд

haldwart

-АГААР ДУСЛЫН ЗАМААР ХҮНЭЭС ХҮНД ДАМЖИНА-

Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй, хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Энэхүү халдвараар 19 насны хүмүүс, түүний дотроос 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг. Агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамжина.

Менингитийн халдвараар өвдсөн, хамар залгиурын үрэвслээр өвчилсөн хүн тус өвчний эх уурхай болдог. Насанд хүрэгчдийн 5-10% нь эрүүл нян тээгчид байдаг ба тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа 9-10 сар.

Менингококкын халдвар 8, 10, 15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархдаг. Өвчлөл 9, 10 сараас эхлэн 2, 3 сард дээд хэмжээндээ хүрдэг. Менингококкын халдварын нууц хугацаа 6-7 хоног. Хамгийн бага нь 10 гаруй цаг, их нь 20 хоног үргэлжилж болдог.

Илрэх шинж тэмдэг: Өвчтөн 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай, цочромхой, эсвэл ноомой болох, царай цонхийх бага насны хүүхдэд гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрдэг байна. Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна.

Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гардаг. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, салст бүрхүүл, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг. Цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна. Гүвдрүүт тууралт 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжилт тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилна.

Менингококкын хамар залгиурын үрэвслээр өвчилсөн үед залгиур хоолойн арын хана маш улайсан, хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ. Халдварын үед цусны шинжилгээнд цагаан эсийн тоо болон улаан эсийн тунах хурд бага зэрэг ихэссэн байна. Энэ халдварыг эмнэлзүйн явцаар нь цочмог, ужиг, архаг, цахилгаан хэлбэр гэж тус тус ангилдаг.

Менингококкцемия. Энэ үед өндөр халуурч өвчин хурц эхэлнэ. Өвчтөний царай цонхигор, зовиур шаналгаа ихтэй байдаг. Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт (цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар мөчдөөр, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагын дотор гарч эхэлдэг. Мөн хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ. Мөн үеэр болон булчингаар өвдөх шинж илэрнэ. Хүнд хэлбэрийн үед моно, поли артрит, пневмония миокардит, перикардит, менингококкын цусан үжил (сепсис)-д шилжинэ.

МК менингит: Өндөр халуурч хурц эхэлнэ, ядарна, толгой хүчтэй өвдөнө, толгой эргэнэ, бөөлжинө, бөөлжсөний дараа биеийн байдал улам дордоно. Тайван биш, саатлын байдалтай Менингитийн шинжүүд илэрнэ.

МК-н үжил: Цахилгаан хэлбэрээр маш хүнд, хурдан явцтай эхэлнэ. Тууралт богино хугацаанд нэмэгдэнэ. Дагжин чичэрнэ, толгой руу нь хүчтэй хатгаж өвдөнө, олон удаа бөөлжинө, халуурна (40-410С) тайван биш, эсвэл ноомой нойрмог, үе үе таталт өгнө.

Нэн хүнд явцтай менингококцемийн үед насанд хүрэгчдийн хувьд нас баралт өндөр гэж үздэг. Цусан үжил зарим үед богино хугацааны дотор хүндэрч, хэт хурдан явцтай халдвар хордлогын шокод хүргэдэг байна.

Оношлогоо: Нян судлалын шинжилгээг антибиотик эмчилгээнээс өмнө цус , тархи нугасны шингэнийг авч үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийнэ. Цусны ерөнхий шинжилгээнд: цагаан эсийн тоо хэт олшрох (15·109/л ба түүнээс дээш), улаан эсийн тунах хурд 20 мм/цаг ба түүнээс их болно. Тархи нугасны шингэнд:нугасны ус даралттай, булингартай, эсийн тоо тоолж болохгүйгээр ихэсэж нейтрофил эс давамгайлсан (60-100%), уураг нэмэгдсэн байна.

Хүндрэл: Менингококцемийн үед халдвар хордлогын шок, менингитийн үед тархины цочмог хавангийн хүндрэл хамгийн элбэг бөгөөд үхэлд хүргэдэг хүндрэлүүд юм. Эрт тохиолдох хүндрэлүүдэд халдвар хордлогын шок, тархины цочмог хаван, бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал, бөөрний цочмог дутагдал байдаг бол хожуу тохиолдох хүндрэлд тархины дотоод даралт ихсэх, эпилепси дотоод шүүрлийн булчирхайн эмгэг ордог байна.

Эмчилгээ: Менингококкийн халдвараар өвчилсөн өвчтөнг ямар ч тохиолдолд халдвартын эмнэлэгт тусгаарлаж эмчилнэ. Хайрсан, шарсан хоол болон янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэнэ. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

Энхжин [202.126.89.89] 2025-02-03 22:41:30

Ямар аймаар хэрэг болоо бэ одоо ч тэр өвчин нь арилаагүй гэж үү гэр бүлийнхэн минь ыи өвчлөөсэй

Нууцлаг хүн [202.126.89.89] 2025-02-03 22:41:58

Харин ээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000