ОХУ Киевт цохилт өгсний дараа НАТО–Украины зөвлөл хуралдав

Брюссель хотод есдүгээр сарын 1-ний даваа гарагт НАТО–Украины зөвлөлийн улс төрийн зөвлөхүүдийн түвшний ээлжит бус хуралдаан болж байна гэж DPA агентлаг мэдээлжээ.
Энэхүү хуралдааныг ОХУ наймдугаар сарын сүүлээр Киев болон Украины бусад хотуудад томоохон цохилт өгсний дараа Украины хүсэлтээр зарласан байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига хуралдааны өмнөхөн дараах мэдэгдлийг Х сүлжээгээрээ дамжуулан хийжээ:
Түүнд “Бид ОХУ-ын энхийн хүчин чармайлтаас татгалзаж, Украины эсрэг терроризмыг хурцатгаж буй үйлдэлд хэрхэн зохих ёсоор хариу үзүүлэх талаар хамтарсан алхмуудад чиглэсэн хэлэлцүүлэг хийхийг хүлээж байна” гэсэн байна.
Мөн тэрбээр Украин руу чиглэсэн шийдэмгий дэмжлэг болон бодитой энхийн хүчин чармайлтаа үргэлжлүүлэн харуулж буй НАТО болон бүх холбоотнуудад талархал илэрхийлжээ.
Украины Гадаад хэргийн сайд “Орос энэ дайныг сунжруулж байгаагийнхаа төлөө илүү их дарамтыг мэдрэх ёстой” гэж онцолсон байна.
"Украинская правда" сонин дараах зүйлийг онцолжээ
Ийм төрлийн уулзалтад оролцож буй НАТО-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчдийн улс төрийн зөвлөхүүд шууд шийдвэр гаргадаггүй, харин дэлгэрэнгүй мэдээлэл авч, байр сууриа уялдуулж, баримт бичгийн төслүүдийг бэлтгэдэг аж.
DPA агентлаг дараах зүйлийг мөн сануулжээ
Украин одоогийн байдлаар Хойд Атлантын эвсэл (НАТО)-ийн албан ёсны гишүүн биш ч аюулгүй байдлын чиглэлээр эвсэлтэй нягт хамтран ажиллаж буй. Оросын агаарын хүчин Украины хотууд руу наймдугаар сарын 28-ны шөнө довтолсон бөгөөд ойролцоогоор 600 дрон, 30 гаруй пуужин ашигласан байна.
Гол цохилт нь Киев хотод төвлөрч, түүний улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, 50-иас дээш хүн шархаджээ. Киев дэх орон сууцны байшин, барилгууд цохилтод өртсөн байна:
Европын Холбооны төлөөлөгчийн газар, Европын Хөрөнгө оруулалтын банк (ЕИБ)-ны оффисууд, “Британийн зөвлөл” байгууллага, “Украинская правда” болон “Радио Свобода”-гийн редакцууд, Евросоюс болон дэлхийн хариу арга хэмжээ цохилтын дараа Европын Холбоо Брюссель дэх ОХУ-ын Элчинг дуудаж тайлбар шаарджээ.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Орос энгийн иргэдийн дэд бүтэц рүү чиглэсэн ялгаварлан сонголтгүй халдлагаа яаралтай зогсоож, шударга, тогтвортой энхийн хэлэлцээрт нэгдэх ёстой” гэж онцлон тэмдэглэжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам “Оросын зэвсэгт хүчнийхэн Украины цэргийн болон цэргийн зориулалттай дэд бүтцийн байгууламжууд руу цохилт өгсөөр байна” гэж мэдэгджээ.
Шинэ халдлага
Оросын арми наймдугаар сарын 30-ны шөнө дахин Украин руу дроноор болон пуужингаар довтолсон байна. Энэ удаагийн цохилтын улмаас нэг хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Путинтэй хийх уулзалтын бэлтгэл ажлын хугацааг Москва ашиглан шинэ дайралтуудаа төлөвлөсөн” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл