АН: Үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төсөл батлагдлаа

Aдмин / Улстөр

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн боловсруулсан Үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төсөл батлагдлаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож ёсчлон батламжилсан.

Дараа нь Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн Намын Их хурлын нийт гишүүдийн саналаар батлав. 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж намын хөтөлбөр, Үндсэн дүрмээ шинэчлэн батлуулах үүрэг хүлээсэн. Ингээд АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар 2025 оны хоёрдугаар сарын 03-нд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан төслийг боловсруулсан. Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд намын анхан болон дунд шатны байгууллагуудаар 45 удаа хэлэлцүүлсэн.

Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монгол орон даяар Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг эхлэв.

• Хэлэлцүүлэг 330 сум, нийслэлийн 204 хорооны намын гишүүд дэмжигчдийн оролцоотой 12 хоногийн турш өрнөж, 5000 гаруй гишүүд оролцож саналаа өгсөн.

• Намын гишүүдээс цахим болон цаасаар 4222 санал ирснийг Ажлын хэсэг нэгтгэн дүгнэлт хийж боловсруулан намын үзэл баримтлал, хөтөлбөр, Үндсэн дүрэмдээ тусган Улс төрийн зөвлөлд танилцуулсан.

• 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр АН-ын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдаж тус төслийг хэлэлцэн ҮБХ-ны ээлжит бус хуралдаанд өргөн барихыг дэмжсэн.

• Мөн өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар төслийг тус тус хэлэлцэн Их хурлаар ёсчлон батлуулахыг дэмжсэн юм.

Ийн намын Их хурлын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар уг төслийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй зарим тодорхой заалтад бүрээр санал хураасан. Ингээд хуралдааны төгсгөлд Намын Их хурлын ээлжит бус хуралдаанд оролцсон нийт гишүүдийн саналаар Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлав. Энэхүү төслийг Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр хүчин төгөлдөр үйлчилнэ.


Сэтгэгдэл

Цорын ганц ардчилсан нам БИШ болсон. [66.181.181.91] 2025-09-01 18:26:17

Дүрмээ өөрчилж шинэчлэлээ гээд АН-ын үйл хэрэг цэцэглэх үү? Өөдлөх үү? Мөн чанараараа Монголдоо давтагдашгүй цорын ганц “ардчилсан” нам МӨН үү? Нийгэм ардчилалруу шилжээд 35 жил болчихсон. Нэг их Ардчилсан Нам гэж хөөрөөд байх нь утгагүй, олон нийтийн сэтгэл санааг татахгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.