АНУ-д хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

www.nbcwashington.com Монгол эмэгтэйчүүд АНУ-д хүчирхийлүүлсэн тухай мэдээллийг өнгөрсөн амралтын өдөр түгээжээ.

Тус сайтын мэдээлснээр хоёр монгол эмэгтэй Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газарт хүчирхийлүүлсэн тухайгаа мэдээлсэн байна. Монгол эмэгтэйчүүд тус хотод сурахаар ирсэн ч Арлингтон дахь “Балстон Коммон” худалдааны төвд ажиллахаар энэ сарын наймны өдрөөс хойш ажил хайж байжээ. Тэднийг ажил хайж буйг мэдсэн өөр нэгэн монгол эмэгтэй хохирогчидтой ирж уулзсан бөгөөд өөрийгөө гэр цэвэрлэх үйлчилгээний бизнес эрхэлдэг хэмээн танилцуулжээ. Бизнес эрхлэгч ажил хайгчдад “Балстон Коммон” дэлгүүрт ажилладаг нэгэн эрэгтэйн байшинг цэвэрлэх ажил санал болгосон байна.

Ингээд хоёр эмэгтэй айлын байшин цэвэрлэхээр Бюьрке дүүрэгт орших сэжигтэн эрэгтэйн гэрт очжээ. Тэднийг гэрт ороход эрэгтэй хундага вино уухыг санал болгосон бөгөөд эмэгтэйчүүд найрсаг ёсыг бодоод татгалзалгүй уусан боловч үүнээс хойш хэсэг хугацаанд ухаан санаагаа алдсан байна.

Хохирогчид маргааш өглөө нь сэрсэн ч юу болсон талаар хэн хэн нь санахгүй байжээ.

Гэтэл тэр байшинд амьдардаг өөр нэгэн оршин суугч тэднээс “Өнгөрсөн шөнө орилоод байсан охин мөн үү?, Нүд чинь яачихаав? Хэн нэгэн чамайг зодсон уу?” хэмээн асуусан байна. Харин түүнтэй хамт явсан үл таних хүн “Тэд юу болсныг мэдэхгүй байгаа. Эндээс гарч үз” хэмээн асуулт тавьсан эмэгтэйг загнаад гаргажээ.

Эмэгтэйчүүд гэртээ ирсний дараа өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөн байж магадгүй хэмээн бодоод Фэрфаксын эмнэлэгт хандаж шинжилгээ өгчээ. Шинжилгээгээр тэднийг хүчирхийлсэн болох нь батлагдсаны дараа тэд Вашингтон дахь Монголын ЭСЯ болон тус хотын Цагдаагийн газарт хандсан байна.

Хохирогчдын нэг нь цагдаа нарт бичсэн өргөдөлдөө Арлингтонд монгол залуу охидыг хуурч хүчирхийлдэг хос байдаг тухай өөр нэгэн найз нь анхааруулж байсныг тухай бичсэн байжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хохирогч бүсүйчүүдийн нэг нь биеийнхээ хэд хэдэн хэсэгт гэмтэл авч есөн оёдол тавиулсан бол нөгөөгийнх нь хөл болон нүд хөх няц болсон байжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тус хотын цагдаа нар сэжигтнүүдийн хэн болохыг тогтоож, хэргийн газраас хохирогчдын цус болон бусад холбогдох эд мөрийн баримтыг цуглуулж эхэлсэн байна. Хэрэг явдал болсон байшинд нэг хосоос гадна хоёр эрэгтэй хамт амьдардаг байсан хэмэн мөрдөгчид мэдээлсэн байна.

Энэхүү хэрэгт “ажилд” зуучилсан монгол эмэгтэй холбоотой эсэх тухай цагдаагийн албаныхан шалгаж байгаа гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.