Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрийнхэнтэй хамт сумо үзлээ

Д.Тулга / Спорт

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давлаа. 2015.03.22

Хару башёгийн сүүлийн өдрийн барилдааныг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн гэрт очиж аав ээжтэй нь хамт үзлээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бол дээд зиндаанд барилдаж байгаа Монголын 20 дахь сумоч. Бас маш богино хугацаанд цолонд хүрсэн гэдгээрээ сумогийн ертөнцөд шуугиан тариад байгаа. Энэ сарын башёгоос эхлэн сэкиваки цолтой барилдаж байгаа тэрээр хару башёд тун сайн барилдсан юм.

Тэрүнофүжигийн аавынх13 дугаар хороололд байдаг ажээ. Харин амралтынхаа өдрөөр Сэлбэ дэх зуслангийнхаа байшин руу явчихдаг юм байна. Хаягийг нь заалгаж аваад сумо эхлэх үеэр яваад очтод гэр дүүрэн хүн бужигнаж байв. Башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэхээр Г.Ган-Эрдэнийн хамаатан садангууд нь цуглажээ. Бас Японы “Ёми үри” сонины сурвалжлагч орчуулагчийнхаа хамт ирчихсэн ярилцлага авч байлаа. “Хүү сайн барилдаж байгаа. Монгол, Японы хамгийн том сонины сурвалжлагчид манайд хүрээд ирэхээр сайхан байдаг юм байна. Хүүгээрээ л их бахархаж байна даа” гэж Г.Ган-Эрдэнийн өвөө Жүгдэр гуай ярив. Гэрийн эзэд хөдөөгүүр ажилтай явж байгаад урьд шөнө иржээ. Хүүгийнхээ сүүлийн өдрийн барилдааныг гэрийнхэнтэйгээ хамт үзэхээр шөнөжин давхисаар хотод ирсэн гэв.

Ээж Ж.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ барилдааны өмнө зул өргөв

Г.Ган-Эрдэнэ гурван хүүхэдтэй айлын дундах юм байна. Аавыг нь Д.Гантулга, ээжийг нь Ж.Оюун-Эрдэнэ гэдэг. Дээрээ нэг эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү ажээ. Ганц хүү болохоор багад нь нэлээн эрхлүүлдэг байсан гэнэ. Аав ээж нь хүүгийнхээ тухай ярихдаа “Эвий миний хүү” гээд хошуу дэвсээд л ярих юм. Аав ээж нь ганц хүүгээ нэлээн эрхлүүлж өсгөсөн болохоор тэр үү Г.Ган-Эрдэнэ их зөөлөн зантай, томоотой гэсэн. Хүүгээ барилдахын өмнө аав ээж хоёр нь багадаа ямар хүүхэд байсан тухай хуучлаад, хоол унд идэж уу гэсэн шигээ дуу шуутайхан байв. Үе үе зурагт руугаа харчихаад яриагаа үргэлжлүүлэх ажээ. Монгол бөхчүүдийг гарч ирэхээр “За энэ хэдийгээ харчихъя. Манай хүүхэд сумод барилдаж эхэлснээс хойш монгол бөхчүүдийн барилдааныг сэтгэл догдлон үздэг болсон. Өмнө нь давчихаасай гэж боддог байснаас биш одоогийнх шиг сэтгэл зовдоггүй байлаа” гэв. Ээж нь яриан дундуураа босоод бурхандаа зул өргөн залбирч байлаа. Ингэж ярьж байтал 16 цаг 10 минутын орчимд Г.Ган-Эрдэнэ барилдахаар дэвжээн дээр гарч ирэв. Саяхан л хүүгийнхээ тухай ярин орон дээрээ сууж байсан ээж нь хэд хэдэн удаа өндөлзөж байснаа босоод явчихлаа. Олон хүн байгаа болохоор багтахгүй нь гээд босож байгаа юм болов уу гэж бодтол “Би хүүгийнхээ барилдахыг харж чаддаггүй юм” гэж байна. Их л догдолж байгаа бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэсэн чигтээ малгайгаа өмсөөд гадаа гарав. Цонхоор хартал сүү өргөөд зогсож байлаа. Харин бусад нь зурагтынхаа өмнө суугаад барилдаан эхлэхийг хүлээж байв. Үеэл ах нар нь байж ядаж байгаа бололтой нэг харахад хоёр алгаа хооронд нь үрээд л, дахиад харахад байдгаар нь атгачихсан суух ажээ. Хажууд нь суугаад зоригжуулж байгаа аятай “Манай Батаа давна аа” гэж чанга чанга хэлж байв. Аав нь харин дуугарч чадахгүй байгаа бололтой хоёр гараа чанга атгачихсан, зурагтнаас нүд салгалгүй ширтэж байв. Ингээд хамгийн сүүлийн ёсолгоогоо хийж барилдаан эхлэхэд гэрээр нэг шуугиад явчихлаа. Хөдөлгөөн бүрт нь дэм өгөн орилолдож гарав. “За сайн байна. Хоёр гарыг нь хумьчихлаа. Ээ дээ наанаасаа мавашины барьц авчихвал” гэхтэй зэрэгцэн лав барьц автал бөөнөөрөө “Батаа яг зөв. Наадах чинь зайлж магадгүй юм байна шүү. Барьцаа лавшруулна шүү” гэлцэв. Өрсөлдөгч^нь дэвжээний зах руу жаахан түрвэл “Батаа аа” гээд гэрээр нэг орилж байлаа. Эрчүүд нь ч яахав орилолдоод үзэж байхад үеэл эгч, дүү хоёр нь нүүрээ нэгдараад, хурууныхаа завсраар нэг харах ажээ. Тэрүнофүжи ч сайн барилдаж өрсөлдөгчөө дэвжээний захад түрэн гаргахад бүгдээрээ алга ташин баяр хүргэн бие биенээ тэвэрч авав. Хүргэн З.Одгэрэл нь цонх руу гүйж очоод ээжийгээ дуудан эрхий хуруугаа гозойлгож байна. Ж.Оюун-Эрдэнэ эгч хүүгээ даатган хангай дэлхийдээ сүү өргөж байгаад орж ирэхэд нь гэрийн эзэн тосож аваад хацар дээр нь үнсээд “Ялчихлаа” гэв.

Тэрүнофүжи хару башёг хоёрхон унаатай дуусгав. Арван гурав дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргалыг өвдөг шороодуулахад гэрийнхэн нь бөөн баяр болжээ. Орой нь хүүтэйгээ интернэтээр холбогдоход “Аваргаас айлгүй сайхан барилдлаа. Санасан юмаа хийсэндээ ч их баяртай байна" гэж хэлжээ: Түүний хувьд хару башё эхлэхийн өмнө Японы хэвлэл мэдээллийнхэнд “Аваргыг давмаар байна” гэж ярьж байсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд санасандаа хүрчээ. Аваргыг өвдөг шороодуулсан түүний хувьд сүүлийн өдрийн барилдаан тун чухал байв. Сүүлийн өдөр Хакухо М.Даваажаргал Харумафүжи Д.Бямбадоржтой таарсан байв. Хэрэв их аварга Хакухо өвдөг шороодвол Тэрүнофүжитэй даваагаараа тэнцэх тул нэмэлт барилдаан болох байв. Дэлгэцээр Тэрүнофүжигийн царайгбайн байн харуулахад гэрийнхэн нь ам амандаа яанаа гэлцэн дуу алдах ажээ. Ингээд хоёр аваргын барилдаан эхэлж ширүүхэн өрсөлдсөөр Хакухо М.Даваажаргал давж 34 дэх түрүүгээ авлаа. Хакухо давснаар нэмэлт барилдаан болохгүй болсон ч гэлээ гэрийнхэн нь алга ташиж байв. М.Оюун-Эрдэнэ эгч “Хоёр аварга маань ёстой нэг аваргууд шиг сайхан барилдлаа. Их аварга аргагүй хүчтэй шүүдээ. Миний хүүэнэ башёд сайн барилдаж, аав ээжийгээ баярлуулж байна. Энэнээс илүү яахав” гээд алга ташин баяр хүргэж байв.

Хар пиджактай голд сууж буй нь Г.Ган-Эрдэнэ. Тавдугаар ангид байхдаа

Батаа гэдэг нь Г.Ган-Эрдэнийн багын нэр. Гэрийнхэн нь түүнийг Батаа гэж дууддаг юм байна. Хүүгээ төрөхөд аав ээж хоёр нь баярлан өөрсдийнхөө нэрний Ган, Эрдэнийг авч нэр хайрлажээ. Гэтэл багадаа өвчин ороогоод байхаар өвөө нь “Аав ээжийнх нь нэр хүнддээд байгаа юм байлгүй. Гурван үсэгтэй богино нэрээр гэртээ дуудаж бай” гэжээ. Ингээд гэрийнхэн нь Бат гэсэн нэр өгч дуудах болсон гэнэ. Т иймээс гэрийнхэн болон ойр дотнынхон нь түүнийг Батаа л гэж дуудна. Сургууль соёлд орсон хойноо найзууд нь Ганаа гэж дуудах болжээ.

Д.Гантулга гуай Увс аймгийн Наранбулаг сумын хүн. Ээжийнх нь төрсөн дүүгийн хүүхэд улсын заан цолтой Сүхбаатар гэж хүн байжээ. Ерөнхийдөө том биетэй, сумынхаа наадамд ноцолдоод начин, заан цол авчихдаг хүмүүс байж. Харин Г.Ган-Эрдэнийн хувьд 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дарханы нэгдсэн эмнэлэгт төржээ. Тэр үеийн хүүхдүүд голдуу 3.2-3.6 кг жинтэй төрдөг байсан бол Г.Ган-Эрдэнэ 4.2 кг төржээ. Эмч нар мундаг том хүү эх барьж авлаа, ирээдүйд аварга болох биз ээ хэмээн бэлгэшээж байсан гэнэ. Тэднийх хүүгээ нэг ой хүртэл нь Дарханд амьдэрч байгаад Улаанбаатарт нүүж иржээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг: Ц.МЯГМАРСҮРЭН

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.