Парламентын сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо

Д.Тулга / Боловсрол

surgaltӨнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр парламентын сэтгүүлчдэд зориулсан “Парламент ба иргэдийн харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Тус арга хэмжээг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, УИХ-аас гаргасан шийдвэр, батлагдсан хуулийг иргэд, олон нийтэд хүргэдэг парламентын сэтгүүлчдийнхээ үйл ажиллагааны зарчмыг дэлхийн жишигт хүргэх зорилгоор жил бүр сургалт зохион байгуулдаг гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Энэ удаагийн сургалт “Парламент ба иргэдийн харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвтэй бөгөөд холбогдох мэргэжилтнүүд оролцож байна гээд мөрдөж буй дүрэм, журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж, иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэж байхыг хүслээ.

Сургалтын эхэнд “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийн талаар танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин парламентын сэтгүүлчдийн сургалтын арга хэмжээнд оролцож, Монголын парламентын сэтгүүлзүйн үүсэл, тухайн үеийн парламентын сэтгүүлзүйн зарчим болон анхны парламентын сэтгүүлчдийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, нээлттэй яриа өрнүүлсэн юм.

surgaltТүүнчлэн УИХ-ын үйл ажиллагаа болон чуулганы нэгдсэн хуралдааны дэгийг зохицуулсан эрх зүйн орчны талаар УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дашдорж танилцуулан, хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, чиг үүрэг, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн талаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн У.Тамир нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

УИХ эдийн засаг болон төсөвтэй холбоотой олон шийдвэр, хууль, тогтоомж гаргадаг учраас парламентын сэтгүүлчдэд эдийн засаг, төсвийн холбогдолтой ойлголт, мэдээлэл шаардлагатай байдгийг харгалзан энэ удаагийн сургалтад Сангийн яамны эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Т.Дэлгэрнаран оролцож, “Төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Мөн УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа УИХ болон Тамгын газраас ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар танилцуулж, үүнд парламентын сэтгүүлчдийн оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх талаар ярьж, сургалтад оролцож буй сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрх бүхий телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтын нийт 80 орчим сэтгүүлч оролцож буй “Парламент ба иргэдийн харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт үргэлжилж байна. Тус арга хэмжээнд “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч Х.Номингэрэл “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл-иргэдийн оролцоог хангах нь” сэдвээр, “Улс төрийн мэдээллийг эдийн засагтай холбон үзэгчдэд хүргэх нь сэдвээр “Bloomberg tv Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дуламхорлоо, “Улстөрийн мэдээллийг жендерийн мэдрэмжтэй хүргэх нь” сэдвээр НҮБХХ-ийн “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн зохицуулагч Л.Өнөржаргал нар илтгэл тавьж, сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.