BMW загварын автомашин унавал хорьж, торгоно гэжээ

Д.Тулга / Орон нутаг

-НИЙТ 40 ГАРУЙ АВТОМАШИН ШАТЖЭЭ-

Зарим улсад “BMW” загварын автомашиныг унахыг хориглоод байна. Тодруулбал, зөвхөн энэ зуны хувьд БНСУ-д замын хөдөлгөөнд оролцож байсан нийтдээ 40 орчим дизель хөдөлгүүртэй BMW автомашины хөдөлгүүрт гал гарч шатжээ.

Наймдугаар сарын 9-нд Өмнөд Солонгост “BMW” компанийн хоёр ч автомашин шатсан хэрэг гарчээ. “BMW 320d” загварын автомашин Солонгосын Уйвань хотын хурдны зам дээр шатсан байна. Уг тээврийн хэрэгсэл нь галд бүрэн автсан хэдий ч аз болоход хүний амь эрсдээгүй аж. Жолоочийн мэдээлснээр, түүнийг унаж явах үед гэнэт гал авалцжээ. Мөн “BMW 730Ld” загварын өөр нэг автомашин Сачён хотын хурдны зам дээр шатаж, бүхэлдээ галд автсан байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүй байна.

Иймд БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн яам мэдэгдэл гаргаж, дээрх машинуудыг энэ сарын 16-наас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг албан ёсоор хориглож байгаагаа зарласан. Энэ тухай Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яамны сайд Ким Хюн Мэ “BMW” компанийн шатах аюултай автомашинаа унахгүй байхыг ийм тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс шаардсан тушаал гаргах тухай хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв хөдөлгөөнд автомашинтай оролцсон тохиолдолд нэг жил хүртэл шоронд хорих, эсвэл их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах шийтгэлтэй болоод буй юм.

БНСУ дахь “BMW” компанийн төлөөлөгч гэмтлийг шийдэх хүртэл зээлээр унуулахаар 14 мянган гаруй автомашин бэлдээд байгаа аж. Тус компани өмнө нь ийм алдаа гаргаж уучлалт гуйж байжээ. Зөвхөн БНСУ-ын зах зээлд борлуулсан машинуудаас гал гарах болсон шалтгааныг нарийвчлан шалгаж буй юм байна.

“BMW” компани өнгөрсөн долдугаар сарын 26-нд 106317 автомашинаа сайн дураар эргүүлэн татаж засварлах тухайгаа зарласан билээ. Энэхүү машинуудын жагсаалтад ороогүй зарим загварын автомашинууд шатсан тохиолдол гарсаар байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сард гэхэд Герман дахь тус компанийн төлөөлөгчийн газар 42 загварын 106 мянган орчим машиныг аюулгүй байдлын шалгалтаар оруулж баталгаажуулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Улмаар Их Британи дахь машинаа эргүүлэн татаж эхэлжээ.

Шатсан машины ихэнх хувийг “520d” загварын машин эзэлж буй аж. Уг компанийн автомашин эзэмшигчид хуулийн байгууллагад хандах нь нэмэгдсээр байгаа гэжээ.

-ХЯТАД УЛС “BMW” АВТОМАШИНЫ КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМД ОЛОН ТООНЫ
АЛДАА ГАРСНЫГ ИЛРҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Германы алдарт үйлдвэрлэгч BMW компанийн автомашин дахь компьютерийн системд 14 алдаа гарсныг Хятадын кибер аюулгүй байдлын лаборатори 2017 онд олж илрүүлж байжээ. Онолын хувьд, автомашиныг хэрэглэх явцад хакерууд тухайн тээврийн хэрэгсэлд зориудаар нөлөөлж, хяналтдаа ч авах боломжтой болсон аж.

Bluetooth болон уг автомашины өөрийнх нь 3G, 4G дата холбоосгүйгээр халдвар авсан USB холбогчийг залгаснаар автомашиныг мэдэлдээ оруулж болно гэж судлаачид мэдэгджээ. “BMW” компаниас дээрх алдааг засахаар ажиллаж буй юм байна.

Мөн автомашиныхаа программ хангамжийн шинэчлэлийг сайтар ажиглаж байхыг хэрэглэгчиддээ зөвлөж байв. Хятадын лаборатори уг алдааг 2017 оны нэгдүгээр сард олж мэдсэн ч жил гаруй хугацааны дараа BMW компанид мэдэгджээ.

-МАНАЙ УЛСАД “BMW” ЗАГВАРЫН МАШИНЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮЗЭСГЭЛЭНГИЙН
ТАНХИМ ИРЭХ ХАВАР НЭЭГДЭНЭ-

Германы “BMW” брэндийн Монголд дахь албан ёсны дистрибью́тер “Bavaria Motors Mongolia” компани шинэ үзэсгэлэнгийн танхимынхаа шав тавих ёслолыг өнгөрөгч тавдугаар сард хийсэн. Шинээр баригдах энэхүү үзэсгэлэнгийн танхим нь “BMW”-ийн олон улсын стандартын дагуу баригдах бөгөөд ирэх оны хавар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж тус компаниас мэдээлсэн юм.

Мөн шинэ үзэсгэлэнгийн танхимд “BMW” брэндийн бүх загвар байрлахаас гадна засвар үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ гэж “Bavaria Motors Mongolia” компани онцолсон. “Bavaria Motors” компани нь автомашин болон сэлбэг хэрэгсэл борлуулах, засвар үйлчилгээний чиглэлээр 2016 онд байгуулагджээ. Тус компани нь “Naran Motors” компанитай ямар ч хамааралгүй, тусдаа үйл ажиллагаа явуулдаг, BMW-ийн Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч гэдгийг онцолж байлаа.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.