Махан дээгүүрээ гишгичих гэх мэт ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байжээ

Д.Тулга / Хууль

МХЕГ-ын даргын 2015-05-01-ний 01/100 тоот удирдамжаар “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгаа хийжээ. Тодруулбал Эмээлтийн товчооноос Хүчит шонхор худалдааны төв хүртэл хөдөө орон нутгаас мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалтыг энэ сарын 18-ний өглөөний 04 цагаас 6 цаг 30 минутын хооронд явуулсан байна.

Тухайн өглөө Эмээлт захаар нийслэлд нийт 36 тээврийн хэрэгсэлээр мах ачсан машин орж ирж, Хүчит шонхор захад махаа бөөндөж, дараагийн шат дамжлагад хэрхэн шилжиж байгаа байдлыг газар дээр очиж үзэж тандалт судалгаа хийжээ. Тандалт судалгааны үеэр махны гарал үүслийн бичгийг шалгахад бүх аймаг сумаас олгосон мал эмнэлэг ариун цэврийн бичигтэй байсан бол харин тухайн орон нутгаас авдаг цагдаагийн бичиг сүүлийн үед ирэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьсан байна. Мөн мах нийлүүлэлтийн гэрээгүй, худалдан авах гэрээгүй, нэгээс нөгөөд дамжуулахдаа зарлагын болон ул мөр тогтоох хуудасгүй, малчны тамгаар баталгаажуулсан баримт байхгүй, бөөндөж авч байгаа худалдагч, иргэнд баримт өгдөггүй нийтлэг зөрчлүүд илэрчээ. Орон нутгаас хэдийгээр битүүмжлэлтэй тээврийн хэрэгслээр ирж буй мэт харагдавч хөргөлтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээр ачсан байснаас гадна махыг буулгах үед гуталдаа углах улавч /уут/ өмсдөггүй, махан дээгүүрээ гишгичиж байгаа нь ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байжээ.

Машинаас бөөнөөр худалдан авч тэргэнцэрт ачиж нэгдсэн пүүгээр хэмжилт хийлгэн павилон руу шилждэг. Энэ үед мах зөөдөг тэргэнцэрийн ариун цэвэр, угаалга халдваргүйжүүлэлт шаардлагын хэмжээнд хүрэхгүй, махны гадуур тоос шорооноос хамгаалсан бүтээлэгний хэмжээ нь тэргэнцэрийнхээ хэмжээнд багадсан, махаа бүрэн далдлах боломжгүй, тогтмол угааж цэвэрлэдэг байдал харагдахгүй байсан байна. Түүнчлэн мах өлгөж худалдаг павилонуудын мах өлгөдөг дэгээ, зарим бандан савнууд зориулалтын бус, мах өлгөх дэгээгүй павилонууд ч байсан аж.

Улмаар дараагийн гарал үүслийн тандалтыг 5-р сарын 26 өдөр явуулахад арилгах боломтой зөрчлүүдийг арилгасан байх талаар үүрэг өгч ажиллажээ. Ингээд эцэс нь МХЕГ-аас Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэж буй орон нутгийн махны ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаажилтын байдал хангалтгүй, тухайн захуудад зарагдаж буй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тавигдаж буй мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн хяналт сул, түүний үйл ажиллагааг сайжруулах хэрэглэгч өөрийн хэрэглэж буй махыг баталгаатай аюулгүй гэдгийг нотлоход шаардагдах нөхцлийг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн байна.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.