Л.Эрдэнэчимэг: “Эрдэнэс Тавантолгой”-д Чалкогийн өрийг дарах бүрэн нөөц боломж бий
УИХ-аас томилсон Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгээс урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа билээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд хэд хэдэн зөрчилтэй зүйл байгааг ажлын хэсгээс мэдээллэсэн. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс, хөрс хуулж олборлоход бэлэн хоёр сая тонн нүүрс бэлэн байгаа бөгөөд нийт 140 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрсний нөөц нь “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэхээр байгаа аж.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-д 1400 гаруй хүн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд "Чалко” компани сард 600 мянган тонн нүүрс зөөвөрлөн авч байна. Иймээс Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн хамтаар “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгой ордын үйл ажиллаагаатай танилцахаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гийн өрийг нүүрсээр болон бэлнээр барагдуулж байгаа ч “Чалко”-гийн хувьд нүүрснээс илүүтэй бэлэн мөнгө авах сонирхолтой байгаа учир өр барагдуулах асуудал удаашралтай байгааг албаныхан дуулгав. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг болон сэтгүүлчид Зүүн Цанхийн ордтой танилцаж, тус компанийн албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тавантолгойн гэрээ олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа. “Чалко”-гийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” төлж чадах боломж бий гэж харагдаж байна уу?
-Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-той танилцсан нь тус компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхийг мэдэх. Учир нь шинээр гэрээ байгуулахад “Эрдэнэс Тавантолгой” гэрээний гуравдагч этгээд болж болох юм. 2011 оноос хойш, эдийн засаг хүнд байгаа ч гэсэн тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна. Зүүн Цанхи, Баруун Цанхийн уурхайн хоёр хэсэг дээр 1 метр куб нүүрсийг 6800 төгрөгөөр олборлоод, уурхайн аман дээрээсээ борлуулалтаа хийж “Чалко”-гийн өрийг төлж байна. Олборлосон нүүрснийхээ 50 хувиар борлуулалт хийж, 50 хувийг өрөнд өгч байгаа юм. Гэсэн ч яг зарласан тендерийнхээ хэмжээнд олборлолтоо хийж чадахгүй байна. 40 хувьд нь хийж 60 хувьд нь сул зогсолт хийж байгаа юм. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”-той хийсэн гэрээгээ зөрчиж байна гэсэн үг. Яагаад гэвэл “Чалко” авах ёстой хэмжээндээ нүүрсээ авахгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” хангалттай нүүрс олборложээ. Гаргахад бэлэн болсон 2 сая тонн нүүрс байгааг хэллээ. Хэрвээ “Чалко” шууд нүүрсээ татаад аваад дуусгачихвал 2-3 сарын дотор “Чалко”-гийн өр болох 142 сая ам.долларыг төлөхөд бэлэн байгааг албаныхан хэлсэн. Гэвч “Чалко” эцсийн хэрэглэгч биш учраас худалдан авагчаа олсон тохиолдолд тэр хэмжээгээрээ л нүүрсээ авдаг юм байна.
-Цаашид тулгамдаж буй асуудлуудыг та юу гэж харж байна вэ?
-Энд ирээд яригдсан нэг сэдэв бол автозамын асуудал байна. Шороон замаар тээвэрлэлт хийх нь байгаль орчинд хор хөнөөлтэй гэдэг үүднээс “Энержи Ресурс” компани зам барьсан. Гэтэл энэ замыг улс буцаагаад авсан. Энэ зам нь хүнд даацын зам болж чадаагүйг хэлж байна. Орон нутгийн замаас арай дээр боловч хүнд даацын биш учраас нэг машин 130 хүртэл тонн нүүрс ачаад явах боломжтой байхад уг зам дээр 70 тонноос хэтрүүлэн ачих боломжгүй байдаг аж. Тэгэхээр урьд нь нэг машин ачдаг байсан нүүрсийг энэ удаад хоёр машинд ачуулах шаардлага гарсан нь тээвэрлэлтийн зардлыг өсгөөд байгаа юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд уурхайн ам дээрээс нүүрсээ борлуулчихаж байгаа учраас тээврийн зардлын асуудал тус компанид ирдэггүй. Энэ нь худалдан авагч буюу “Чалко” зэрэг компанид алдагдалтай тусдаг байна. Нарийвчлан хэлбэл нэг удаагийн гаралтад 4-5 ам.долларыг нэг тонн тутамд алддаг. Худалдан авагч талдаа алдагдал хүлээгээд байгаа учраас тэдний талаас худалдан авалтаа багасгачихсан байгаа юм. Нэг талдаа төмөр замаа ашиглахгүйгээр 130 тонноор нь ачихын тулд шороон замаар явж байсан. Буцаж ирэхдээ хоосон машин нь энэ автозамаа ашигладаг байсан аж. Өнгөрөгч 4-р сарын 1-нд Шадар сайд У.Хүрэлсүх орон нутгийнхантай уулзаж, малчдын хувьд хүнд байдалтай байсан учраас “Автозамаа ашигла” гэсэн тушаал гаргаж шороон замыг ашиглуулахыг больсон. Үүнээс үүдэн “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авч байгаа худалдан авагч талууд алдагдал хүлээгээд эхэлсэн учраас борлуулалт нь эрс буурсан гэдгийг хэлж байна. Миний харж байгаагаар энэ автозамаа багахан хэмжээний хөрөнгө гаргаад даацыг нь нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ гэсэн асуудлыг тавьсан. Гэсэн ч даацыг нэмэгдүүлэх боломж байхгүй. Анхнаасаа суурийг нь тавихдаа хүнд даацын гэж тавих хэрэгтэй байдаг. Иймээс худалдан авагч тал өөрсдөө замаа тавиад, эргээзд нүүрсээр замынх нь өртөгийг барагдуулах боломжтой гэсэн саналыг бол тавиад байгаа юм байна. Мөн өөр нэг ярих ёстой зүйл бол төмөр замыг маш хурдан барих ёстой. Учир нь төмөр зам бол нэг кг нь 3.3 центээр ачигдах учраас нэг тонноос 10 ам.доллар хэмнэх юм билээ. Ингэхээр нүүрсний үнэ 20-30 хувиар шууд хямдарна. Энэ утгаараа тухайн бүс нутагтаа хамгийн хямд өртөгтэй нүүрс болж чадах юм. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага байна.
-Тавантолгойн орд газрыг аваад үзэхэд гэрээний асуудал ч багагүй яригдлаа. Та өнөөдөр газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа шүү дээ. Тэгэхээр цаашид гэрээ хэзээ нэг мөр яригдаж, батлагдах вэ?
-Гэрээний тухайд олон хууль, тогтоомжийг зөрчсөн байгааг Ажлын хэсэг мэдээлсэн. Тэгэхээр хууль тогтоомжид нийцүүлж орж ирэх нь чухал. Мөн энэ асуудал зөвхөн нэг улсын хамааралтай мухар төмөр замтайгаар энэ ордыг ашиглах нь Монголд ирээдүйд бол ач холбогдол муу гэж харж байна. Хөндлөн чиглэлийн 1800 км зам нь ОХУ-аар дамжин гуравдагч зах зээлд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх. Мөн Сайншандын нүүрсийг бэлэн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх тийм зам учраас энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нь хамт хийх.Төмөр замын хөрөнгө оруулалт нь уурхайн хөрөнгө оруулалтаас хамаагүйй өндөр учраас төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг шийдсэн нөхцөлд Тавантолгойг тухайн хөрөнгө оруулагч талдаа 49 хувийг нь, Монголын төмөр зам компани 51 хувийг нь эзэмших боломжтой юм. Тиймээс энэ асуудлыг дэмжих хөрөнгө оруулагчийг бид олох ёстой гэдэг үүднээс тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байгаа. Харин Засгийн газраас нэгэнт хууль зөрчсөн гэрээ учир эргүүлэн татах байх гэж бодож байна. Буцааж УИХ-д өргөн барина. Ингэхдээ тогтоолын дагуу эдгээр өөрчлөлтүүдийг оруулчихаад оруулж ирэх болов уу гэж харж байгаа.
-Урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан байсан. Гэхдээ яг газар дээр нь ирээд харахад зайлшгүй тогтоолын төсөлд тусгах шаардлагатай ямар асуудал байна?
-Тогтоолын төсөлд 1072 хувьцааг оруулна гэдэгээ тодорхой хэлчихсэн байгаа. Нөхцөл байдалтай бол танилцлаа. Гэхдээ дүгнэлт хэлэхэд эрт байна. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгааг харлаа. Нэн түрүүнд төмөр замыг нь бариад өгчихвөл Тавантолгойн орд нь өөрөө шууд хөрөнгө босгох боломжтой орд гэж харж болохоор байна. Төмөр замтай гэдэгээрээ л энэ ордын үнэ олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өсөх нь харагдаж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани хамтарсан концесст ороод явах чадавх, нөөц бололцоо нь хэр байна гэж харж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани харьцангуй бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн угаах үйлдвэр барих боломжтой болох байх. Эсвэл “Энержи Ресурс”-т бэлэн байгаа үйлдвэрийг ашиглаж нүүрсээ угааж болно.Дээрээс нь хуурай аргаар нүүрс угаах технологийг Япончуудтай хамтран судлаж байгаа гэж байсан. Тэгэхээр угаах үйлдвэрийн зардал нэг их биш. Төмөр зам ч юмуу бусад дэд бүтцээ бодохын бол их биш. Тиймээс яг энэ байдлаараа дахин 2 жил үйл ажиллагаагаа явуулахад ямар ч алдагдал гарахгүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанид хөрөнгө оруулалт шаардлагагүй харагдаж байгаа юм. Харин төмөр замдаа хөрөнгө оруулалтаа голчлон тавьж өгөх шаардлага байна гэж л харж байна.
Т.БАТСҮРЭН
Гэрэл зургийг П.НАРАН
Сэтгэгдэл