Орон нутгаас нийслэлд ирж буй охид, бүсгүйчүүдэд зориулан аппликэйшн бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр "Хөдөө, орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх" төслийн хүрээнд “Давалгаа” аппликейшн бүтээжээ.

-ШИЛЖИН СУУРЬШСАН ДӨРВӨН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ТУТМЫН НЭГ НЬ ЖЕНДЭРТ
СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН БАЙНА-

Шилжин суурьшсан эмэгтэйчүүдэд иргэний бүртгэл, түүний давуу талуудын тухай мэдлэг, мэдээлэл хангалтгүй байдаг байна. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 84% нь нэгээс дээш жил нийслэл хотод оршин суужээ. Гэсэн хэдий ч залуу эмэгтэйчүүдийн 60% нь амьдарч буй дүүрэг, хороондоо албан ёсны бүртгэл хийлгээгүй, “бүртгэл хийлгэх шаардлагагүй” гэж үзсэн байна.

Мөн залуу эмэгтэйчүүдийн дийлэнх нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Үүнээс гадна шилжин суурьшсан дөрвөн залуу эмэгтэй тутмын нэг нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн, хамаатныхаа гэрт амьдарч буй дөрвөн залуу эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй орчинд амьдарч байна гэсэн дүн гарсан байна.

Иймд шилжин суурьшсан охид, эмэгтэйчүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдэнд ээлтэй орчин бий болгох зорилгоор “Давалгаа” аппликэйшн бүтээжээ. Уг аппликэйшн хөдөө орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй гол асуудлууд болох шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нийтийн тээвэр, такси үйлчилгээ, орон байр, хотын соёл, хүний эрхтэй холбоотой мэдээллүүдийг агуулдаг байна.


Мөн охид, эмэгтэйчүүдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг хийх боломжтой. Хэлэлцүүлэг цэс болон өдрийн тэмдэглэл гэсэн хэсгээс бүрдэж байгаа аж. “Давалгаа” аппликэйшны талаар “Гүнж” төвийн захирал Э.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

-Яагаад “Давалгаа” аппликэйшн бүтээхээр болов?

-“Хөдөө орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдийн нөхцөл байдал” судалгааг Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны тавдугаар сараас эхлэн есдүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд хийсэн юм. Манай байгууллага өсвөр насны ээжүүдтэй ажиллах явцдаа хөдөө орон нутгаас шилжин суурьшсан, нэн ялангуяа охид, залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд их байгаа талаар олж мэдсэн. Тиймээс Улаанбаатар хотод шилжиж ирсэн 16-25 насны охид залуу эмэгтэйчүүдэд тулгарч буй нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг судалж, зөвлөмж боловсруулах зорилготой ажилласан юм.

-Судалгаанд хэдэн хүн хамрагдсан бэ?

-Судалгаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд орон нутгаас шилжиж ирсэн 16-25 насны 80 өсвөр насны охид болон залуу эмэгтэйчүүдийг хамруулсан.

-Шилжин суурьшсан эмэгтэйчүүд маань ямар төрлийн тусламж авахыг хамгийн их хүссэн байна вэ?

-Хамгийн их буюу 47 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр туслалцаа авахыг хүссэн байсан. Мөн 23 хувь нь эрүүл мэндийн зөвлөгөө авахыг хүссэн дүн гарсан юм.

-Шилжиж ирсэн охид орон байрны хувьд ихэвчлэн хаана амьдарч байна?

-Хоёр оюутан тутмын нэг нь буюу нийт оюутнуудын 54 хувь нь дотуур байранд амьдарч байгаа. Харин үлдсэн хэсэг нь хамаатныхаа гэрт, эсвэл түрээсийн байранд амьдардаг. Мөн шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдийн 46 хувь нь Улаанбаатар хотод ирснээсээ хойш хоёр ба түүнээс дээш удаа нүүж байсан байна. Үүнээс их, дээд сургуулиудын дотуур байрны хүрэлцээ дутмаг байна гэх дүгнэлтэд хүрсэн юм.

-Энэхүү аппликэйшнийг цааш нь хөгжүүлэх үү?

-Цаашдаа аппликэйшнийг улам хөгжүүлэн боловсронгуй болгох зорилго тавин ажиллаж байна. Одоогоор бидэнд байгаа мэдээллүүд нь эхнээсээ орсон байгааг аппликэйшнийг үнэгүй татаж авч харж болно.

Ж.ДАРИЙМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.