Орос, Украины дайны асуудал нэг талдаа гарав

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд баярын парад дээр холбоотнуудаа хүлээн авснаас нэг өдрийн дараа ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар Украины нийслэлд хүрэлцэн ирж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа эдгээр удирдагчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Москвад тавих шаардлагаа танилцуулжээ. Тэдний шаардлага нь “Москваг энэ тавдугаар сарын 12-ны даваа гаригаас 30-аас доошгүй хоногийн хугацаанд бүрэн бөгөөд ямар ч болзолгүйгээр гал зогсоож, хэлэлцээр эхлүүлэх ёстой” гэсэн байв. Үүний дараа Францын ерөнхийлөгч Макрон “Орос гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол тэд нэмэлт хориг арга хэмжээ, Украинд үзүүлэх дэмжлэг нэмэгдэх үр дагавартай тулгарах болно. Шинэ хориг арга хэмжээний багц бэлэн болсон” гэсэн бол Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер “Хэрвээ энх тайвны төлөө байгаа бол Путинд үүнийгээ харуулах боломж байна. Энэ хууль бус мөргөлдөөнийг зөвхөн нэг улс эхлүүлсэн, тэр нь Орос байсан, үүнийг энхийн замаар шийдвэрлэх замд ганцхан улс л саад болж байна, тэр нь бас Орос гэдгийг бид сануулах ёстой. Москва “хэрэв” бас “гэхдээ” гэсэн үгээр хаацайлж, цаг үрэхээ зогсоох цаг болсон” гэж мэдэгдэв. Харин ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц “Энэ амралтын өдрийг дуустал Москва гал зогсоох эсэхээ Киевийн холбоотнуудад тодорхой болгох ёстой” гэж мэдэгдсэн. Иймээс энэ сарын 11-ний шөнө орой болсон хойно Владимир Путин гадаад, дотоодын сэтгүүлчдийг цуглуулж “Москвагийн өмнө нь зарласан гал зогсоох гэрээг Киев удаа дараа зөрчсөн” гэж Украиныг буруутгаад “Би Украин болон түүний барууны холбоотнуудын 30 хоногийн гал зогсоох тухай саналын дагуу Туркийн Станбул хотод энэ сарын 15-наас Москва, Киев хоёрын хооронд явагдаж байсан шууд хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах санал тавьж байна. Москва урьдчилсан нөхцөлгүйгээр оролцоход бэлэн байна” гэж мэдэгдэв.

Владимир Путины аль 2022 онд тасалдсан шууд хэлэлцээг сэргээх энэ саналыг Киев хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Оросын түрэмгийллээс хойш долоо хоногийн дараа болсон уг хэлэлцээ эхлээд Минскд, дараа нь Станбулд болж амжилтгүй өндөрлөсөн билээ. Учир нь уг хэлэлцээнд Украины армийн зэвсгийн тоо, хэмжээг хязгаарлах, Киев барууны орнуудтай цэргийн хамтын ажиллагаа явуулахаас сайн дураараа татгалзах, Оросын эзэлсэн газар нутгийг сайн дураар шилжүүлэн өгөх, “мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах” гэх мэт Москвагийн шаардлагуудыг Киев тэр үед ч, ялангуяа одоо ч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Францын удирдагч Эммануэль Макронд “Орос, Украины энхийн хэлэлцээг эх орондоо зохион байгуулахад бэлэн байна” гэж мэдэгдэж, тэрээр мөн энэ тухай Владимир Путинтэй утсаар ярьсан байна. Туркийн ерөнхийлөгчийн ажлын алба “Ерөнхийлөгч Эрдоган Станбул хотноо Орос, Украины хооронд энхийн хэлэлцээг сэргээх тухай ОХУ-ын ерөнхийлөгч Путины мэдэгдлийг сайшаан хүлээн авч, урт хугацааны энхийн шийдэлд хүрэх яриа хэлэлцээг зохион байгуулахад Турк бэлэн байгааг илэрхийлж, энх тайванд хүрэх цонх нээх, иж бүрэн гал зогсоох явдал нь энхийн хэлэлцээнд шаардагдах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж мэдээлэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үнэн хэрэгтээ Украинд 30 хоногийн хугацаатай гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Киевээс буцах замдаа Польшийн Пржемысль хотод “Станбул хотноо Орос, Украины хооронд шууд хэлэлцээ хийх тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санал хангалтгүй. Ямар ч болзолгүйгээр гал зогсоох нь аливаа хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл байх болно. Учир нь Украинчууд бөмбөгдөлтөд өртсөөр байхад хэлэлцээр хийх нь утгагүй явдал. Станбулд хэлэлцээр хийхийг санал болгосноор Путин зөвхөн цаг хожихыг л хүсч, үнэндээ бол Украины дайныг зогсоох оролдлого хийхээс зайлсхийхийг хичээж байна. Энэ бол хариу өгөхөөс зайлсхийж буй арга. Бид бууж өгөх ёсгүй! Энх тайван тогтоох хүчин чармайлтын эхний алхам болгон болзолгүйгээр гал зогсоохыг би уриалж байна” гэж мэдэгдэв. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Ерөнхийлөгч В.Путин шууд гал зогсоохыг хүсэхгүй байна. Харин оронд нь ирэх пүрэв гаригт Туркт уулзалт хийж, цус урсгахыг зогсоох талаар хэлэлцээ хийхийг санал болгож байна. Украин үүнийг даруй зөвшөөрөх ёстой. Ингэснээр бид хэлэлцээр хийх боломжтой эсэхийг тодорхойлох ёстой, хэрэв үгүй бол Европын удирдагчид болон АНУ асуудал хаана байгааг мэдэж, үүний дагуу зохих арга хэмжээ авна. Америкийн Нэгдсэн Улсгүйгээр ялалт байгуулах боломжгүй байсан (бүр бодох ч чадваргүй байсан!) дэлхийн хоёрдугаар дайны ялалтыг тэмдэглэх гэж хэтэрхий завгүй байгаа Путин Украинтай хэлэлцээр хийнэ гэдэгт би эргэлзэж байна” гэж мэдэгдэв. Энэ мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Бид маргаашаас гал зогсоохыг хүлээж байна. Хангалттай урт, бүрэн, болзолгүй гал зогсоох нь энх тайвныг ойртуулж чадна. Украин үүнийг удаан хугацааны турш санал болгож байгаа, манай түншүүд ч үүнийг санал болгож байна. Дэлхий даяар үүнийг ярьж байна. Бид Оросыг тодорхой хариу арга хэмжээ авна гэж найдаж байна. Аллага зогсох ёстой. Путин гал зогсоохоос татгалзвал ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн байгааг бид түншүүдээсээ олон удаа сонссон. Бид харах болно. Би энэ пүрэв гаригт буюу тавдугаар сарын 15-нд Туркт байх болно. Би Путиныг Туркт хүлээж байх болно. Путин энэ удаа ямар нэгэн алхам хийхгүй байх шалтгаан хайхгүй байх гэж найдаж байна. Бид дайныг зогсоохын тулд ярилцахад бэлэн байна” гэж мэдэгдэв. Ийнхүү дайны асуудал Путины шийдвэрээс шууд хамаарах болов. Эсвэл Путины хуурамч үгээр халхлагддаг Кремлийн дэглэм барууны гол улсуудын амласан том хоригт орохоос өөр аргагүй болж, эдийн засаг нь дампууран ОХУ, ЗХУ-ын түүхийг давтах болно. Ийнхүү асуудал нэг талдаа гарав.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.101] 2025-05-13 17:34:11

одоо цагт дайн хийж хүн алжхүрээ талж буй нь оросын шившиг, хамаг бурууг Пүтин үүрэх ёстой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000