"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ

Португалын шигшээ баг ба Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диогу Жота пүрэв гаргийн өглөө автомашины ослоор амиа алдсан тухай Испанийн Мarca сонинд мэдээлсэн байна.
Испанийн Самора мужийн A-52 хурдны замын 65 дахь километрт болсон ослын улмаас Диогу болон Испанийн “Пеньяфьел” багт тоглодог түүний дүү, 26 настай Андре нар нас баржээ. Ах дүү хоёрын сууж явсан автомашин замаас гарсныхаа дараа шатсан байна.
Одоогоор “Ливерпүүл” баг болон Португалын хөл бөмбөгийн холбооноос болсон явдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Талийгаач Жота 2020 онд "Вулверхэмптон" багаас “Ливерпүүл”-д ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аварга, Английн цомын аварга, Английн лигийн цомын аваргаар шалгарч байсан юм. “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд 182 тоглолтод оролцохдоо тэрбээр 65 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Харин Португалын шигшээгийн бүрэлдэхүүнд 49 тоглолтод оролцохдоо 14 гоол оруулж, Үндэснүүдийн лигийн тэмцээнд хоёр удаа түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн “Атлетико”, Португалын “Порту”, Английн “Вулверхэмптон” багуудад тоглож байв.
Д.Жота 6 дугаар сарын 22-нд хуримаа хийжээ.
Сэтгэгдэл