ЧУУЛГАН: "Иргэд гудамжинд зодуулж, хутгалуулж, хуулийн байгууллагын эрүү шүүлтэд өртөж байна"

УИХ-ын чуулганы өнөөдөр (2025.07.02)-ийн ээлжит бус нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /нэгтгэсэн/-ийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:
-Үндсэн хууль батлагдаад 33 жил, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болоод 17 жил болж байна. Гэтэл бид 17 жил иргэнийхээ эрхийн төлөө хууль маш бага гаргасан. Эрх мэдэлтэн, дарга, төрийн эрх мэдэлтэй болгох хуулийг маш ихээр үйлдвэрлэсэн.
Сая УИХ стратеги төлөвлөгөөгөө баталсан. Хүний эрхэд суурилсан хүн төвтэй, хууль зүйн бодлогын төлөө 126 гишүүн ажиллана гэж хэлсэн. Хүний эрх, эрх чөлөө түүний баталгааг хангах нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Гэмт хэрэгтэй тэмцэх, урдчилан сэргийлэх бодлого боловсруулах нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал.
Прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал түүнтэй холбоотой хууль зүйн бодлого боловсруулах бол Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал. Гэтэл эрхлэх асуудлаараа хяналт тавьж чаддаггүй байнгын хороо яаж шийдвэр гаргах вэ, яаж асуудлыг бодитой дүгнэх вэ.
Бид иргэнд зориулсан хуулийн шинэтгэл хийж чадахгүй байгаа учраас гудамжинд иргэд айдастай байна. Улстөрчид өөрсдөө хонгил ярьж байна. Өөр хоорондоо утсаар ярихдаа сонсоод байна, дарга нарыг дуудахдаа нэг, хоёр, гурав гээд бүр хочоор нь ярьж байна.
Зүүн Германы нууц цагдаа шиг хувийн мэдээллээ хуулийн байгууллагад шүүхийн зөвшөөрөлгүй алддаг, тэнд хууль биелж байгаа эсэхийг мэддэггүй, иргэний эрх чөлөө хаана эвдэгдээд байгаа талаар ямар ч ойлголтгүй. Гэтэл гудамжинд иргэн нь зодуулж байдаг, хутгалуулж байдаг, хуулийн байгууллагад эрүү шүүлтэд өртөж байдаг. Үндсэн хуульд иргэний чухал үндсэн эрхийн нэг нь эрүү шүүлтээс ангид байх гэж заасан.
Энэ эрхийг Онц байдал зарласан үед ч үл хүндэтгэж болно гэдэг Үндсэн хуулийн заалттай атлаа жил болгон эрүү шүүлтэд өртсөн тухай, эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь иргэнийхээ эсрэг үйлдэл хийдэг болсон тухай сонсоод сууж байна. Гэтэл энэний араас явдаг чиг үүрэг бүхий Тусгай хяналтын дэд хороо байдаггүй.
Хууль зүйн байнгын хороо шүдгүй арслан шиг гар, хөл нь боомилогдсон. Энэ асуудлыг шийдэж байж хууль яг хаана биелэхгүй байна, хүний эрх яг хаана зөрчигдөөд байна вэ гэдгийг, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага өөрөө гэмт хэрэг хийгээд байгаа юм уу, үгүй юу гэдгээ УИХ өөрөө мэддэг болно. УИХ парламентат ёсны агуулгаар ардчиллаа хамгаалах чадвартай болно. Хуулийн засаглалын төлөө зогсдог болно.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [46.212.49.135] 2025-07-03 01:20:03
Тэмүүжээн, тэмүүүжээн , тэмүүжээн бүү зогс, иршэд чинь сонсож бна,
Зочин [103.104.237.119] 2025-07-02 21:36:09
Mundag Hun shuu, mongoliin turd zutgeh hunii neg
Зочин [67.171.160.15] 2025-07-02 21:28:10
чиний эзэн эрлэгдоржийн бий болгосон нийгэм муу боол минь.