Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай нөхөн дархлаажуулалтын өдөрлөгийг улс орон даяар эхлүүллээ. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын төлөөлөгчид оролцсон юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын хувьд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт. Одоогоор улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, дэгдэлтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Тиймээс нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажил хэрэгжиж байна. Вакцин бол айдас биш. Харин аюулыг сэргийлэх, гэр бүлээ хамгаалах хамгийн найдвартай арга” хэмээн онцоллоо.

2025 оны 6 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд нийт 10,721 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 71.1 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд байна. Нөхөн дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд байнгын 560, явуулын 345 нийт 905 цэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулж байна.

2015–2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байжээ. Иймд эргэлзэх шаардлагагүйгээр вакцинжуулалтадаа идэвхтэй хамрагдахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар болон УОК аливаа халдварт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд дархлаажуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлж, урьдчилан сэргийлэх, тандан судлах үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000