2025 оны долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
o Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
o Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
o Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ. Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой.
Уур амьсгалын тойм
Долоодугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг (Зурaг 1).
Долоодугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд хэлбэлзэл өндөр байсан буюу тухайлбал 2018 болон 2022 онуудад олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2015, 2016, 2017, 2024 онуудад ОЖД-аас харьцангуй дулаан байсан байна (Зурaг 2).
Зураг 1. 7–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Зураг 2. 7–р сарын температурын олон жилийн явц
[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна (Зурaг 3). Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1999–2017 онуудад харьцангуй тунадас багатай жилүүд үргэлжилж байсан бол 2018 оноос ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 4).
Зураг 3. 7–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]
Зураг 4. 7–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас бага, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүхэн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар халж, дундаж температур гуравдугаар арав хоногийн дунд үе хүртэл ОЖД–аас 2–5°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын аадар бороо, бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас мөн нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар аадар бороо, бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дүнд үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас мөн нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна (Зураг 6). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа хэдий ч нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг сэрүүн байх төлөвтэй байна.
Зураг 5. 2025 оны 7–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв, С0
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан]
Зураг 6. 2025 оны 7–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]
Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2025 оны 7–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц,
ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2025 оны 7–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц,
ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2025 оны 7–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц,
ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2025 оны 7-р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц,
ногоон – хур тунадасны хэмжээ]
ЗӨВЛӨМЖ
Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл