Г.Батбаатар: Вакцин эсэргүүцэгчид олон байгаа нь манай улс мэдлэг, мэргэжил, боловсролыг үнэгүйдүүлсний илрэл

Манай улсад улаанбурхан өвчний халдварын тархалт эрчимжиж нийслэл болон бүх аймагт бүртгэгдсэнээр эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын гавьяат багш, анагаах ухааны доктор, профессор, академич, дархлаа судлаач, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан проректор Г.Батбаатартай ярилцлаа.
-Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо есөн мянга даваад буй, өвдсөн хүмүүсийн 70 гаруй хувь нь вакциндаа хамрагдаагүй байсан гэх мэдээлэл байгаа. энэ тоо ийм өндөр байгаа нь юутай холбоотой вэ?
-ДЭМБ-аас хэдэн жилийн өмнө Монгол Улс дархлаажуулалтыг амжилттай хийснээр “Улаанбурханы өвчлөлийг устгасан” хэмээн бүртгэж бид ч баяртайгаар хүлээж авч байсан.
Гэвч үүний дараагаас MMR (улаанбурхан, улаанууд, гахайн хавдар) вакцинд хамрагдалт буурсан байдаг. Магадгүй сэтгэл амарч, анхаарал нь суларсан учраас вакцинд хамрагдалт буурсан байх. Аливаа өвчнийг устгана гэдэг бол үүсгэгч нь байхгүй болсон гэсэн үг биш. Халдварт өвчний тохиолдол тухайн улсад таван жил дараалж бүртгэгдээгүй бол халдварыг амжилттай устгасан орон гэж зарладаг. Өнөөг хүртэл холбогдох байгууллагууд вакцинд хамруулахад чиглэсэн дорвитой ажил хийж чадаагүйн гай гарч байна. Учир юу гэвэл, манай шийдвэр гаргагчид хоосон алга ташилт, хөөсөрсөн амжилтын төлөөх тархи угаалтыг хэтэрхий их явууллаа. Үүний шууд тусгал нь энэ болов уу. Улаанбурханы вакцинд хамрагдаагүй хүүхдүүд л өвчилж байна. Вакцин эсэргүүцдэг хүмүүс улс орон болгонд байдаг. Гэхдээ манай улсад арай л дэндэж байна. Дэлхийд вакцин үйлдвэрлэдэг биотехнологийн олон үйлдвэр, компани бий. Тэдний дунд мэдээж өрсөлдөөн буй. Зах зээлийн тэр их өрсөлдөөний дунд бусдыгаа муучлах, үгүйсгэх тохиолдлууд байдаг. Үүний цаана эдийн засгийн ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Вакцин эсэргүүцэгчид олон байгаа нь манай улс мэдлэг, мэргэжил, боловсролыг үнэгүйдүүлсний илрэл байх. Гэтэл бусад улс орнууд энэ асуудалд маш ухаалаг ханддаг. Тухайлбал, Япон, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн ихэнх улс оронд суралцахаар очиж буй хүмүүсээс вакцинд хамрагдсан түүхийг заавал асууж бүртгэдэг. Ялангуяа улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй бол хүлээж авдаггүй. Германд гэхэд цэцэрлэг, сургуульд ороход улаанбурханы тун авсан эсэхийг нь шалгадаг. Хийлгээгүй бол тухайн хүүхдийг цэцэрлэг ч, сургууль ч авдаггүй. Энэ бол шинжлэх ухаандаа итгэдэг, боловсорсон төрийн шийдвэр юм. Үр хүүхдэдээ хайртай хүн болгон товлолт вакцинуудад хамрагдах ёстой. Вакцин хийлгэсний дараа бага хэмжээгээр халуурч болно, гэхдээ өвчлөх эрсдэл байхгүй. Вакцины талаар наад захын ойлголтгүй байж эсэргүүцнэ гэдэг боловсролгүй, харанхуй байгаагийн шинж. Бид өдгөө шинжлэх ухааны эрин үе XXI зуунд амьдарч байна шүү дээ. Аливаа шинжлэх ухаан хүнийг эрүүл, урт наслуулах, мөн хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх гэсэн зорилготой. Вакциныг хэрэглээнд оруулахдаа 5-10 жил гурван үе шат бүхий эмнэл зүйн туршилт судалгаа хийдэг. “Ковид-19” цар тахлын үед вакцины эмнэл зүйн туршилт судалгааг нь гүйцэт хийлгүй хэрэглээнд оруулснаас зарим цөөн тохиолдолд вакцины сөрөг шинж илэрсэн байхыг үгүйсгэхгүй ч үүнийг хэн ч нотлоогүй. Вакцин тариулснаас болж ингэлээ, тэглээ гэх яриа олон бий. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй. Шинжлэх ухаандаа итгэхгүй бол бид юунд итгэж амьдрах юм.
-Одоогоос арван жилийн өмнө улаанбурханы халдвар улсын хэмжээнд эрчимтэй тархаж, 130 гаруй хүүхэд эндсэн юм билээ?
-Өнөөдрийн байдлаар долоон хүүхэд эндчихээд байна. Үүнд эцэг, эх нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Нэг хүүхэд халдвар авна гэдэг бусдадаа тараана гэсэн үг. Дэлхийд вакцин бий болсноор олон сая хүүхдийн амь насыг хамгаалж, өвчлөхөөс нь сэргийлж чадсан. Вакцин хийлгэсэн тохиолдлын 2-3 хувь нь маш хөнгөн хэлбэрээр өвчилж болно. Дөнгөж төрсөн хүүхдийн дархлааны тогтолцоо хэлбэршээгүй байдаг. Зургаан сартайгаас нь эхэлж дархлааны эсүүд нь ялгаран хөгжиж, хоёр наснаас тогтворжиж эхэлдэг.Тиймд зургаан сараас өмнө вакцин хийлээ гэхэд халдварын эсрэг дархлааны санамжийн эсүүд үүсэхгүй гэдгийг шийдвэр гаргагчид бодолцох ёстой.
-Та эцэг, эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болъё гэлээ. Вакциныг эсэргүүцэж, олон нийтийг турхираад байгаа хүмүүс ч байгаа. Тэдэнд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юу. Вакцин эсэргүүцэх нь нийгмийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл мөн үү?
-Тэгэлгүй яахав. Эсэргүүцэгчид вакцины талаар мэдлэггүй, мэдээлэлгүй атлаа ямар зорилгоор тэгтлээ эсэргүүцээд байна вэ. Тэр хүн хүсвэл өөрийнхөө хүүхдийг л битгий тариул. Бусдыг бүү уриал. Улаанбурханы халдвар агаар дуслын замаар халдварладаг учир халдвар богино хугацаанд олон хүнд халдварлах аюултай. Товлолт вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэдэг. Хэрэв та үр хүүхдээ эрүүл саруул байгаасай гэж хүсч байвал товлолт дархлаажуулалтад заавал хамруулах ёстой. АШУҮИС бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй боловсон хүчний 90 гаруй хувийг нь дангаараа бэлтгэсэн сургууль. Энэ сургуулийн багш, оюутнуудыг дайчилж хүмүүсийг соён гэгээрүүлэх ажлыг хийж ч болно. ЭМЯ эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэт төвлөрч, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг бага анхаарсны уршиг. Хүн эрүүл аж төрөхөд нөлөөлөх хүчин зүйлийн 53 хувь нь эрүүл, аюулгүй орчин, хувь хүний амьдралын хэв маяг, хандлагаас, 10 хувь нь эрүүл мэндийн салбарын хөгжлөөс, 17 хувь нь удмын хүчин зүйлээс хамаардаг гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Тэгэхээр ЭМЯ-ны бодлого ямар байх ёстойг бодоод үз дээ. Өвчний шалтгааныг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухал байгаа биз. Харамсалтай нь шийдвэр гаргагчид, улстөрчид хүн бүхнийг сонгогч гэж харж тэдэнд таалагдах шийдвэр гаргадагт л учир байна.
-Ингэхэд улаанбурханы вакциныг хэзээнээс хийж эхэлсэн юм бол. Хэр найдвартай вэ?
-100 хувь найдвартай. Улаанбурханы вакциныг олон арван жил хэрэглэж байна. Тус вакцины дархлаажуулах чадвар нь 97 хувь байдаг. Энэ бол маш өндөр тоо. Цөөн тохиолдолд вакцины үр дүн сул байж болно. Хэдий тийм ч өвчилбөл маш хөнгөн явцтай. Төрөлхийн гажиг, дархлаа хомсдолтой бол хүлээж байсан үр дүн гарахгүй байх нь бий. Вакцин нь халдвар үүсгэгчийг дархлааны эсэд таниулж санамжийн эсүүдийг үүсгэдэг ба өвчин үүсгэгч биед орж ирэхэд санамжийн эсүүд богино хугацаанд олшрон идэвхжиж үүсгэгчийг устгана.
-Бид мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож сурах хэрэгтэй байна тийм үү?
-Бид мэдлэг, мэргэжил, боловсрол үнэгүйдсэн цаг үеийн гэрч болж байна. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, үндэсний эрдэмтдэдээ итгэж байж хөгжил, дэвшлийн тухай бодно шүү. “Ковид-19” цар тахлын үед шавь нарын хамт шүлсний оношлуур бүтээсэн юм. Бидний бүтээсэн оношлуур импортын оношлуураас 20-50 дахин мэдрэг, гурав дахин хямд өртөгтэй байсан боловч дэмжиж, хэрэглээнд оруулаагүй. Шийдвэр гаргагчид эрдэмтдэдээ итгээгүй, импортоор гаднаас худалдан авахыг л бодсон доо. Олон залуусын итгэлийг мохоож, урмыг хугалсанд өнөөг хүртэл харамсаж явдаг. Монгол Улс мянган хүнд ногдох эмчийн тоо, орны тоогоор дэлхийд тэргүүлдэг. Эрүүл мэндийн чанар, хүртээмж гэдгийг нэг үг мэт ойлгож хэрэглэдэг. Гэтэл эсрэг тэсрэг хоёр ойлголт шүү дээ. Манай эрүүл мэндийн салбарын хүртээмж хангалттай ч чанар муу. Манай улс хүнд үйлдвэрлэлийн хөгжлөөр 1000 жил, технологийн хөгжлөөр 100 жил, анагаах ухааны хөгжлөөрөө 60 жил хоцорчихоод байгаагаа ойлгох хэрэгтэй.
-Вакцинд хамрагдаж байгаа хүний тоо буурах нь халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгодог гэдэг. Энэ талаар тодруулбал?
-Энэ бол шууд хамааралтай. Вакцин бол хүн төрөлхтний гайхамшигтай нээлт. Вакцин гарахаас өмнө дэлхийн хүн амын дундаж наслалт 50 ч хүрдэггүй байсан. Харин 1950-иад оны үед монгол хүний дундаж нас 47 байлаа. Урьдчилан сэргийлэх вакцинуудыг маш үр дүнтэй хэрэглэж, дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд өнөөдөр монгол хүний дундаж наслалт 70 давчихлаа. Гэтэл хайран хүүхдүүдийг вакцинд хамруулаагүйгээс болоод алдчихлаа. Одоо сэхээний өрөөнд 100 гаруй хүүхэд амьдрал үхлийн зааг дээр байна. Дахин хэлье, вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурханаар маш хүнд өвчилнө. Улаанбурханы вакциныг бүтээхээс өмнө халдвар авсан хүмүүсийн 40-50 хувь нь энддэг байсан. Төгсгөлд нь хэлэхэд, вакцинд итгэдэггүй хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдэд л битгий хийлгэ. Тэр бол та нарын эрх. Бусдад битгий гай болоорой гэдгийг хэлэх байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ө.АНХЗАЯА
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.181] 2025-06-25 14:39:07
Нийгмийн сүлжээгээр мэдлэг боловсролгүй хүмүүсийг хждлаа цуурахыг хорьмоор юмаа Тэд нийгэмд үнэн гай болж байна ятэдний хараали зүхэл үзэн ядалтыг залуу үе дужрайж байна Вакцин эсэргүүцэгёид тэдний нэг Ядаж эуэг эхээсээ асуудаг байгаа Соц змын үед ээж ааавууд хүүхдээ вакцинд бүрэн хамружлдаг байв Эмч сувилагч нар ч маш хариуцлагатай байсан
Зочин [66.181.190.200] 2025-06-25 15:01:11
харин тэгэхээр энэ нийгмийн сүлжээ гэдэг технологийн хөгжил чинь манайх шиг түвшингийн улсад таарч тохирохгүй байна ш дээ, бүр тас хааж болдоггүй юмаа гэхэд, тохируулсхийгээд жаахан хязгаарлалт хийхгүй бол байдал улам л дордох байх даа
Зочин [66.181.190.200] 2025-06-25 14:26:53
угаасаа "хэтэрхий мэргэн жараахайнууд" Монголоор пиг байнаа :) ... мэдэхгүйгээ мэддэггүй, ойлгодоггүй тийм болохоор энд тэндхийн тархи угаалтанд ма-а-аш амархан автагддаг, тархиа гөлчийтөл нь угаалчихсан нөхдүүд ...
зочин [202.179.15.130] 2025-06-25 12:50:07
Ковидын шүлсний оношлуур бол хичнээн сайн байсан, хямд байсан ч дарга нар, эрх мэдэлтнүүд авахгүй. яагаад гэвэл үнэ нь тодорхой учраас дээрээс нь нэмж зарах, ашиг унагах боломж байхгүй. Өөр газраас авсан ямар ч юман дээр дураараа нэмээд бидэнд зардаг. Бас боловсрол мэдлэг үнэгүйдсэн гэдэг яг үнэн. Эрх мэдэлтэй хүмүүсийн нас арай л залуудаад байна. Залуу хүмүүс гармагцаа өөрийнхөө амьдаралыг л бодож байна. Хятад, Япон, Америк залуу хүмүүс байхгүйдээ өндөр настай хүмүүсээр эрх мэдэлтнүүдийг сонгоод байна уу, үгүй шүү дээ, тэд амьдралаа босгочихсон, үр хүүхдүүд нь амьдралаа аваад явчихсан, тэдэнд шунах хэрэгцээ байхгүй, харин амьдралын асар их туршлага суусан ийм л давуу талтай байгаа юм, Дээрээс нь биднийг боловсрол, мэдлэг, эрүүл мэндээр дамжуулан дорой буурай байлгах гадны улсын холын бодлого яваад байна. Багш, эмч, асрагч сувилагч нартаа автобусны жолооч, гудамны цэвэрлэгчээс доор цалин өгдөг ийм дорой улс хэзээ хөгжих тухай ярих вэ
зочин [59.153.86.103] 2025-06-25 12:30:01
монгол хүн оюун санаа ур ухаанаа дайчлан байж гаргасан нээлт ,бүтээгдхүүн хичнээн сайн улс оронд. ашигтай хэрэгтэй байлаа ч эрх мэдэлд байгаа луйварчдад ашиггүй л бол хэзээ ч дэмжихгүй гаднаас авч дундаас нь хулгайлахаа урьдал болгоно .
зочин [59.153.86.103] 2025-06-25 12:24:15
монгол хүн мэдлэг мэргэжилтэй байх нь эрх мэдэлд байгаа луйварчид,авилгачид ,хулгайч нарт ашиггүй тэдний бусармаг үйлдлээ чөлөөтэй хийхэд саад болох тул харанхуй байлгах сонирхолтой .дээр нь залилагч завшигчид мухар сүсгээр улам боомилж байна ийм болохоор сургаар ханддаг мунхарсан олон нийт шинжлэх ухаанч байдалд хайнга хандаж өөрсдийгөө эрсдэлд оруулж улс оронд байнга нэрвээс болсоор байдаг .
Зочин [202.131.225.53] 2025-06-25 11:47:04
яг тйим харанхуй бүдүүлэг байлгах сонирхолтой юмуу хаашаен