Ван Дэян: Монголын нүүрс Хятадын хойд хэсгийн гэрлийг асаадаг

Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы тав дахь удаагийн Худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны форум" арга хэмжээ өнөөдөр болж МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар, БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад харилцаа, хөгжлийн асуудал хариуцсан газрын дэд дарга Ван Дөян, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны газрын дэд дарга Хү Инфэн нар нээлтийн үг хэлж, хоёр улсын зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцжээ.
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар "БНХАУ-аас 235.9 сая.ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон нь манай улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 5.6 хувийг эзэлж байна. Хоёр улсын нийт худалдааны эргэлт сүүлийн арван жилд 2.8 дахин өссөн үр дүнтэй байгаа нь цаашид эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх боломж байгааг бидэнд харуулж байна.
Хоёр улсын төр-хувийн хэвшлийн үр өгөөжтэй түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсөл, санаачилгыг танилцуулж харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх, бизнесийн шинэ түнштэй холбоо тогтоох үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-Монголын хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг дэмжих V удаагийн форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд инженерийн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмж, эрүүл мэнд, худалдааны цахим платформын үйл ажиллагаа, дуудлага худалдааны цахим платформ, төмөр замын логистикийн паркийн хамтын ажиллагаа зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар хоёр орны 8 аж ахуйн нэгж нийт 330 тэрбумын төгрөгийн / 665 сая юань/ үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгуулсан байна.
БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдааг хөгжүүлэх газрын дэд дарга Ван Дэян БНХАУ-ын ӨМӨЗО-Монголын хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг дэмжих V форумын нээлтэд хэлсэн үгэндээ, "Хамтын ажиллагаа бол ард түмний хүсэн хүлээдэг зүйл.
Монголын нүүрс Хятадын хойд хэсгийн гэрлийг асаадаг. 2024 онд Хятад улс Монголоос 82.92 сая тонн нүүрс импортолсон нь Хятадын нийт нүүрсний импортын бараг 1/6 хувийг эзэлж байна.
Бид Монгол Улстай эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний нөөцийн хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг идэвхтэй дэмжиж байна" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Хаана бэ [103.57.93.93] 2025-06-28 17:24:23
Энэ БНХАУ -д болж байгаа арга хэмжээ юу? Хаягийг нь харахад тийм бололтой. Арай Монголд болж байгаа арга хэмжээг ханзаар эхэлж бичиж байгаа биш байлгүй