С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?

Олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол философич С.Молор-Эрдэнэ. Тэрээр “Монголчууд анх удаа л философичтой учирч, түүнийг ойлгож чадахгүй байна” хэмээн ярьж, “Монголын цорын ганц философич нь би” гэх мэт мэдэгдлүүдийг үе үе хийдэг. Харин энэ нь үнэхээр үнэн үү, эсвэл тун сайн боловсруулсан имиж, анхаарал татах хандлага уу гэдэг асуулт олон нийтийн дунд үүсээд байна.
Философийн түүх Монголд өчигдрөөс эхлээгүй
Монголын орчин цагийн философи 20-р зууны дунд үеэс системтэй хөгжиж ирсэн. Энэ салбарт ажиллаж, докторын зэрэг хамгаалсан, ном бүтээл туурвисан эрдэмтдийн бүтээл өнөөг хүртэл сургууль, их дээд сургууль, академийн түвшинд хэрэглэгдэж байна. Жишээлбэл, академич Б.Ширэндэв, С.Дулам, Б.Чимид, Д.Чулуунжав нарын эрдэмтэд Монголын гүн ухааны суурийг тавьж, философи, ёс зүй, логик, танин мэдэхүйн олон бүтээл үлдээжээ.
Түүнчлэн өнөөдөр ч гүн ухааны чиглэлээр судалгаа хийж, багшилж буй олон эрдэмтэн, судлаачид байгаа нь философийн салбарын амьд, тасралтгүй хөгжлийг харуулж буй юм.
С.Молор-Эрдэнийг философийг “олны дунд авчирсан” хүн гэж тодорхойлох нь зүйтэй. Түүний илэрхийлэл энгийн, шулуун, заримдаа хурц бөгөөд сэтгэл хөдөлгөм. Өмнө нь философийн хичээл зөвхөн лекц танхимд, номын хуудаснаас уншигдаж ирсэн бол түүний яриа, контентууд гудамжинд, сошиал платформууд дээр тархаж, “философич гэж хэн бэ?” гэсэн асуултыг олон хүнд тавиулж чадсан.
Гэвч түүний өөрийгөө “анхны” эсвэл “цорын ганц” хэмээн тодотгох нь шүүмжлэл дагуулахаас гадна энэ салбарт хөдөлмөрлөж ирсэн бусад эрдэмтдийг үл тоомсорлосон хандлага мэт харагдах нь бий.
“Философич” хэмээх нэр цол нь зөвхөн диплом эсвэл алдартай яриа, нэвтрүүлгээр биш, олон жилийн судалгаа, онолын бүтээл, шүүмжлэлт сэтгэлгээ, эрдмийн үнэлгээгээр тогтоогддог. С.Молор-Эрдэнийн философийн боловсрол, судалгаа, байр суурь маргаан дагуулдаг ч, түүнийг бүрэн үгүйсгэх үндэс ч байхгүй. Гэвч түүний “ганц”-аар бүхэл бүтэн шинжлэх ухааны салбарыг төлөөлүүлэн харах нь хэт өрөөсгөл юм.
С.Молор-Эрдэнэ бол философийг олон нийтэд хандуулсан сонирхолтой үзэгдэл. Тэрээр философийн “амьдралын талаар гүн бодох” сэдлийг олон хүнд төрүүлж чадсан. Гэхдээ энэ нь философийн салбарын бүхий л үнэ цэнийг ганцхан өөртөө авах гэсэн оролдлого биш байгаасай. Өөрөөр хэлбэл С.Молор-Эрдэнийн хэлсэн шиг Монголчууд философичтой анх удаа “таарч” байгаа биш, харин Монголд философич өөрийгөө анх удаа дөвийлгөж, олны анхаарлын төвд оруулж чадсан тохиолдол магадгүй түүнийх байж болох юм.
Н.ОТГОНЧИМЭГ
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.89] 2025-06-30 16:29:26
Энэ мэдрэл муутай лалар амныхааа зоргооорл хуцах юм бөх шашин чигис монголгэж байхгүйч гэх шахууу шархад нд шилжүүлүүл таарна