Орхон аймаг хэрэгцээт улаанбуудайн 100, төмсний 50, хүнсний ногооны 80 хувийг хангах ургац хураана

Aдмин / Нүүр

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.

Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани сүүлийн 17 жилд нэг га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд нэг га-аас 35-45 цн ургац хурааж байна. Тус компани “Атрын -4” аяны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ. Улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.

Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ. Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тонн тосны ургамал хураан авахаар төлөвлөжээ. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцсон байна.

Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерэгээр нөлөөлжээ. Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.