Цэргийн шинжээч: Украинд энх тайван тогтоох бүх санал, санаачилга Оросын байнгын заналхийлэл дор байна

Aдмин / Гадаад мэдээ

ХБНГУ-ын “DW” телевиз Австрийн цэргийн шинжээч Маркус Райснертэй америкчууд Украин дахь энхийн хэлэлцээний үеэр яагаад Оросын байр суурийг дагаж байгаа болон фронтын нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа талаар ярилцжээ.

DW: Ноён Райснер, фронтын нөхцөл байдал одоо ямар байна вэ?

Маркус Райснер: Стратегийн түвшинд авч үзвэл, Оросын Украиныг чиглэсэн агаарын довтолгоо буураагүй хэвээр байна. Би үүнийг фронтын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна, учир нь эдгээр довтолгоо Украины дотоодын бүс рүү чиглэгдсэн.

Одоогоор 11 дүгээр сараас хойш зургаа дахь удаагийн томоохон агаарын довтолгоо боллоо. Сүүлийн довтолгоонууд Одесса хотод хийгдсэн бөгөөд чухал эрчим хүчний байгууламжуудыг устгасан. Мөн Хар тэнгисийн бүсийн чухал гүүрийг устгахыг оролдсон (Заток дахь төмөр замын гүүрний эсрэг талд өгсөн цохилт).

Оператив түвшинд фронтыг хойд, дунд, өмнөд хэсгүүдэд ялгах шаардлагатай. Онцлог нь, Украина Купянск орчимд довтолгоо хийсэн явдал юм. Энэ довтолгоог Берлиний одоогийн энхийн хэлэлцээтэй холбон авч үзэх нь чухал. Учир нь Украин ингэснээр “Бидэнд өргөтгөсөн бүс нутгийн хэмжээнд санаачилгыг эргүүлэх боломж бий. Бидэнд итгэж болно. Бид аль хэдийнэ ялагдсан гэсэн Оросын мэдэгдэлд битгий итгээрэй” гэж харуулахыг хүсэж байна.

Одоо энэ довтолгоо хэрхэн төгсөхийг хүлээх хэрэгтэй. Оросын цэргүүд Купянскийн хойд хэсэгт байрлаж, батлан хамгаалжээ. Украин цэргүүд хэсэгчлэн Оскол голыг гаталсан тул Оросын цэргүүд дарамтад орсон. Гэхдээ Украины цэргүүд чухал хангалтын замыг Купянскын орчимд таслаж чадах эсэхийг харах хэрэгтэй.

Украины цэргүүд бусад фронтын чиглэлд ч хүндрэлтэй тулгарч байна, ялангуяа: Северск, Мирноград, мөн Доброполье ба Гуляйполе. Северск нь маш чухал хот бөгөөд фронтын дунд хэсгийн хойд болон өмнөд хэсгүүдийг холбож байдаг. Сүүлийн хэдэн сард Оросын цэргүүд Кремений ойг эзэлсэн бөгөөд ингэснээр Северск руу довтлох боломжтой болж, Украин цэргүүдийг хотыг орхиход хүргэсэн.

Мирноград нь Покровскын зүүн талд байрладаг. Бид Оросын тал хотын хойд хэсэгт хүчээ төвлөрүүлж, тэндээс довтолгоогоо үргэлжлүүлэхийг оролдож байгааг харж байна. Украин цэргүүд дрон ашиглан Оросын зарим колоннуудыг устгаж чадсан.

Гэсэн хэдий ч Мирноград руу тэжээлийг дамжуулж байсан нарийн “хоолой” тодорхой хэмжээгээр таслагдсан. Үүний улмаас хэдэн зуун украин цэрэг Мирноградад орчинд “бүслэлт”-д орсон.

Оросын цэргүүд шууд довтолгоо хийж байгаагүй, гэхдээ төлөвлөсний дагуу бөмбөгөөр байшинг нэг нэгээр нь устгаж байна. Хотод байгаа зарим украин цэргүүд аврагдаж магадгүй ч зарим нь барилгын нурангид дарагдаж, амь насаа алдах эрсдэлтэй. Энэ нь ирэх өдрүүдэд Мирноград дахь нөхцөл байдал хүнд хэвээр байхыг илтгэж байна.

Одоо Покровскаас өмнөд, Запорожья чиглэл рүү шилжье. Энд сүүлийн хоёр долоо хоногт Оросын цэргүүд фронтын өргөн хэсэгт, Гуляйполе (өмнөд) ба Доброполье (хойд) хооронд 10–15 км гүнзгийрүүлэн ахиц гаргаж чадсан байна.

Энэ ахиц цааш үргэлжлэн, өмнөд бүсийн бүх фронтын хэсгийг хамрах эрсдэлтэй. Украины тал үүнийг зогсоохын тулд нөөц хүчээ ашиглаж байгаа боловч нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн өдрүүдэд Оросын цэргүүд нэг суурингаас нөгөөг эзэлж байна; жишээлбэл, саяхан Варваровка хотыг авсан.

-Берлиний хэлэлцээний үеэр Украинд Европын аюулгүй байдлын хүчийг байрлуулах боломжийн талаар та юу гэж бодож байна вэ?

-Мартаж болохгүй зүйл гэвэл, Украин Европын түншүүдтэй хэлэлцээгээ Америкийн санал санаачилгатай уялдуулан явуулж байгаа юм. Энэ бүх процесс Оросын хяналт ажиглалт дор явагдаж байгаа бөгөөд Орос шууд оролцоогүй байна. Гэхдээ Европын орнуудтай хэлэлцэж шийдвэрлэж байгаа бүх зүйл дээр Орос юу хэлэх нь “Дамоклын сэлэм” шиг аюул нүүрлүүлж байна.

Энд ялангуяа хоёр асуудал голчлон яригдаж байна. Нэгд, газар нутгаа өгөх эсэх асуудал. Украин энэ тал дээр "хөдлөхгүй" гэж байгаа ч Орос үүнийг хүсэж байна. Энэ хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аюулгүй байдлыг хангах цэргүүдийг байрлуулах гэх мэт янз бүрийн хувилбаруудыг авч үзэж байна.

Хоёрдугаарт, аюулгүй байдлын баталгаа. Энэ тал дээр АНУ Украинд НАТО-д элсэхгүй байсан ч гэсэн НАТО-ын гэрээний 5 дугаар зүйл шиг бат бөх аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байгаа нь ойлгомжтой.

Сүүлийн өдрүүдэд Украин, түүний Европын холбоотнууд болон АНУ-ын хооронд тохиролцоонд хүрсэн нь харагдаж байна, одоо зөвхөн газар нутгийн асуудал үлдэж байна. Энэ тохиолдолд бид Оросын бодлыг эргэн харна.

Миний хувьд, Орос өөрсдийгөө ялсан гэж үзэж, ямар ч буулт хийхэд бэлэн бус гэж бодож байна. Ялангуяа Донбассын тухайд Орос түүнийг бүрэн эзлэх үү гэдэг асуудал. Одоогоор тэд үүнд тууштай байгаа бөгөөд Путин “Бид үүнийг бүрэн авах хүртэл дайнд оролцоно” гэж хэлсэн.

Нэг асуудал нь Донбасс болон Украинд гадаад цэргийн хүч байршуулах тухай. Оросын байр суурь бүх гадаад цэргийн хүчнийг дайсан гэж үзэж, тэдэнтэй тэмцэнэ гэсэн байна. Тиймээс одоогийн энэхүү эйфори буюу хөөрөлтийг бага зэрэг намжаах хэрэгтэй.

Европчууд болон украинчууд юу гэж зохион байгуулсан ч шийдвэрлэх гол асуудал нь Орос яаж хариу үйлдэл үзүүлэх, АНУ юу хийх вэ гэдэгт байна. Одоогоор АНУ-ын тал Оросын наративыг дагах хандлагатай харагдаж байна, учир нь тэд зүгээр л энэ дайныг хурдан дуусгахыг хүсч байгаа юм.

Миний хувьд, АНУ-ын өнөөгийн хэлэлцээний багийг харгалзан үзэхэд, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай илч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер гэх мэт эдгээр хүмүүс мэргэжлийн дипломатууд биш, харин бизнесменүүд гэдгийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Тэднийг бизнесмен Трамп илгээсэн гэж ойлгож болно. Миний үзэж байгаагаар, Оросууд америкчуудыг татахын тулд ашиг орлогоороо "өгөөш" өгөхийг хүсч байна: зөвхөн Украинд төдийгүй Хойд туйлын бүсэд байгалийн нөөцийг ашиглах боломжоор.

Америкчуудыг Украинд дэмжлэг үзүүлэхгүй бол томоохон ашиг орлого олж магадгүй гэдэгт “шунан дурлаж” байгаагаар нь татах гэсэн бодлого юм. Энэ асуудлыг байнга хэлэлцэж, ийм зүйл болох магадлалтай гэж үзэж байна.

-Өнөөдрийн нөхцөл байдал болон Минскийн хэлэлцээний үетэй харьцуулахад, фронтын өнөөгийн шугамаар тулалдааны ажиллагааг зогсоох нь хэр үр дүнтэй байх вэ?

-Миний хувьд гайхалтай санагдаж байгаа зүйл гэвэл америкчууд ийм хурдан хугацаанд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн болсон явдал. Магадгүй тэд “Энэ огт чухал биш, зөвхөн нэг цаас гарын үсэг зураад л боллоо, хэрэгжүүлэх шаардлагагүй” гэж бодож байж магадгүй.

Гол нь дайныг хурдан дуусгаж, ашиг орлогоо олох явдал гэж ойлгож болохоор байна. Учир нь, Минскийн өмнөх хэлэлцээ, Будапештийн меморандум зэрэгт бичгээр баталгаа өгч байсан ч Орос огт хамаагүй байсан. Мөн Украины аюулгүй байдлын баталгааны үүрэг гүйцэтгэх бусад улсууд Украинд үнэхээр дэмжлэг үзүүлээгүй. Тиймээс энэ тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд АНУ-аас олгох баталгаа үнэхээр бат бөх эсэхийг анхаарах хэрэгтэй.

-Олон хүн асуудаг, Украинд ямар аюулгүй байдлын хүч байршиж болох вэ, ямар улс тийш цэргээ илгээх вэ гэж?

-Европын хүчний оролцоо тухайн улс тус бүрийн шийдвэрээс хамаарна. Миний үзэж байгаагаар, энэ асуудал одоо эрчимтэй хэлэлцэгдэж байгаа ч өнгөрсөн хэдэн сар, жилүүдэд хэлэлцсэн зүйлсийг мартаж болохгүй.

Оросууд гадаад цэргийн хүч Украиныг оролдохыг тэсвэрлэхгүй, тэдэнтэй тэмцэнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Сүүлийн үед Францын санаачилга, Украинд аюулгүй бүс байгуулах санал зэрэг хэд хэдэн санаачилга гарсан ч энэ асуултад бүрэн хариу өгөөгүй хэвээр байна.

Европчууд байнга АНУ-ын байр суурийг ажиглаж, тэдний бат бөх баталгааны ачаар олон улсын хүч оролцоход хүрэхгүй байхыг найдаж ирсэн. Энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй. Тиймээс хэрвээ Украинд бусад улсын цэргүүд байршина гэж үзвэл, тэд Оросын халдлагад өртсөн тохиолдолд бат бөх дэмжлэг авах баталгаа хэрэгтэй. Үгүй бол ямар ч улс өөрийн хүчийг тийш илгээхгүй.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.