Чуулган: Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч Ё.Баатарбилэг, М.Билэгт гишүүний саналаар түр хойшлууллаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм. Түүнчлэн уг хуулийн “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт энэ сарын 01-нд дууссан юм. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү заалтын үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг дахин 5 жил сунгахаар хуулийн төсөлд тусгажээ.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Билэгт гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гадаад томилолттой байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм.
Ингээд тэдний гаргасан горимын саналыг дэмжих эсэхээо санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжлээ. Одоо чуулганаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Сэтгэгдэл